Н.Учралын Засгийн газар байгуулагдаад өнөөдөр 100 хонож байна. Өнөөдөр "100 чөлөөлөлт, 100 өдөр" хэлэлцүүлэг зохион байгуулж, 100 хоногт хийсэн ажлуудаа Ерөнхий сайд Н.Учрал тайлагналаа.
Тэрээр “Хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгыг баталсан. Үүнийг хэрэгжүүлэх 100 арга хэмжээний төлөвлөгөө гаргасан. “Чөлөөлье” үндэсний санаачилгыг дэвшүүлэхдээ дөрвөн чиглэлд анхаарсан.
Эдийн засгийн эрх зүйн чөлөөлөлт буюу төрөөс хувийн хэвшил рүү шилжих эрх зүйн болон дүрэм журмын шинэчлэл
Ногоон хөгжлийн чөлөөлтийг бий болгох үүднээс эдийн засгаа төрөлжүүлэх, түлш, шатахууны хамаарлаас гарах зорилтыг дэвшүүлж байна.
Хууль эрх зүйн чөлөөлөлт. Хуулийн давхардал, хийдлийг арилга
Авлигын эсрэг чөлөөлөлт буюу цахимжилтыг ашиглаж авлигын чөлөөлтийг хийнэ
Бид дэлхийд өрсөлдөх чадвараараа 79 орноос 69-д явж байна. Инфляц 11.2 хувьд хүрсэн. Хэдийгээр экспорт өсөж, гадаад худалдаа нэмэгддэг ч өрхийн амьжиргаа руу очдоггүй нь төрийн эдийн засаг дахь оролцооноос болж байгаа. Төсөв, төрийн өмчит компани нийлээд эдийн засгийн 61 хувийг эзэлж байгаа. Энэ нь төсөв, төрийн өмчит компанитай холбоотой ямар нэгэн бизнес эрхлэхгүй бол хувийн хэвшил бие даан хөгжил боломжгүй болгож байна. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг гэж ярьдаг ч бодитой үйлдэл хийж чадаагүй. Тиймээс ч төрийн оролцоо эдийн засгийн 61 хувийг бүрдүүлж байна. Тиймээс төрийн оролцоог бодитоор бууруулах, орох шаардлагатай бизнесийг хуулиар зааглахаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Мөн энэ 100 хоногийн хугацаанд манай Засгийн газар татварын шинэчлэлийг хийж чадлаа. Энэ 100 өдөр бүтээлч хариуцлагатай, дуусдаггүй олон яриаг дуусгасан 100 өдөр байлаа.
100 хоногт 100 чөлөөлөлтийг хийжээ. Дараагийн 100 өдөр бол гараан дээрээ эхлүүлсэн үр дүнгээ хэмжих 100 өдөр байх болно.
Хаагдсан данснуудыг нээсэн.
Татвар, нийгмийн даатгалын өртэй 12153 компанийн дансыг нээх шийдвэр гаргасан. 21 хоногийн хугацаанд 42 тэрбум төгрөгийн өрийг компаниуд төлсөн. Сард 93.2 тэрбум төгрөгийг төлсөн. Төр иргэд, аж ахуйн нэгждээ итгэвэл ямар үр дүн гарч болохыг үүнээс харж чадна.
Эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэйгөөс бусад 9376 хяналт шалгалтыг цуцалсан.
Зөвшөөрлийг чөлөөлсөн. Үүний үр дүнд 739 иргэн, аж ахуйн нэгж бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Онцгой байдал, галын дүгнэлтээ богино хугацаанд авдаг болсон. 321 зөвшөөрлийг цахимаар олгож байна. Ингэснээр улсын бүртгэлийн бүртгэгчийг танхи шаардлагагүй болсон. 30 минутын дотор компани байгуулах боломж бүрдсэн.
Эм эмнэлгийн хэрэгслийн үндэсний олон улсын стандартад лавлагаа лабортори нээлээ. Эмийн сангийн эмийг аваад чанарын шаардлага хангаж, байгаа эсэхийг шинжилдэг болсон. Одоогийн байдлаар 263 эмийг хөнгөлттэй эмийн жагсаалтаас хасаж байгаа. Удахгүй эмийн шинжилгээний үр дүнг танилцуулна.
“Эрдэнэс Тавантолгой” компанид олон улсын аудит оруулсан. Нээлттэй компани болгох ажлыг эхлүүлсэн. Нас барсан 135780 иргэний хувьцааг ар гэрт нь өвлөгдөх боломжийг бүрдүүлсэн. Олон улсын санхүүгийн аудит ороод дууссаны дараа нээлттэй компани болгоно.
Төрийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг батлуулсан.
Төрийн өмчит компаниуд мэргэжлийн ТУЗ, гүйцэтгэх засаглалтай байх боломжийг хуулиар хийж өгсөн. 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ хууль хэрэгжихэд төрийн өмчит компаниудын ТУЗ, гүйцэтгэх захирлууд бүгд чөлөөлөгдөнө. Хүний өөрийн гэлтгүй улстөрчид төрийн өмчийн компаниас савраа татах хэрэгтэй. Чадалтай мэдлэгтэй, боловсролтой залуучууд төрийн өмчийн компаниудыг удирдах ёстой. Хууль хэрэгжсэнээр манай улсад ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниуд, нийтийн үйлчилгээний компаниуд л үлдэнэ. Орон нутгийн өмчит компани байгуулах бол заавал УИХ-аас зөвшөөрөл авдаг байх хуулийг баталж чадсан.
“Эрдэнэс Монгол” компанийг татан буулгаж, баялаг удирддаг, иргэний хуримтлалын сангийн хөрөнгийг удирдах үндсэн зорилго руу нь шилжүүлж “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгосон. Ингээд 14 охин компанийг нь татан буулгаж 260 орон тоог цомхотгож, 67.3 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Цаашдаа “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн 34 хувь иргэдийн хуримтлалын санг нэмэгдүүлэх, 66 хувь нь аж үйлдвэрийг дэмжсэн төслүүдэд санхүүжилт хийж ажиллана. Ингээд бид төрийн өмчит компаниудын хувьцааг багцалж олон улсад хөрөнгө босгох ажлын бэлтгэлийг хангаж байна.
Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх, ногдол ашиг авах хэлэлцээрийг хийсэн. Менежментийн зардлыг 8 их наядаар бууруулж Монголын талын өгөөжийг 5 их наядаар нэмлээ. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж хүүд төлөх байсан 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа. Зээлийн хүүг бууруулах асуудлыг ярилцах хугацааг 3 жил болгосон. Бид нийт 30 их наяд төгрөг буюу бараг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг хэмнэлээ. Намрын чуулганаар ногдол ашгийн тодорхой хэлэлцээрүүдийг хийж УИХ-д танилцуулна. Энэ хэлцлийг хийхэд оролцсон олон төрийн албан хаагчдаа талархал илэрхийлье.
Манай Засгийн газар нэгд, мэдлэгийг үнэлдэг эдийн засагтай болохыг зорьж байгаа. Аж үйлдвэржсэн эдийн засагтай болохын тулд шинэ тутам юм санаачлахгүй, дуусдаггүй олон ажлыг дуусгахыг зорьж байгаа. Зэс боловсруулах цогцолборын бүтээн байгуулалтыг хийх компанийг шалгаруулж, хэлэлцээрийг эхлүүлсэн. Мөн ган үйлдвэрлэлийн цогцолборыг эхлүүлсэн. 2030 он гэхэд дотоодын хэрэгцээний 70 хувийг хангаж гангийн цогцолбортой болно. 1700-1900 шинэ ажлын байр бий болгоно.
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ сэтгүүлч, иргэдийн асуултад хариулж байна.
Н.Учралын Засгийн газрын 100 хоногт хийсэн ажилтай танилцахыг хүсвэл энд дарна уу.