Open iToim app
Спорт | 2 мин уншина

Улсын арслан Э.Батмагнай түрүүлбэл Даян аварга, үзүүрлэвэл Улсын аварга болно

Улсын арслан Э.Батмагнай түрүүлбэл Даян аварга, үзүүрлэвэл Улсын аварга болно
Нийтэлсэн 2026 оны 7 сарын 7
Энэ жил Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдах ба долдугаар сарын 10-ны өдөр 11-17 цагийн хооронд нэгийн давааны барилдаан болно. Харин долдугаар сарын 11-ний өдөр хоёр, гурвын даваа, 12-ны өдөр дөрвөөс хойших давааны барилдаанууд болно. Мөн эхний өдрийн барилдааныг үзэгч олонд үнэгүй үзүүлэх шийдвэр гарсан.
Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож байна.
Улсын баяр наадамд 512 бөх барилдсан тохиолдолд заавал хоёр удаа түрүүлж байж, эхний түрүүнд Арслан, хоёр дахь түрүүнд Аварга цолонд хүрдэг бол 1024 бөх барилдахад түрүүлсэн бөх Улсын арслан цолыг алгасаж начин, харцага, заан, гарди цолноос шууд Аварга болдог.
Тухайлбал 1024 бөх барилдсан наадамд:
2006 онд улсын гарди цолтой Д.Сумъяабазар 10 даван түрүүлж Улсын аварга
2011 онд улсын харцага цолтой С.Мөнхбат 10 даван түрүүлж Улсын аварга
2016 онд улсын заан цолтой Ч.Санжаадамба 10 даван түрүүлж Улсын аварга
2022 онд улсын харцага цолтой О.Хангай 10 даван түрүүлж Улсын аварга болж байсан.
Энэхүү тэгш ойн барилдаанаар 1024 бөх барилдаж шинэхэн аварга, даян аварга, дархан аваргууд төрөх боломжтой.
Тэгвэл энэ жилийн 1024 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлбэл Дархан аварга, үзүүрлэвэл Даян аварга, Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлбэл Даян аварга, үзүүрлэвэл Улсын арслан цолондоо чимэг нэмнэ, харин Улсын арслан Э.Батмагнай түрүүлбэл Даян аварга, үзүүрлэвэл Улсын аварга цолын болзол хангах юм.
Энэ зуны 1024 бөхийн барилдаанд Улсын арслангаас доош цолтой Улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын начин Д.Амаржаргал, аймгийн арслан М.Баяржавхлан, Д.Алтанцоож нарын хэн нэг нь 9 даван үзүүрлэвэл Улсын арслан болно.
Тэгш ойн 1024 бөхийн барилдаанд                              
  • Тав давсан бөхөд улсын начин,
  • Зургаа давсан бөхөд улсын харцага,
  • Долоо давсан бөхөд улсын заан,
  • Найм давсан бөхөд улсын гарьд,
  • Ес давсан бөхөд улсын арслан,
  • Улсын арслан цолтой бөх ес даван түрүүлбэл улсын аварга,
  • Улсын аварга цолтой бөх ес даван түрүүлбэл улсын даян аварга,
  • Даян аварга цолтой бөх ес даван түрүүлбэл дархан аварга,
  • Улсын арслан цолтой бөхөөс бага цолтой бөх 10 даван түрүүлсэн бол улсын аварга,
  • Ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх ес даван үзүүрлэсэн бол улсын аварга,
  • Ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх 10 даван түрүүлсэн бол даян аварга,
  • Улсын аварга цолтой бөх ес даван үзүүрлэсэн бол даян аварга,
  • Даян аварга цолтой бөх ес даван үзүүрлэхэд дархан аварга,
  • Улсын аварга цолтой бөх 10 даван түрүүлсэн бол дархан аварга болно.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн