Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Х.Баттулгын томилсон УДШ-ийн Ерөнхий шүүгчийг У.Хүрэлсүх сунгах уу

Х.Баттулгын томилсон УДШ-ийн Ерөнхий шүүгчийг У.Хүрэлсүх сунгах уу
Нийтэлсэн 2026 оны 5 сарын 29
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны тавдугаар сарын 27-ны шийдвэрээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улираан томилох эрх зүйн орчин үүссэн.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргасан.
Тэгвэл дээрх шийдвэрийн хүрээнд ирэх сарын 2-нд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг улираан томилох уу гэдэг олны анхаарал татаад байгаа. Д.Ганзоригийг 2020 оны зургадугаар сарын 2-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга томилж байв. Тэгвэл Х.Баттулгын томилсон УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улираан томилох уу гэдэг асуудал нийгмийн хэлэлцүүлэг өрнөж байна. Учир нь төрийн эрхэнд хэн, ямар нам гаргахаас шалтгаалан бодлого нь өөрчлөгдөж ирснийг түүх харуулж байгаа. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилох нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шийдвэрийг Цэц 2016 онд дунд суудлын хуралдаанаараа гаргаж, тухайн үеийн УИХ хүлээн авч байсан. Үүний дараа буюу 2016 оны арваннэгдүгээр сард тухайн үеийн УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг улираан томилж байжээ.
Харин 2021 онд Шүүхийн тухай хууль батлахдаа УДШ-ийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаагаар томилно гэж заасан бөгөөд энэ заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэц шийдсэн. Тиймээс Д.Ганзоригийг улираан томилуулах захиалгат шийдвэр гэсэн хардлага гараад байгаа. Тэгвэл цаашдаа ч эрх барьж байгаа нам, хүний эрх ашгийг хамгаалж, хуулиа, бодлогоо өөрчилсөөр байх уу. Улс төрийн нөлөөнөөс хол байх ёстой шүүх, хууль хяналтын байгууллага тэдний захиалга, нөлөөгөөр ажилласаар байгааг томилгоо нь нотолдог.
Хуулийн байгууллагуудыг улс төрийн цагдаа болгож байна...
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлэхдээ "Тогтолцооны хувьд хараат бус, бие даасан ажиллах ёстой шүүх, Үндсэн хуулийн Цэц, АТГ, прокурор гэх мэт байгууллагууд улс төрөөс ангид байж чадахгүй байна. Улс төрийн нөлөө хэт их байгаагаас хараат бус ажиллах нөхцөл хангагдахгүй байна. Тэр дундаа УДШ-ийн Ерөнхий шүүгч, ҮХЦ-ийн гишүүдийг улираан томилох нь ач хариулж, улстөрд захиа даалгавар гүйцэтгэх, улс төрийн өнгө аястай шийдвэр гаргадаг байдал руу оруулж байна. Хуулийн байгууллагуудыг улс төрийн цагдаа болгож байгаа. Улс төрийн цагдаа гэдэг бол хууль дээдэлж бус улс төрийн захиа даалгавраар өрсөлдөгчийг нь намнадаг. Улс төрийн өрсөлдөөнийг ардчиллын арга замаар бус хуулийн байгуулга, хуулийн нэр барьж нэг хэсэгт давуу байдал бий болгодог. Тиймээс хуулийн байгууллагын толгой дээр хувь хүнийг удаан байлгах нь Монгол Улсад зохихгүй байна" гэсэн юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн