Open iToim app
Нийслэл | 3 мин уншина

Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө

Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 7 сарын 6
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар өнөөдөр нийслэлийн зөвлөгөөнд оролцлоо. Зөвлөгөөн Төрийн ордонд болж, нийслэлийн анхан шатны нэгж дүүрэг, хороодын төлөөлөл мөн оролцов. Энэ үеэр “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэж, Засгийн газар болон нийслэлийн баримталж буй бодлогын чиглэлийг хэлэлцлээ.
undefined
“Чөлөөлье” үндэсний санаачилгаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тулгардаг төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, давхардсан дүрэм журам, шаардлагагүй зөвшөөрлийг багасгаж, төрийн үйлчилгээг илүү энгийн, шуурхай, цахим хэлбэрт шилжүүлж байгаа билээ. Тодруулбал, нийслэлээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой 80 гаруй төрлийн зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг зохион байгуулж байна. Зөвшөөрөл олгох шат дамжлагыг цөөлж, төрийн үйлчилгээний хурд, хүртээмжийг нэмэгдүүлсэн. Мөн төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж байгаа юм. 
undefined
Зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Нийслэлд хүн амьдарч байгаа газар бүрийг дэмжинэ. Баянхошуу, Гачуурт зэрэг гэр хорооллыг тусгай бүс болгоно. Гэр хороололд компани байгуулж, бизнес явуулж, ажлын байр бий болгож байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ” гэдгийг онцоллоо.
undefined
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Өнөөдрийн зөвлөгөөнөөр Засгийн газар болон нийслэлийн баримталж буй бодлогын чиглэлийг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны зарчмыг тодорхойлж байна. Иргэд асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулдаг, амьдралын чанарт нь бодит ахиц авчирдаг төрийг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн "Чөлөөлье" санаачилга энэ өөрчлөлтийн суурь үзэл санаа болж байна. Бид хөгжлөөс хойш татдаг хандлагууд, хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлөгдөх шаардлагатай. Бид төрийн хэт оролцоог бууруулж, хувийн хэвшлийн хөгжих орон зайг чөлөөлнө.
Нийслэлийн бодлогын үндсэн зорилго бол иргэдийн амьдралын чанарыг сайжруулах юм. Тиймээс хотын хөгжлийг зөвхөн барилга байгууламж, мега төслийн тоогоор хэмжихгүй, иргэдийн өдөр тутмын амьдралын чанар хэрхэн өөрчлөгдөж байгаагаар хэмжинэ. Иргэн ажилдаа илүү хурдан хүрдэг болсон уу, хүүхэд нь сургууль, цэцэрлэгтээ ойр болсон уу, төрийн үйлчилгээг стрессгүй авдаг болсон уу, амьдрах орчин нь аюулгүй, эрүүл болсон уу гэдэг бидний ажлын гол үнэлгээ байх ёстой. Бидний ажлын үр дүн нүдэнд харагдах ёстой. Энэ хүрээнд бид хот төлөвлөлтийн бодлогоо тодорхой болгоно. Хот байгуулалтын хөгжлийн дараагийн үе шат гэр хороолол, дагуул хотуудад өрнөнө. Хувийн хэвшил хотын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байна. Төр бизнесийн өрсөлдөгч бус хөгжлийн түнш байх нь зүйтэй. 
Бид төрийн үйлчилгээ бүрд процессын дахин инженерчлэл хийж, илүүдэл шат дамжлага, давхардсан үйл ажиллагааг арилгаж, цахим шийдлийг эрчимжүүлнэ. Төрийн албаны шинэчлэл иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ стрессдэхгүй байх жижиг алхмуудаас эхэлнэ. "Чөлөөлье" санаачилга нийслэлийн аж ахуй нэгж, иргэдэд эдийн засгийн боломж, эрх чөлөөг нээж, төрийн бүтээмжийг сайжруулж, хотын өрсөлдөх чадварыг сайжруулах бодит ажил болж хэрэгжиж байна. Иргэндээ ээлтэй, амьдралын чанарыг эрхэмлэсэн, залуусын хүсэл мөрөөдлийг дэмжсэн, хүүхэд бүрийн хөгжил, аюулгүй байдлыг баталгаажуулсан, бизнес эрхлэхэд таатай Улаанбаатарыг хамтдаа бүтээцгээе” гэж уриаллаа.
undefined

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн