Open iToim app
Спорт | 3 мин уншина

Солонгосын волейболын шинэхэн од гэгдэж буй монгол тамирчин Ж.Энхсоёл гэж хэн бэ

Нийтэлсэн 2026 оны 1 сарын 8
Өмнөд Солонгост эмэгтэйчүүдийн мэргэжлийн волейбол өвлийн улирлын хамгийн алдартай спорт байдаг. Энэ удаа V лигийн шинэ улирлыг эхлэхийг хүлээсэн олон нийтийн хүлээлт урьд өмнөхөөсөө ч их байгаа аж.
undefined
Үүний шалтгаан бол Солонгосын волейболын домогт тамирчин Ким Ён Гён-ы оролцсон “The Wonder Coach” нэвтрүүлэг юм. Тус нэвтрүүлэгт Солонгосын мэргэжлийн багт багтаагүй, ирээдүйтэй тамирчдыг цуглуулан "Wonder Dogs” гэх баг үүсгэж, Ким Ён Гён-ы удирдлага дор дасгалжуулан олон түвшний шилдэг багуудтай өрсөлдүүлж буй тухай гардаг. Мөн багийн менежерээр нь Өмнөд Солонгосын алдарт SEVENTEEN хамтлагийн гишүүн Seungkwan ажилласан юм.
Энэхүү нэвтрүүлгээс төрөн гарсан од бол Инкүши нэрээрээ олонд танигдсан монгол тамирчин Жамьянпүрэвийн Энхсоёл юм. Уг нэвтрүүлэг дээрх Энхсоёл, Ким Ён Гён нарын хамтын мөчүүд хүмүүсийн хайрыг татсанаас гадна тэрээр сорилт, бүтэлгүйтэл, тэсвэр хатуужил, өсөлт дэвшлээр дүүрэн түүхээрээ үзэгчдийн сэтгэлийг татжээ.
Бага насандаа гэр бүлээ орхин, гадаад улсад мөрөөдлөө биелүүлэхээр ирсэн Ж.Энхсоёл олон саад бэрхшээлтэй тулгарсан ч үргэлж дахин босож чаджээ. Нэвтрүүлгийн үеэр Ким Ён Гён-ы асуултад дандаа энгийнээр “Тийм, тийм” хэмээн хариулж буй байдал нь үзэгчдэд таалагдаж, солонгосоор “тийм” гэсэн үгтэй нийлүүлэн түүнийг “Нэпкүши” гэж хочлох болсон байна.
Нэвтрүүлэг дууссаны дараа сургуульдаа эргэн орсон ч удалгүй Солонгосын мэргэжлийн волейболын баг болох “Red Sparks”-ийн дасгалжуулагч Жон Гван Жан түүнтэй холбогджээ. Тэрээр нэвтрүүлгээр дамжуулан Ж.Энхсоёлын ур чадварыг анзаарч, шууд багтаа элсүүлэхээр болсон байна. Ийнхүү Ж.Энхсоёл бэртлийн улмаас талбайд гарах боломжгүй болсон Тайландын довтлогчийн оронд гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулснаа хуваалцахад Ким түүнд “Энэ бол дөнгөж эхлэл. Юу чаддагаа бүгдийг нь харуул” гэж хэлсэн гэдэг.
Түүнчлэн, Ж.Энхсоёл нь домогт волейболын тамирчин гэгддэг Ким Ён Гён-ы хамтаар Солонгосын хамгийн томоохонд тооцогддог MBC Entertainment Awards-ийн "Best Couple” төрөлд ялалт байгуулаад амжсан.
undefined
Гэсэн ч түүний хөдөлмөрч зан, эелдэг төрхөөс үл хамааран зарим болгоомжлол байсаар байв. Тэрээр дөрөвдүгээр сард болсон Азийн квотын шалгаруулалтад тэнцэж чадаагүй байна. Ижил түвшний ур чадвартай солонгос тоглогчийг аажмаар хөгжүүлж болдог бол гадаад тоглогчдоос ихэвчлэн шууд үр дүн гаргахыг шаарддаг.
Ж.Энхсоёлын төгссөн Мукпугийн Охидын Ахлах Сургуулийн дасгалжуулагч Жон Жин анхнаасаа ийм саад бэрхшээлийг тооцоолж, иргэншил солих талаар бодож байсан ч Солонгост энгийн журмаар иргэншил авахад дор хаяж таван жил шаардлагатай, харин Инкүши 2022 онд л Солонгост ирсэн гэдгийг дурсан ярьжээ.
Ким Ён Гён-оос сурсан хамгийн чухал зүйл нь өөртөө итгэх итгэл, эерэг хандлага байжээ
“Би өмнө нь чадахгүй гэж бодоод амархан шантардаг байсан. Гэхдээ оролдоод үзэх итгэлийг олж авсан. Эхэндээ боломж олдчихоод байхад яагаад бүтэлгүйтээд байгаа юм бол гэж уйлж, хоол ч идэж чадахгүй байсан. Харин өөрийгөө өөрөөр харуулна гэж өөртөө амлаад, эцэст нь магтаал хүртсэн” хэмээн дурсан ярьжээ.
Тэрээр одоо ч Ким Ён Гён-ы хэлсэн “Бүтэлгүйтсэн ч эерэг сэтгэлгээтэй бай” гэх үгийг баримталдаг гэнэ.
Ж.Энхсоёл нэвтрүүлэг дууссаны дараа Монголдоо ирээд буцжээ. Нэвтрүүлгийн ачаар олон хүн түүнийг таньдаг болсон ч гэр бүлийнхэн нь даруухан хандсан байна. Ж.Энхсоёл энэ тухайгаа “Аав, ээж маань нэвтрүүлгийг үзээгүй, V лиг ямар том гэдгийг ч сайн ойлгодоггүй” гэж ярьжээ. “Тэд зүгээр л эрүүл мэндээ сайн бодоорой гэж захисан. Ээж харин айх хэрэггүй, бүх хүчээ дайчил гэсэн” хэмээн ярьсан байна.
Ж.Энхсоёл спортын гэр бүлээс гаралтай. Аав нь улсын начин М.Жамьянпүрэв бол ээж нь волейболын олон улсын мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Нарантуяа юм.
Тэрээр өөрийн гол давуу талаа довтолгооны өндөр хүрээ гэж хэлсэн ч хамгаалалт сул байгаагаа хүлээн зөвшөөрчээ. “Монголд багаасаа хамгаалалт зэрэг суурь техникт тийм ч их анхаардаггүй байсан” гэж тайлбарлав. Энхсоёл ахлах сургуульд байхдаа ч багийн бэлтгэлээс гадуур ганцаарчилсан нэмэлт бэлтгэл хийдэг байжээ.
Хөгжөөн дэмжигчид Инкүшийг Солонгосын иргэншил авч, шигшээ багт нэгдэн тоглохыг хүсэж байгаагаа илэрхийлэх болжээ. Харин Инкүши энэ талаар ярихдаа “Эхлээд Азийн квотын тоглогчийн хувиар сайн тогломоор байна. Хэрэв өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадвал, дараа нь иргэншлээ сольж, солонгос тоглогчийн хувиар шинэ тоглогчдын драфтаар дахин нэг боломж авахыг хүсэж байна” гэжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн