Монгол Улсад бизнесийн харилцааг зохицуулсан 360 гаруй хууль үйлчилж байгаа ч чөлөөтэй бизнес эрхлэх, тогтвортой байдлыг хангах, төрийн оролцоог бууруулах зэрэг төр, бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах суурь зарчмуудыг тусгасан хуульгүй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь зөвхөн цөөн төслөөс хамаарч, өнгөрсөн 15 жилийн хугацаанд тогтвортой бус, өсөж буурсан хэлбэлзэл ихтэй байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, дагалдах Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай хууль болон бусад холбогдох 97 хуулийн төслийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд бизнесийн эрх чөлөөний суурь зарчим, төрийн оролцоог хязгаарлах зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн тогтолцоог цахимжуулах, бизнес эрхлэх үйл явцыг хялбаршуулах өөрчлөлтүүдийг тусгасан.