Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Ялалтын баярын цэргийн парадад зэвсэг, техник оролцуулахгүй

Ялалтын баярын цэргийн парадад зэвсэг, техник оролцуулахгүй
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 30
Москва хотод жил бүр зохион байгуулдаг Ялалтын баярын цэргийн парад сүүлийн бараг 20 жилийн хугацаанд анх удаа цэргийн техник хэрэгсэлгүйгээр явагдахаар болжээ. ЗХУ Нацист Германыг ялсны 81 жилийн ойд зориулсан энэ жилийн парадад зэвсэг, техник оролцохгүй гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгдсэн байна.
Жил бүр цэргийн хүчин чадлаа сүр жавхлантайгаар харуулдаг уг арга хэмжээ тавдугаар сарын 9-нд Москва хотын Улаан талбайд болно.
“Одоогийн ажиллагааны (Орос-Украины дайн) нөхцөл байдлын улмаас энэ жилийн цэргийн парадад зарим цэргийн сургуулиуд, кадетын ангиуд, мөн цэргийн техник хэрэгслийн цуваа оролцохгүй” гэж тус яам Telegram хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Гэсэн ч парадад Зэвсэгт хүчний бүх салбарын төлөөлөгчид оролцохоос гадна тусгай цэргийн ажиллагаа буюу Украины дайны бүсэд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын тухай дүрс бичлэгүүдийг үзүүлэхээр төлөвлөжээ.
Мөн агаарын үзүүлбэр зохион байгуулах аж.
Өнгөрсөн жил БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг дэлхийн 20 гаруй удирдагч Москва хотод хүрэлцэн ирж, мянга мянган цэрэг жагсаж, шинэ танк, дрон зэрэг зэвсэг техникүүдийг танилцуулсан парадыг үзсэн юм. Тэдний зарим нь Украинд тулалдаж байсан цэргүүд байв.
Орос улсад Дэлхийн II дайныг “Аугаа эх орны дайн” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь Ерөнхийлөгч Владимир Путины бараг 25 жилийн засаглалын гол түүхэн үзэл баримтлал болж иржээ. Путин Нацист Германыг ялсан ялалтыг олон удаа иш татан, Украинд хийсэн бүрэн хэмжээний довтолгоог зөвтгөхдөө Киевийн дэглэмийг зайлуулах ёстой “нео-нацистууд” гэж тодорхойлж ирсэн.
Харин Украин болон Барууны орнууд энэ тайлбарыг суртал ухуулга хэмээн няцааж, ОХУ-ын дайныг хууль бус газар нутгийн булаан эзлэлт гэж үздэг. Энэ дайны улмаас олон арван мянган энгийн иргэн амиа алдаж, Москва Украйны өмнөд болон зүүн хэсгийн нутаг дэвсгэрийг эзлэн авсан байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн