Харвардын их сургуулийн эрдэмтэн хөгшрөлтийн эсрэг судалгаанд томоохон ахиц гарсныг мэдэгдлээ.
Энэ сард Дубайд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Харвардын Анагаах Ухааны Сургуулийн "Блаватник институт"-ын генетикийн профессор Дэвид Синклер хөгшрөлтийг зайлшгүй тохиолдох жам ёсны үзэгдэл бус, харин эмчилж болох анагаахын нөхцөл байдал хэмээн тайлбарласан байна. Түүний таамаглаж буйгаар, ойрын 10–20 жилийн дотор биотехнологийн хөгжил өнөөгийн эрүүл мэндийн тогтолцоог үндсээр нь өөрчилж, зөвхөн шинж тэмдэг дарах бус, биологийн хөгшрөлтийг бүрэн эргүүлэх түвшинд хүрч магадгүй аж.
Түүний баг “эпигенетикийн хэсэгчилсэн дахин програмчлал” аргаар амьтдын туршилтад хөгшрөлтийн маркеруудыг 75 хувиар бууруулж чаджээ. Ингэхдээ өөрчилсөн Яманака генүүдийг ашигласан бөгөөд хараагүй болсон амьтдын харааг сэргээж чадсан байна. “Эрдэмтэд биологийн системийг өнгөлж, эсийн үйл ажиллагааг сэргээх арга замуудыг олсон” гэж Синклер онцолжээ.
80 нас хүрэхэд хүмүүсийн 50-иас дээш хувь нь дор хаяж таван төрлийн өвчтэй болдог гэсэн судалгаа бий. Иймээс бүх төрлийн хавдрыг устгалаа ч дундаж наслалт ердөө 2.5 жилээр л нэмэгдэх ажээ.
Синклер болон түүний компани 2026 оны гуравдугаар сард түүхэнд анх удаа “хөгшрөлтийг урвуулж, өвчнийг эдгээж чадах эсэхийг” шалгах клиник туршилтад орно гэж мэдэгджээ. Одоо судалгааны баг хүн дээр суурилсан клиник туршилтад бэлтгэж байгаа бөгөөд хөгшрөлтийн зарим шинжийг эргүүлэх зорилготой аж. Эдгээр туршилтаар эсүүдийг илүү залуу төлөвт буцаан сэргээхэд чиглэсэн эпигенетикийн програмчлалын эмчилгээг шалгах юм.
“Бид түүхэндээ анх удаа хөгшрөлтийг эргүүлж, өвчнийг эмчилж чадах эсэхийг турших гэж байна” хэмээн тэрбээр хэлжээ.
Синклер мөн хөгшрөлтийн эсрэг нээлтүүд эдийн засгийн томоохон үр өгөөж авчрах боломжтойг дурдсан байна. АНУ-д эрүүл наслалтыг ердөө нэг жилээр сунгаж бүтээмжийг нэмэгдүүлснээр ойролцоогоор 38 их наяд ам.долларын эдийн засгийн ашиг бий болгож чадна гэсэн тооцоо гарчээ.
Тэрбээр судалгаагаа төрөлтийн бууралт, үр тогтох чадвар муудах асуудалтай холбон тайлбарлаж, нийгэмд ажиллах хүчийг роботоор орлуулах уу, эсвэл хүмүүсийг илүү удаан хугацаанд эрүүл, бүтээмжтэй байлгах уу гэсэн сонголтын өмнө тулгарч магадгүйг анхааруулсан байна.
Клиник туршилтууд тун удахгүй эхлэх төлөвтэй байгаа ч яг тодорхой хугацааг одоогоор зарлаагүй байна.