"Милан Кортина 2026" өвлийн 14 дэх удаагийн паралимпын наадам гуравдугаар сарын 6-аас 15-ны өдрүүдэд болох ба Монгол Улсаас цанын төрөлд дөрвөн тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, пара гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдах бол суугаа цанын спринт зайд А.Сэлэнгэ, пара уулын цаныг төрөлд Б.Цэрэнпунцаг нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Энэ удаагийн паралимпийн наадамд 670 тамирчин уулын цана, гүйлтийн цана, биатлон, пара сноуборд, пара мөсөн хоккей, тэргэнцэртэй керлинг гэсэн зургаан спортын 79 төрлөөр өрсөлдөнө.
Одоогоор Б.Ганболд, Ц.Дашдорж нар паралимпын наадамд оролцох эрхийн оноогоо авсан байгаа бол үлдсэн хоёр тамирчдын хувьд баталгаажуулалт хараахан ирээгүй ч онооны байдлаар энэ удаагийн наадамд оролцох тодорхой байгаа юм.

Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганболдын хувьд дөрөв дэх паралимпдоо оролцох гэж байна. Тэрээр 2013 онд АНУ-ын Солт Лейк хотноо болсон Сочигийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнээс цанын спринт 1.5 км төрөлд мөнгөн медаль хүртэж, пара цаначдын анхны олон улсын тэмцээний эрхийг эх орондоо авчирч байсан. Үүний дараа Шведэд болсон ДАШТ-д оролцож, 60 тамирчнаас 18 дугаар байранд жагсжээ. Энэ амжилтаараа Сочигийн паралимпод оролцох эрхтэй болсон байна. “Сочи 2014” паралимп түүний хувьд хамгийн анхны том тэмцээн байсан ч гэлээ 20 км-ын зайд 14 байрт орсон юм. Гэхдээ тэрбээр цанын спортоор хичээллээд нэг жил зургаан сарын дараа Паралимпод өрсөлдөж байжээ. Тэрбээр “Сочи-2014”, "Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн Паралимпын наадамд оролцож байсан, Азийн цомын хүрэл медальтай тамирчин билээ.