Өмнөд Солонгосын тулааны спортын ертөнцөд нэр хүндээ хурдтай өсгөж буй Black Combat холбооноос зохион байгуулж буй “Black Cup 2026” тэмцээнд Монгол Улсын тамирчдын баг эхний тулаан БНХАУ-ын багийн эсрэг болно.
Азийн бүс нутгийн шилдэг тулаанчдыг нэг дор цуглуулдаг энэхүү цуврал тэмцээн энэ удаад улам өргөжиж, олон улсын хэмжээний томоохон тулаануудыг багтааснаараа онцлог болжээ. Нийт долоон жинд өрсөлдөх тулаанчид 720 сая төгрөгийн шагналын сангийн төлөө хүч чадал, ур чадвараа сорих бөгөөд Солонгос, АНУ, Монгол, Япон, Еврази, Бразил, Хятад зэрэг тулааны спортын өндөр хөгжилтэй орнууд оролцож байна.
Энэ удаагийн тэмцээний нэг онцлох хэсэг нь багийн хэлбэрийн өрсөлдөөн юм. Өөрөөр хэлбэл улс бүр өөрийн шилдэг тулаанчдыг жин тус бүрт илгээж, багийн нийлбэр амжилтаар өрсөлдөх зохион байгуулалттай. Энэ нь зөвхөн хувь хүний ур чадвараас гадна багийн стратеги, бэлтгэл, тактикийн нэгдлийг шалгах том сорилт болж өгах юм. Ялангуяа Монгол, Хятад, Солонгос зэрэг Азийн орнуудын хоорондын өрсөлдөөн улам ширүүсч, үзэгчдийн анхаарлыг татах гол тулаануудын нэг болоод байна.
Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Монголын баг эхний тулаанаа БНХАУ-ын багийн эсрэг хийх хуваарьтай. Энэхүү тулаан нь бүс нутгийн нэр хүндийн төлөөх чухал тулаан гэж үзэгдэж байна. Монгол Улсаа төлөөлөн дараах тамирчид өрсөлдөнө. Үүнд хүнд жинд Э.Үнэнхүү, -84 кг жинд жиү жицүгийн тамирчин Г.Гантулга, -77 кг-д Б.Бүрэнзориг, -70 кг-д Э.Гантөмөр, -66 кг-д П.Содномдорж, -61 кг-д Ш.Бат-Итгэлт, -57 кг-д Г.Баяндүүрэн нар тус тус тулалдах юм.