Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ.
Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч нар, ҮБХИС-ийн багш, эрдэмтэн судлаач, сонсогчдын төлөөлөл оролцлоо.
Олон улс судлалын хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээлэл, зөвлөмж боловсруулах үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээний томоохон байгууллага болон хөгжиж, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бодит хувь нэмэр оруулах судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, бодлогын зөвлөмжүүдийг боловсруулан гаргах юм.
Тус хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны судалгааны хөгжилд шинэ хуудсыг нээнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.