Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Б.Найдалаа: Эрчим хүчний дутагдалтай 22 суманд нарны цахилгаан станц байгуулна

Б.Найдалаа: Эрчим хүчний дутагдалтай 22 суманд нарны цахилгаан станц байгуулна
Нийтэлсэн 2026 оны 7 сарын 8
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрчим хүчний салбартай холбоотой чухал шийдвэр гарсан талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээллээ. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг орон даяар өргөжүүлэх шийдвэр гаргаж, нарны батерей хураагууртай цахилгаан станцын шинэ сонгон шалгаруулалтуудыг зарлахаар болсон байна. Мөн эрчим хүчний дутагдалтай 22 сумыг найдвартай цахилгаанаар хангах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Таван аймгийн нутагт сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулсан. Нийтдээ 220 МВт хүчин чадалтай, батерей хураагууртай нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил долдугаар сарын 1-ээс эхэлсэн.
Энэхүү туршлага, загварыг өргөжүүлээд дараагийн шатны сонгон шалгаруулалтыг зарлах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Тухайлбал, баруун бүсийн гурван байршил болох Баян-Өлгий, Увс, Баянхонгор аймагт батерей хураагууртай нарны цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлана. Мөн зүүн бүсийн Дорнод аймаг болон Сүхбаатар аймагт энэхүү сонгон шалгаруулалтыг зарлана. Цаашлаад говийн бүсийн Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сум, Дорноговь аймгийн Мандах суманд цахилгааны дэд станцад холбох нөхцөлтэй бүтээн байгуулалт хийнэ. Дундговь аймгийн Сайнцагаан суманд 100 МВт-ын салхины цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлах болно.
Одоо зарлагдсан цахилгаан станцууд шууд ашиглалтад орохгүй. Гэхдээ аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахыг төлөвлөсөн байгаа.
Манай улсын 330 сумын 134 нь хүчдэлийн дутагдалтай, эрчим хүч, цахилгааны чанар хангалтгүй байдаг. Эдгээр сумын нэн тэргүүнд чанартай эрчим хүч шаардлагатай байгаа 22 суманд батерей хураагууртай нарны цахилгаан станц байгуулна. Зарим сумд холбогдож болох байршлыг оновчтой тодорхойлсны эцэст нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Ингэснээр хүчдэлийн дутагдал гардаг, гэрэл нь улаасдаг зарим сумын асуудал шийдэгдэнэ. Эрчим хүчний хараат бус байдлыг хангах чухал эх үүсвэр болох нь ойлгомжтой.
Өнгөрсөн хэдэн хоногт ОХУ-ын талаас цахилгааны гэмтэл гарч, баруун бүсийн гурван аймгийн цахилгаан 11 цаг тасарсан. Баруун бүсийн аймгуудын эрчим хүчний 80 хувийг импортоор авдаг. Цаашдаа Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц бүрэн ашиглалтад орвол Баян-Өлгий, Увс, Баянхонгор аймгийн эрчим хүч бүрэн хараат бус болно.
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр 8-10 хувь нэмэгддэг. Энэ жилийн өвлийн оргил ачааллын үеэр эрчим хүчний хэрэглээ 1956 МВт болно гэсэн тооцоо гарсан. Одоогийн суурилсан хүчин чадлаар эрчим хүчний дутагдалд орно. Засвар үйлчилгээ, хэрэглээгээ оновчтой шийдэх тал дээр иж бүрэн, цогц арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Эгийн голын усан цахилгаан станц манай эрчим хүчний салбарт онцгой чухал төсөл. Одоогоор олон улсын байгууллага байгаль орчны үнэлгээ хийж байгаа бөгөөд энэ оны сүүлээр хариу нь гарна" гэлээ.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн