Таван Дэлхийн аварга дараалан гоол оруулсан цор ганц тоглогч, Англи, Итали, Испани, Арабд түрүүлэхдээ мэргэн бууч хийгээд MVP болсон цор ганц тоглогч Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду 970 дахь гоолоо орууллаа. Түүний энэхүү амжилт нь зөвхөн хувийн рекорд биш, харин орчин үеийн хөлбөмбөгийн ноёрхлыг илтгэх томоохон үзүүлэлт болж байна.
Өнгөрсөн шөнө болсон Саудын Арабын лигийн 30 дахь тойргийн тоглолтод "Аль Ахли" багийг Аль-Наср 2:0-ээр хожиж, Криштиану Роналду тоглолтын 76 дахь минутад мөргөж, эхний гоолыг оруулжээ. Ийнхүү Криштиану Роналдугын мэргэжлийн замнал дахь 970 дахь гоолоо орууллаа. "Аль Насср" баг 30 тоглолтын дараа хүснэгтийн манлайд 79 оноотой бичигдсэн хэвээр байна. Тэдний ард 71 оноотой "Аль Хилал" бичигдэж байгаа. Хоёр баг тавдугаар сарын 12-нд хоорондоо тоглох бөгөөд тус лигийн аваргын хувь заяаг шийдэх тоглолт болох юм.
Криштиану Роналдугын карьерын замнал дардан байгаагүй. Португалын Мадейра арлын Фуншал хотод төрсөн тэрээр бага насандаа санхүүгийн хүндрэлтэй орчинд өссөн ч хөлбөмбөгийн авьяасаараа ялгарч, Спортинг Лиссабон клубт мэргэжлийн карьераа эхлүүлсэн. Тэндээсээ Английн алдарт Манчестер Юнайтед багт шилжин, дэлхийн тавцанд гарч ирсэн юм. Манчестер Юнайтедад тоглох хугацаандаа Роналду олон цом хүртэж, дэлхийн шилдэг тоглогчдын нэг болж чадсан. Дараа нь Испанийн Реал Мадрид багт нэгдсэн нь түүний карьерын оргил үе байв. Тэрээр тус багт тоглох хугацаандаа Аваргуудын лигийн таван удаагийн аварга болсон түүхтэй. Дараа нь Италийн Ювентус багт тоглож, улмаар дахин Манчестер Юнайтедад эргэн ирсэн ч удалгүй Саудын Арабын Аль-Наср багт нэгдсэн юм. Олон хүн түүнийг Европоос явснаар карьер нь буурна гэж таамаглаж байсан ч бодит байдал дээр эсрэгээрээ гоолын тоогоо тогтмол нэмэгдүүлсээр байна. Роналду Аль Нассрт ирснээсээ хойш 143 тоглолт, 126 гоол, 23 гоолын дамжуулалт буюу нийт 149 гоолд оролцжээ.
970 гоол гэдэг жирийн нэг амжилт биш. Хөлбөмбөгийн түүхэнд 900-аас дээш гоол оруулсан тоглогч тун цөөн байдаг. Роналду энэ амжилтаараа зөвхөн өөрийгөө төдийгүй орчин үеийн хөлбөмбөгийн стандартыг шинэ түвшинд гаргасан гэж хэлж болно. Түүний өрсөлдөгч гэж яригддаг Лионель Месси ч мөн өндөр амжилттай яваа ч гоолын тооны хувьд Роналду одоогоор тэргүүлж байна.
Өдгөө 41 настай ч Роналду залуу тоглогчдоос дутахгүй хурд, хүч, сэтгэлзүйтэй тоглож байна. Тэрээр өдөр тутмын амьдралдаа маш хатуу дэглэм баримталж, хооллолт, бэлтгэлдээ онцгой анхаардаг нь олон нийтэд мэдэгдсэн.
Мөн тэр зөвхөн клубийн түвшинд биш, шигшээ багтаа ч амжилттай тоглосон. Португалын шигшээ багийн төлөө хамгийн олон гоол оруулсан тоглогч бөгөөд Европын аварга болж байв.
970 дахь гоол нь түүний том зорилго болох 1000 гоолын босгод улам ойртуулж байна. Одоогоор энэ амжилтад хүрсэн тоглогч орчин үеийн хөлбөмбөгт бараг байхгүй бөгөөд Роналду энэ зорилгод хамгийн ойр яваа хүн юм.