Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ражив Гандийн нэрэмжит “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж”, “Монгол-Солонгосын политехник коллеж”-д ажиллалаа.Тэрбээр улс оронд нэн шаардлагатай байгаа мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэж, мэргэшүүлж байгаа хамт олонд талархал илэрхийлж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.Мөн оюутнуудыг өндөр ур чадвар эзэмшин, үндэсний хэмжээний мега төсөл, хөтөлбөр, түүний дотор “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Атрын 4-р аян” зэрэгт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, сурлагын амжилт хүслээ.Мөн энэ жил “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөн”-ийг ивээл дороо зохион байгуулахаар төлөвлөснөө хэллээ.