Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эх барихын эмнэлгийн нэгдсэн нярайн тасагт нийслэлийн ерөнхий боловсролын Гэгээ сургуулийн сурагчид нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг хандивлалаа. Гэгээ сургуулийн сурагчид өнгөрсөн жил мөн ЭХЭМҮТ-ийн нярайн эмгэг судлалын тасагт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат зэрэг зургаан нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, компьютер хандивлаж байсан бөгөөд уг үйл ажиллагааг манай сайт тухайн үед сурвалжилж байсан билээ.
Энэ удаагийн сайн дурын хандивын үйл ажиллагаанд тус сургуулийн Нарны зам болон Яармаг дахь хоёр салбарын нийт сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд нэгдэн, халуун сэтгэлээр оролцжээ. Хандивын үеэр эх, хүүхдийн төлөө тасралтгүй ажиллаж буй ЭНЭҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууд Гэгээ сургуулийн хамт олон болон хандивт оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлж, хандивласан тоног төхөөрөмжүүд нь нярай хүүхдүүдэд бодитой тус дэм болно гэдгийг онцлон хэлсэн юм.