2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан АНУ-ын хэд хэдэн хот FIFA-аас амласан олон сая ам.долларын санхүүжилт өнөөг хүртэл олгогдоогүй гэж мэдэгдэж, төлбөрөө нэхэмжилж эхэлжээ.
FIFA-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино өнгөрсөн онд болсон Клубүүдийн дэлхийн аваргын үеэр тэмцээн зохион байгуулсан хот бүрт нэг сая ам.долларын “өв сангийн хөрөнгө оруулалт” олгоно гэж мэдэгдсэн юм. Энэхүү хөрөнгийг хөлбөмбөгийг хөгжүүлэх, мини талбай байгуулах болон орон нутгийн спортын төслүүдэд зарцуулахаар төлөвлөсөн.
Үүний дараа АНУ-д ДАШТ зохион байгуулсан 11 хотын төлөөлөгчид ижил хэмжээний санхүүжилт авах эсэхийг FIFA-аас тодруулахад албаныхан удаа дараа хөрөнгө олгоно гэдгээ мэдэгдсэн ч тэмцээн өндөрлөснөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч хотод мөнгө шилжүүлээгүй байна.
Санхүүжилтээ хүлээж буй хотуудад Атланта, Бостон, Даллас, Хьюстон, Канзас-Сити, Лос-Анжелес, Майами, Нью-Йорк–Нью-Жерси, Филадельфи, Сан-Франциско, Сиэтл багтаж байгаа аж.
Тэмцээнийг зохион байгуулахын тулд эдгээр хотууд дэд бүтэц, аюулгүй байдал, нийтийн үйлчилгээний чиглэлд их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна. Тухайлбал, Канзас-Сити хотын төсвөөс л гэхэд ойролцоогоор 87 сая ам.доллар гаргажээ.