Португалын шигшээ баг 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д Испанид 1:0-ээр хожигдсоноор Криштиану Роналдогийн дэлхийн аварга болох замнал дуусаж байна.
Тоглолтын турш хоёр баг ширүүн өрсөлдөж, Португалын хаалгач Диогу Кошта хэд хэдэн довтолгоог хаасан ч нэмэлт цагийн эхний минутад Испанийн сэлгээний тоглогч Микель Мерино гоол оруулж, багаа шөвгийн наймд хөтөллөө.
Эцсийн шүгэл дуугарахад 41 настай Роналдо нулимсаа барин талбайг орхисон ба түүний зургаа дахь буюу сүүлчийн дэлхийн аварга нь энэхүү тоглолтоор дууслаа.
1985 оны хоёрдугаар сарын 5-нд Португалын Мадейра арлын Фуншал хотод төрсөн Криштиану Роналдо душ Сантуш Авейру багаасаа хөлбөмбөгийн ертөнцөд өөрийн авьяасыг харуулжээ. Тэрээр 12 настайдаа төрөлх нутгаа орхин Лиссабонд байрлах Спортинг клубын академид элсэж, мэргэжлийн замналынхаа эхлэлийг тавьсан юм.
2003 онд Английн Манчестер Юнайтед клубт нэгдсэнээр Роналдо дэлхийн хэмжээний од болон гялалзаж эхэлсэн. Дараа нь Испанийн Реал Мадрид багийн түүхэн дэх бүх цагийн мэргэн бууч болж, дөрвөн удаа Аваргуудын лигийн түрүү хүртсэн бол Италийн Ювентус, дараа нь дахин Манчестер Юнайтед, улмаар Саудын Арабын Аль-Наср клубт тоглон карьераа үргэлжлүүлсэн.
Түүний замнал таван удаагийн “Алтан бөмбөг” шагнал, Аваргуудын лигийн аварга, Европын аварга, Үндэстнүүдийн лигийн аварга зэрэг тоолж баршгүй амжилтаар дүүрэн. Мөн тэрээр эрэгтэй хөлбөмбөгийн олон улсын тэмцээнүүдийн түүхэн дэх хамгийн олон гоолтой тоглогч бөгөөд Португалын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч, хамгийн олон тоглолтод оролцсон хөлбөмбөгчин юм.
Роналдо 2006 онд анхны дэлхийн аваргадаа оролцсоноос хойш зургаан ДАШТ-д дараалан тоглож, дэлхийн аваргын таван өөр тэмцээнд гоол оруулсан анхны тоглогч ба нийт 27 тоглолтод 11 гоол оруулжээ. Гэсэн ч түүний хамгийн том мөрөөдөл болох ДАШТ-ий "Алтан дагина" өргөх хүсэл энэ удаад ч биелсэнгүй.
Хэдийгээр дэлхийн аваргын ногоон зүлгээс бууж байгаа ч Криштиану Роналдогийн нэр хөлбөмбөгийн түүхэнд мөнхөд үлдэх нь гарцаагүй. Хөдөлмөрч, сахилга бат, ялалтын төлөөх тэмүүллээрээ тэр зөвхөн Португалын төдийгүй дэлхийн сая, сая хүүхэд, залуусын үлгэр дуурайл болсон нэгэн үеийн хамгийн агуу хөлбөмбөгчдийн нэг билээ.
Криштиану Роналду дэлхийн аваргын тэмцээнд нийт зургаан удаа оролцсон хөлбөмбөгчний нэг болсон юм.
Түүний оролцсон ДАШТ-үүд:
Герман 2006 – Хагас шигшээд хүрч, дөрөвдүгээр байр
Өмнөд Африк 2010 – Шөвгийн 16
Бразил 2014 – Хэсгийн шат
Катар 2022 – Шөвгийн найм
АНУ, Мексик, Канад 2026 – Шөвгийн 16-д Испанид хожигдон тэмцээнээ өндөрлүүлэв. Энэ нь Роналдугийн сүүлчийн ДАШТ хэмээн өөрөө албан ёсоор мэдэгдээд байсан билээ.