ХААН Банк сагсан бөмбөгийн спортын хөгжил, өсөлтийг дэмжих зорилгоор баруун бүсийн бахархал болсон “Ховд шонхрууд” (Khovd Falcons) багийг ивээн тэтгэж, хамтралаа эхлүүллээ. Ингэснээр тус баг цаашид “Khan Falcons” (ХААН шонхрууд) хэмээх шинэ нэр, гялалзсан эрч хүчтэйгээр талбайд гарахаар боллоо.
Үндэсний дээд лигийн 2025–2026 оны улирлын плэй-оффын эрхээ саяхан албан ёсоор аваад буй тус багийн хувьд энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн ивээн тэтгэлгээр хязгаарлагдахгүй, багийн цаашдын хөгжлийг дэмжих, шинэ залуу тоглогчдыг дэмжих, урт хугацааны амжилтын суурийг тавихад чиглэж байна. Мөн үүний зэрэгцээ Монголын сагсан бөмбөгийн спортыг илүү өндөр түвшинд хөгжүүлэх, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх орчныг бүрдүүлэх, хүүхэд, залуусыг уг спортоор хичээллэхэд урам зориг өгөхөд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.
Өнгөрсөн оны “М хөгжлийн лиг”-ийн аварга “Khovd Falcons” баг 2014 оноос тасралтгүй, тууштай амжилтаа ахиулж ирсэн бөгөөд энэ хугацаанд Оргилуун лиг, 21 аймгийн лиг, Хөгжлийн лиг, Супер лиг болон Үндэсний дээд лиг зэрэг шатлалуудад өрсөлдөн туршлагаа зузаатгаад буй билээ.