Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Трамп АНУ-ыг 66 олон улсын байгууллагаас гаргалаа

Трамп АНУ-ыг 66 олон улсын байгууллагаас гаргалаа
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 8
Дональд Трампын засаг захиргаа АНУ-ын олон улсын байгууллагуудад үзүүлдэг дэмжлэгийг танах шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон НҮБ-ын Хүн амын сан зэрэг нийт 66 байгууллага, агентлаг, комиссоос АНУ-ыг гаргалаа.
Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар эдгээр байгууллагын ихэнх нь НҮБ-тай холбоотой бөгөөд уур амьсгал, хөдөлмөр эрхлэлт болон бусад нийгмийн асуудлаар ажилладаг байна. АНУ-ын Төрийн департамент эдгээр байгууллагуудыг "чиг үүргийн хувьд давхардсан, буруу удирдлагатай, үр ашиггүй, АНУ-ын бүрэн эрхт байдалд харш” бүтцүүд гэж үзжээ.
Трампын засаг захиргаа олон улсын хамтын ажиллагаанд сонгон оролцох бодлого баримталж, АНУ-ын ашиг сонирхолд нийцнэ гэж үзсэн салбаруудад л санхүүжилт чиглүүлэхээ мэдэгдэв. Тус улс өмнө нь ДЭМБ, ЮНЕСКО, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарч байсан.
Уур амьсгалын суурь конвенцоос гарснаар Парисын хэлэлцээрийг дэмжих АНУ-ын оролцоо бүрмөсөн зогсож байна. АНУ гэрээнээс гарснаар хүлэмжийн хийг бууруулах дэлхийн хүчин чармайлтад саад учирч, “бусад орнуудад өөрсдийн амлалтаа хойшлуулах шалтаг өгч магадгүй” гэж Стэнфордын их сургуулийн уур амьсгалын судлаач Роб Жексон анхааруулжээ. Мөн дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч, томоохон эдийн засагтай АНУ-ын оролцоогүйгээр уур амьсгалын хямралд бодит ахиц гаргахад хэцүү гэж шинжээчид үзэж байна.
Европын болон олон улсын шинжээчид АНУ-ын энэ алхмыг “миний замаар яв, эс бөгөөс боль” гэсэн нэг талын хандлага хэмээн үнэлж, НҮБ болон түүнтэй хамтран ажилладаг олон байгууллага санхүүжилт, хөтөлбөрөө танахад хүрч болзошгүйг анхааруулж байна.
Трампын засаг захиргаа НҮБ-ын ач холбогдлыг бүрэн үгүйсгэхгүй ч Хятадтай өрсөлдөж буй стандарт тогтоох байгууллагуудад АНУ-ын нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарна гэж мэдэгджээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн