Худалдаа Хөгжлийн Банк ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ - ҮРЖДЭГ САР урамшуулалт хөтөлбөрөө ДАХИН зарлалаа. Тус хөтөлбөр нь харилцагчдадаа санхүүгийн дарамтгүйгээр хуримтлал үүсгэх боломжийг бүрдүүлдгээрээ онцлог.
2025 онд тус хөтөлбөр 25,000₮ цуглуулаад + 25,000₮-н урамшуулал өгөх хэлбэрээр амжилттай хэрэгжсэн билээ.
Тэгвэл 2026 онд ХЯЛБАР ХУРИМТЛАЛ - ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ үйлчилгээгээр 26,000₮ цуглуулаад + 26,000₮ урамшуулал авах боломжтой.
ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ гэж ямар үйлчилгээ вэ?
Тус үйлчилгээ нь та бидний багадаа цуглуулдаг байсан хариулт мөнгийг л өнөөгийн үед тохируулж автоматжуулсан сонголт юм. Та хүүхэд байхдаа аав ээжийн захиасаар дэлгүүр гүйчхээд хариулт мөнгийг нь өөртөө авч үлддэг байсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тэр үед томчуудын мөнгөнөөс хариултыг нь хадгалдаг байсан бол одоо өөрийнхөө мөнгөний хариултыг өөртөө хадгалах юм.
Жишээ нь, Та өглөө coffee shop-с 7,500₮-өөр дуртай кофегоо худалдаж авлаа. Хариултаа хадгалах дүнгээ 1000 төгрөгөөс давахгүй байхаар тохируулсан гэж бодъё. Энэ тохиолдолд та кофены мөнгөө төлөх үед данснаас тань 8,000₮ хасагдана. 7,500₮ төгрөг нь кофены төлбөр, 500 төгрөгийн задгай хариулт нь таны хадгаламжийн данс руу автоматаар шилжих юм.