Open iToim app
Нийтэлсэн 2026 оны 7 сарын 3
Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумдын заагт уул ус нь тэгширсэн, өтгөн хөвчөөр хүрээлэгдсэн үзэсгэлэнт хөндий бий. Ялбаг голын хөндий ч гэдэг. Битүү ой модтой, ан амьтан элбэг, жимс жимсгэний арвин нөөцтэй энэ хөндийгөөр Ерөө голын ай савд багтах Ялбаг гол урсдаг. Уг гол Мандал сумын Саалинчит уулаас эх авч, 30 орчим км урсаад Ерөө голд цутгадаг. Гэсэн ч байгалийн сайхан бүрдсэн энэ газарт олон жилийн турш алт олборлосны улмаас ихээхэн сүйдсэн байжээ. Эхэндээ алтны компаниуд, дараа нь хууль бус алт олборлогчид буюу нинжа нар энд олборлолт явуулж, газрыг нь эвдсэн ч ямар нэгэн нөхөн сэргээлт хийгээгүй, орхигдсон байсан юм.
Үүний улмаас Ялбаг гол шавартай урсаж, голдирол нь алдагдан, олон тооны нүх, цөөрөм, шороон овоолго үүсчээ. Зарим шороон овоолго нь таван давхар байшинтай дүйцэхүйц өндөр болсон байсан гэдэг. Ингэснээр мал, зэрлэг ан амьтан төдийгүй хүн амьдрахад ч бэрх болж, нутгийн иргэд хүртэл энэ газраас дайжин нүүхэд хүрсэн байна. Харин "Оюу толгой" компани  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгад нэгдэж, "100 сая мод өвлүүлэн үлдээе" хөтөлбөрийн хүрээнд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон ойн сан, усны нөөц бүхий газруудад нөхөн сэргээлтийн ажлыг тогтмол хэрэгжүүлж эхэлсэн юм.
Энэ хүрээнд Ялбаг голын хөндийд 2022-2023 онд нийт 400 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн байна. Ингэснээр олон жилийн турш хууль бус алт олборлолтоос болж эвдэрч, сүйдсэн газар ердөө гурван жилийн дотор байгаль өөрөө сэргэх боломж бүрдэж, унаган төрхөө аажмаар эргүүлэн олжээ. Өнөөдөр Ялбаг голын хөндийд биологийн олон янз байдал эргэн сэргэж, ургамал, амьтан, бичил биетний амьдрах орчин мэдэгдэхүйц сайжирч байна. Техникийн нөхөн сэргээлт нь зөвхөн эвдэрсэн газрыг засахаас гадна байгалийг өөрийн жамаар сэргэн төлжих нөхцөлийг бүрдүүлж чаджээ. Манай сайт энэ удаагийн #ЧАДЛАА буландаа байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийг бодитоор хэрэгжүүлсэн энэхүү ажлыг онцолж байна.
Ялбагийн хөндийн 400 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх болсон түүх
undefined
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Буяннэмэх "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ буюу 2020 онд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг тусгуулж байсан юм. Тэр үед бид эвдэрсэн газрын тооллогыг хийж, улсын хэмжээнд 30.7 мянган га талбай эвдэрсэн болохыг тогтоосон. Энэ баримтад тулгуурлан 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг дэвшүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгч байлаа.
Энэ хүрээнд бид "Оюу толгой" компанид хандаж, байгаль нөхөн сэргээлтийн ажлыг Ялбагийн хөндийгөөс эхлүүлж өгөхийг хүссэн. Хэдийгээр "Оюу толгой" компани Засгийн газраас тодорхой үүрэг даалгавар албан ёсоор хүлээгээгүй ч тус хүсэлтийг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд өөрсдийн хүлээсэн 100 сая мод тарих үүрэгтэйгээ дүйцүүлэн, нөхөн сэргээлтийн арга хэмжээ болгон авч хэрэгжүүлэхэр болсон. Ингээд "Оюу толгой" компани ажлын хэсэг байгуулж, 2022 онд Ялбагийн хөндийн нөхцөл байдалтай танилцсанаар энэ ажлыг албан ёсоор эхлүүлсэн юм" гэлээ.
Ялбагийн хөндийг нөхөн сэргээхэд эзэн холбогдогчийг тогтоох асуудал маш том сорилт болж байжээ. "Алт-1", "Алт-2" хөтөлбөрийн хүрээнд явагдсан хууль бус ашигт малтмал олборлолт, мөн хувиараа хийсэн олборлолтын улмаас энэ бүс нутагт олон тооны бичил уурхай үүсэж, уул, ус, газар нутаг сэндийчүүлэн эвдэрсэн байна. Ийнхүү олон жилийн турш Ялбагийн хөндийн 400 га талбай эзэн холбогдогчгүй, эвдэрч сүйдсэн байв. 
Ялбагийн хөндийд хууль бусаар алт олборлоход ашиглаж байсан 59 техник хэрэгсэл, үүний дотор 20 гаруй экскаватор, хүнд машин механизм байрлаж байжээ. Эдгээр техник хэрэгслийн талаар эзэн холбогдогчдод мэдэгдэж, талбайг чөлөөлөх үүрэг даалгавар өгсөн боловч тэд үүнийг биелүүлээгүй байна. Тиймээс "Эрдэнэт үйлдвэр"-т хүсэлт тавьсны үндсэн дээр хууль бус техник хэрэгслүүдийг хурааж, тээвэрлэн, Ялбагийн пост дээр цуглуулж цэгцлэх ажлыг зохион байгуулжээ.
О.Цээсүрэн: Ялбагийн хөндийн гурван жилийн дараах өөрчлөлтийг харах гэж маш их догдолж, хүлээсэн
undefined
"Оюу толгой" компанийн Байгаль орчны хэлтэст газар нөхөн сэргээлт хариуцсан зөвлөх О.Цээсүрэн "Сая талбайн зах руу орж ирээд ерөөсөө таньсангүй. Машинаасаа бууж ирээд харахад их сайхан болж өөрчлөгдсөн байна. Гурван жилийн өмнө яг ямар талбай үлдээгээд явсанаа санаж байна. Тэр үед орвонгоор нь эргүүлсэн байсан хөрсийг тэгшилж, хэлбэржүүлж, техник хэрэгслээ явуулж байсан. Тэр үед энд ямар ч ногоон ургамал байгаагүй. Ялбагийн хөндийн гурван жилийн дараах байдлыг харах гэж их догдолж, хүлээж байлаа. Хувьдаа их төсөөлж, их гоё болсон байхдаа гэж бодож байсан.
Энд шимт хөрс гэж огт байгаагүй. Зүгээр л овоолсон шороо, чулуунуудыг буулгаж, тэгшлээд явсан газар байсан. Тиймээс тухайн үед энэ газарт ургамал ногоо ургаж чадах болов уу гэж эргэлзэж байсан. Одоо ингээд гурван жилийн дараа ирж үзэхэд үнэхээр гайхалтай сайхан болжээ. Энэ газарт олон наст болон нэг настай ургамлууд ургасан байна. Ингэж ургасан шалтгаан нь хөрсөнд үр, үндэс нь хадгалагдаж байсан юм. Тиймээс байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломж бүрдмэгц, ийнхүү сэргээж чадсан байна" гэлээ.
Төрж өссөн нутагтаа нөхөн сэргээлтийн ажил хийж чадсандаа маш их баяртай байна
С.Батсүх
undefined
“Бугант нандин” ХХК-ийн захирал С.Батсүх "Би Ялбаг голын хөндийд төрж өссөн хүн. Тиймээс төрж өссөн нутагтаа нөхөн сэргээлтийн ажил хийж чадсандаа маш их баяртай байна. Энэ бол үнэхээр үр дүнтэй нөхөн сэргээлт болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд ахуйдаа Нийлэхийн амнаас доош Арцтай уулаар жимс, самранд явдаг байлаа. Манай нутгийн онцлог нь зуд, ган болдоггүй байгалийн таатай нөхцөлтэй. Зөвхөн эндээс л шилмүүст модны таван төрлийг нэг дор харж болно. Иймд нөхөн сэргээлттэйгээ залгуулан ойн сангаа улам баяжуулахаар зорьж байна. Байгаль маш хурдан сэргэдэг тул нутгийнхаа унаган төрхийг дахин амилуулахаар итгэл дүүрэн нөхөн сэргээлтийн ажилд шамдсан билээ.
Анх Ялбагийн хөндийд ирэхэд ус, цөөрөм, лаг шавар ихтэй, ерөнхийдөө техник хэрэгслээр дээгүүр нь явахад маш хүнд нөхцөл байдалтай байсан. Бид нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэхээр 2022 оны аравдугаар сарын эхээр ирсэн. Тэр үед газар аль хэдийн хөлдөж эхэлж байсан тул техник хэрэгсэлтэй ажиллахад хүнд байлаа. Харин дараа жилийн хавар, газар гэсэнгүүт дахин очиж, нөхөн сэргээлтийн ажлаа үргэлжлүүлж, наймдугаар сард нь ажлаа бүрэн хүлээлгэж өгсөн. Ямар ч хүнд нөхцөл байдалтай тулгарсан, эцэст нь сайн үр дүнд хүрэхийг бид зорьж, хичээж ажилласан. Бидний хамгийн том үр дүн гэвэл Ялбагийн хөндийг байгалийн унаган төрхөнд нь эргүүлэн оруулж чадсан явдал юм" гэв.
undefined
Энэ газарт социализмын үед том оврын 10/70 маркийн экскаваторуудаар олборлолт хийж, том, том овоолго үүсгэсэн байжээ. Дараа нь ямар ч нөхөн сэргээлт хийгдээгүйн улмаас энэ газарт мод ургасан ч насжилт байгаагүй бөгөөд ширүүн бороо орох үед урсчихдаг байв. Ерөнхийдөө овоолсон шороон овоолгыг тэгшилж өгвөл байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломжтой ажээ. БОАЖЯ-ны саналыг хүлээн авсны дараа “Оюу толгой” компани нөхөн сэргээлт хийх тендер зарласан. Энэхүү тендерт орон нутгийн “Бугант нандин” ХХК, “Үзэгт дэлгэр” ХХК гэх хоёр орон нутгийн компани шалгарч байжээ. Ялбагийн хөндийд техникийн нөхөн сэргээлт хийсэн хоёр компанийн нэг болох "Бугант Нандин" компани нь "Оюу толгойн" захиалгаар Сэлэнгэ аймагт 705 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг амжилттай хийгээд байгаа юм.
"Бугант Нандин" компани сүүлийн 20 жил модыг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлж байна. Мөн техник болон биологийн нөхөн сэргээлт хийдэг. Нөхөн сэргээлт хийхдээ нэн түрүүнд хиймэл нуур, цүнхээлийн усыг зайлуулдаг байна. Учир нь олон жил болсон хонхор нүх лагаар дүүрэх нь их тул түүнийг зайлуулалгүй хонхрыг дүүргэвэл тухайн лаг даалгүй цөмрөх аюултай юм. Лагийг нь авч, голын хайрга, томоохон чулуунуудаар эхэлж дүүргэдэг. Ийнхүү тухайн газар машин даахуйц болсны дараа үе шаттайгаар шимт хөрсөөр хучилт хийдэг байна. Мөн нөхөн сэргээлтийн төгсгөлд газрын хэвгий буюу налуугийн хэмжээг 18 градусаас ихгүй байх стандартыг баримталдаг аж.
М.Болдбаатар: Ялбагийн хөндий гурван жилийн дараа унаган төрхөндөө орж, энэ хавиар ан амьтад олширч, ховор төрлийн шувууд ч харагдах болсон
undefined
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн Байгаль хамгаалагч М.Болдбаатар "Энэ газарт хууль бус алт олборлолт явагдаж, газрын хэвлийг маш их эвдрэлтэй болгосон байсан. Бидний одоо зогсож байгаа энэ газарт өмнө нь маш олон нүх, овоолсон шороо байсан. Хүн харахын эцэсгүй, сэтгэл өмөртөл газрын хэвлийг эвдэж сүйтгэсэн байлаа. Харин "Оюу толгойн" нөхөн сэргээлт орж ирснээр гурван жилийн дараа энэ газар унаган төрхөндөө эргэж орж, энэ хавиар амьтад ч ихээр харагдах болсон. Өмнө нь бол амьтдын гарц замыг хаасан байсан бол нөхөн сэргээлт хийгдсэний дараа харагдах байдал үнэхээр сайхан, цэлгэр болсон. Манай энэ хавьд 20 гаруй малчин өрх амьдардаг юм. Ялбагийн хөндийн нөхөн сэргээлт уртаашаа 17-18км үргэлжлэх, 4-5 амыг хамарсан томоохон ажил. Ялбагийн гол урссаар Ерөө гол руу цутгадаг. Манай нутагт болон энэ хөндийг даваад ч идэвхтэй нөхөн сэргээлтийн ажил хийж байна. "Оюу толгой" компанийн ачаар хүний гараар сүйтгэгдэж, эвдэрсэн газрууд эрс цөөрч байгаад баяртай байна" гэлээ.
Өмнө нь энэ газарт нүх ихтэй байсны улмаас малчдын мал нүх рүү унаж үхэх тохиолдол их гардаг байжээ. Одоо бол тийм асуудал бүрмөсөн арилсан бөгөөд харин ч буга, хандгай, согоо, хүдэр зэрэг зэрлэг амьтад олноор харагдах болсон байна. Ийнхүү энэ бүс нутагт олон төрлийн амьтан тайван амьдрах боломжтой болсноос гадна хар өрөвтас хэмээх ховор төрлийн шувуу ирж эхэлсэн гэх сайхан мэдээ дуулдсан юм.
Нөхөн сэргээгдсэн 400 га талбайд одоо мал сүрэг аюулгүй, чөлөөтэй бэлчээрлэх боломжтой болсон бөгөөд нутгийн малчид байгаль орчин эргэн сэргэж, малаа амар тайван бэлчээх орчин бүрдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
undefined
Ялбагийн хөндийн оршин суугч Д.Галхүү: Би Ялбагийн хөндийд 24 жил амьдарч байна. Энэ газарт нөхөн сэргээлт явагдсаны дараа өвс ургамал ургаж, мал маань чөлөөтэй бэлчээрлэх боломжтой боллоо. Одоо бид хаа холоос малаа харуулдаж чадаж байна.
Өмнө нь бол мал маань хонхор руу орж, харагдахаа больдог байсан. Тиймээс малынхаа хажууд заавал явж байж л үхэр малаа бэлчээдэг байсан. Харин одоо холоос хараад тэнд явна, энд явна гээд харж чадахаар болсон юм. Өмнө нь бол овоолоод хаясан баахан шороо, хонхор нүх их байсан газар байлаа. Харин одоо энэ бүхнийг өөрчилж, Ялбагийн хөндийг янзын сайхан болгож өгсөнд маш их баяртай байна.
undefined
Ялбагийн хөндийн оршин суугч Ц.Сарантуяа: Би 2012 онд энэ газарт ирж байсан юм. Тэр үед намайг ирэхэд энд маш олон уурхай байлаа. Ам болгонд нь л уурхай байсан. Газар бүхэлдээ эвдэрч сүйдсэн, хаа сайгүй овоолсон шороо ихтэй байсан тул энд амьдрахад бидэнд хэцүү байсан. Харин одоо нөхөн сэргээлтийн ажил хийгдсэний дараа энэ газар үнэхээр сайхан болсон юм.
undefined
Ялбагийн хөндийн оршин суугч Н.Бадам: Манайх Ялбагийн хөндийд ирээд 16 жил болж байна. Манайхыг ирэх үед энд уурхайнууд ажилладаг ийм л газар байлаа. Энд тэндгүй карьертай, карьер нь устай, малаа явуулахад тун хэцүү байсан.
Нөхөн сэргээлт хийгдсэнээс хойш Ялбагийн хөндийдөө амьдрахад маш сайхан болсон. Гурван жилийн өмнө эхэн үедээ бол ногоо тийм ч сайн ургаагүй, сэргэлт нь сайн анзаарагдахгүй байсан. Харин энэ жилээс эхлээд бүх талбай дээр ногоо ургаж, малын идэш, бэлчээр гарч, үнэхээр сайхан болж байна. Өмнө нь энд бэлчээр их муу болж байсан. Одоо бидний харж байгаа энэ сайхан газар нь олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэж, нөхөн сэргээгдсэн юм. Тэдгээр хүмүүс байгаль дэлхийгээ сэргээж, ийм сайхан үйлс бүтээж ЧАДЛАА гэж хэлмээр байна.
undefined
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн