Open iToim app
Улс төр | 3 мин уншина

УИХ-ын хаврын чуулганыг хаалаа

УИХ-ын хаврын чуулганыг хаалаа
Нийтэлсэн 2026 оны 7 сарын 3
УИХ-ын хаврын чуулганыг хаалаа. Хуульд 75 хоногоос доошгүй хоног хавар, намрын чуулганыг хуралдуулахаар заасан. Тэгвэл энэ удаагийн хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд нээж өнөөдөр хааж байна.
2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хагацаа нь талдаа орлоо. Энэ хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга 2, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 58-ыг хэлэлцэн баталлаа. Улсын Их Хурлын бүрэн эрх, сонгуульт хугацаа ид дундаа орсон энэ цаг үед өмнөх чуулгануудаас хамгийн олон буюу 79 хууль тогтоомж өргөн мэдүүлсний 43-ыг нь Улсын Их Хурлын гишүүд санаачилсан байна. Мөн өнгөрсөн 2 жилийн хугацаанд Улсын Их Хурал 341 хууль тогтоомж баталсан бол энэ хаврын чуулганаар 278 хууль тогтоомж хэлэлцэн баталжээ.
Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Татварын багц хууль, Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль, Эд, эс эрхтэн шилжүүлэх тухай анхдагч хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль гэх мэт хуулиудыг баталсан байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Улсын Их Хурлын гишүүд болон парламентад суудал бүхий улс төрийн намууд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, улс төржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож, нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гаргаж болохыг бодитой харуулсан чуулган боллоо гэж дүгнэж байна. Чуулганы хугацаанд бид “Нээлттэй Парламент”-ын шинэчлэлийг эхлүүллээ. Парламентын шинэчлэл нь зөвхөн дотоод зохион байгуулалтын асуудал бус, хууль тогтоомжийг хэлэлцэн батлахдаа иргэдийн оролцоотой, хяналттай гаргасан шийдвэр бүр нь амьдралд хэрэгждэг байхад оршино. Энэ чуулганаар гишүүдийн идэвх оролцоо сайжирч, Улсын Их Хурал илүү нээлттэй, иргэдээ сонсдог, иргэндээ ойр байх чухал алхмыг хийж чадсан. Миний бие Улсын Их Хурлын даргаар сонгогдсоноос хойших өнгөрсөн 90 өдрийн турш энэ танхим дахь гишүүн бүрээс ирц оролцоо, идэвх хариуцлагаа илүү сайжруулахыг сануулж ажиллалаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн, нийгмийн захиалга болсон хууль тогтоомжийн төслийг УИХ энэ хаврын чуулганаар цаг алдалгүй, шуурхай хэлэлцэн баталсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хууль тогтоол цаасан дээр үлддэг бус, амьдралд хэрэгждэг байх учиртай. Одоо гагцхүү Засгийн газар хуулийн хэрэгжилтэд анхаарч, нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үр дүн гаргаж, хурдтай ажиллахыг онцлон сануулъя. Болзошгүй эрсдэл хүндрэлийг урьтаж мэдэх, тосож бэлдэх, тэсэж давах, тодорхой стратеги төлөвлөгөөтэй байхыг гадаад орчин, эдийн засгийн нөхцөл байдал, өнөөдрийн цаг үе шаардаж байна.
Зуны сар зургаа биш ээ. Шатахууны хангамжийг тогтвортой байлгах, мах гурил, төмс хүнсний ногооны нийлүүлэлтэд онцгой анхаарч, үнийн савлагаанаас сэргийлэх, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэж, орлогыг нэмэгдүүлэх, эрчим хүч, мал аж ахуйн салбарын ирэх өвлийн бэлтгэлийг сайтар хангах зэрэг олон асуудлыг одооноос анхаарч ажиллах ёстой.
УИХ-ын эрхэм гишүүд ээ, та бид ард иргэдийнхээ бодит шүүмжлэлийг хүлээн авч, бодож тунгааж, болохгүй бүтэхгүйг засаж залруулж ажиллах учиртай. Сайн хууль гэж хөгжилд түлхэц өгсөн, хүнд өгөөж өгсөн, алсыг харж, асуудлыг шийддэг байх ёстойг байнга санан, чуулган завсарласан зуны дэлгэр цагаар иргэд сонгогчидтойгоо илүү ойр байж, ирэх намар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар санал бодлыг нь сонссон, үр бүтээлтэй улирал болгон ажиллахыг хүсье. Хүн төвтэй хууль баталж, хүчирхэг Монголын хөгжлийн үндсийг тавьж, иргэдийнхээ итгэлийг хураасан, хяналттай, нээлттэй парламентыг төгөлдөржүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе. Монгол түмний минь хийморь сүлд өөдөө байж, эв нэгдэлтэй, хөгжил дэвшилтэй, иргэн бүр аз жаргалтай, айл өрх бүр амар амгалан байх болтугай. Монгол Улсын Их хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган хаасныг мэдэгдье" гэсэн юм.
 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн