Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн Аса Аренад энэ сарын 5-9-ний өдрүүдэд болох ба тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 12:00 цагаас эхэлж, 13:30 цагаас эхний тоглолт болно. Өнөөдөр манай улсын шигшээ баг 19:30 цагаас Хонконгийн шигшээ багийн эсрэг эхний тоглолтоо хийх хувиартай байна.
УИХ-ын даргын ивээл дор болж буй тус тэмцээнд Азийн төдийгүй дэлхийн волейболын хүчирхэг төлөөлөл болсон БНХАУ, Япон, БНСУ тэргүүтэй бүс нутгийн өндөр чансаатай үндэсний шигшээ багууд болон Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн шигшээ багууд Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөнө.
Анх 1998 онд зохиогдож байсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь бүс нутгийн хамгийн өндөр өрсөлдөөнтэй тэмцээний нэг бөгөөд манай улсад 2000, 2008, 2015, 2017 онуудад зохиогдож байсан.
Энэ тэмцээнээс манай эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байв. Харин эрэгтэй баг хоёр удаа буюу 2015, 2017 онуудад дөрөвдүгээр байр эзэлсэн юм.
Энэ удаагийн бүрэлдэхүүний онцлог нь гадаадын мэргэжлийн лигүүдэд амжилттай тоглож буй Монголын шилдэг тамирчид болох Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан нар Үндэсний шигшээ багтаа эргэн нэгдэж буй явдал юм.