Монголчуудын өдөр тутмын амьдрал технологитой уялдаж, төрийн үйлчилгээ, банк санхүү, худалдаа, харилцаа холбоо хүртэл гар утасны дэлгэцэнд төвлөрөх болсон нь бидний амьдралыг мэдэгдэхүйц хөнгөвчилсөн. Гэвч хэт хурдацтай цахим шилжилт иргэдийг шинэ төрлийн эрсдэлтэй нүүр тулгахад хүргэж, хувийн мэдээлэл, санхүүгийн аюулгүй байдалд заналхийлэх болов. Техник технологийн мэдлэг багатай иргэд, бусдад амархан итгэдэг ахмадууд, хялбар ашиг олох хүсэлтэй залуус энэхүү цахим залилангийн хамгийн том бай болж байна. Иймд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй цахим залилангийн өнөөгийн нөхцөл байдал, түгээмэл хэлбэрүүд, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Сүүлийн үед Монгол Улсад цахим залилангийн нөхцөл байдал ямар байна вэ?
2025 онд цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 83.6 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа. Яагаад ийм өндөр хувьтай байна гэвэл иргэд цахим орчинд худалдаа үйлчилгээ, түрээс гээд явуулдаг болсон. Түүнчлэн, 2025 оны наймдугаар сараас гарч эхэлсэн хаш чулуун сугалаа, хусаад хож, азийн хүрд зэрэг залилангийн үйлдлийн аргууд цахим залилангийн хувь хэмжээ өсөхөд нөлөөлж байна. Мөн Цагдаагийн байгууллагаас сүүлийн хэдэн жил ард иргэддээ цахим орчинд үйлдэгдээд байгаа гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь цахим гэмт хэргийн хохирогч болсон гэдгээ мэдэхэд нөлөөлсөн. Залилах гэмт хэргийн төрлүүдээс хамгийн түгээмэл хохироод байгаа нь бараа, үйлчилгээ захиалах, хандив, телеграмм платформ ашиглан даалгавар биелүүлэх, бусдын цахим хаягийг ашиглан мөнгө шилжүүлэх, олон төрлийн сугалаа зэрэг байна. Энэ бүхэн залилах гэмт хэргийн үйлдлийн арга.
-Онлайн бараа, бүтээгдэхүүн захиалахдаа иргэд юунд алдаад гэмт хэргийн хохирогч болоод байна вэ?
-Иргэд ямарваа нэгэн онлайн бараа, бүтээгдэхүүнийг зарж байгаа газар албан ёсны цахим хаяг нь мөн эсэх талаар нягтлахгүй алдаад байна. Учир нь албан ёсны удаан хугацаанд үйл ажиллагаа явуулсан олон дагагчтай болсон цахим хуудсыг нь хуулбарлаж шинэ хаяг нээгээд залилах тохиолдлууд байна. Үүнд иргэд олон хууртаж байгаа. Мөн баталгаатай албан ёсны онлайн шопын бараа, бүтээгдэхүүн сурталчилж байгаа бичлэг, лайв, зургийнх нь сэтгэгдэл хэсэгт нь өөрийн утасны дугаар, үнэ хэд вэ, авъя, захиалъя гээд хувийн хаягаараа коммент бичээд үлдээдэг. Энэ нь залилагч нарт өөрийгөө өгөөш болгоод үлдээж байна гэсэн үг. Хувийнх мэдээллээр залилагч нар “... онлайн шопоос холбогдож байна. Та аль бараа бүтээгдэхүүнийг сонирхож байна” гээд ярьдаг. Холбогдож байгаа хүн нь албан ёсны онлайн шопынхоо цахим хуудсыг хараад захиалгыг нь үнэн бодитой авч байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Манайх ердийнхөөр бол 14 хоног болно. Урьдчилгаа 50 хувийг нь өгнө. Харин түргэн хугацаанд бол ажлын 5 хоногтоо, амралтын өдөр таарвал 7 хонодог шүү. Ингэж захиалахын тулд урьдчилгаа 70 хувийг нь өгөх ёстой гэдэг. Ийм залилсан тохиолдлууд байна. Тэгэхээр иргэд тухайн онлайн шопынхоо албан ёсны пейж хуудас руу орж цахим хаягууд, утасны дугаар, байршил гээд шалгах хэрэгтэй. Урьдчилгаа өгөх дансны дугаараа албан ёсных эсэхийг утсаар залгаж баталгаажуулж, мэдээллүүдээ нягталсны дараа гүйлгээ хийх шаардлагатай.
-Хандивтай холбоотой залилах гэмт хэрэгт тодорхой кейс дээр тулгуурлан ярьж өгөхгүй юү?
-Орон нутаг, нийслэл гээд ялгаа байхгүй хандивууд явдаг. Хүйтний эрч байгаа чангарч байгаа ихэнх аймагт зуд болох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн энэ үед “Нутгийнхаа зон олонд хандив өгье. Өвсөөр тусалцгаая” гээд аймгуудыг сонгож авдаг. Өнгөрсөн хавар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд энэ төрлийн залилах гэмт хэрэг гарсан. Тодруулбал, “Нутгийн зон олон минь миний бага насны хүүхэд өвдсөн. Та бүхэн туслаач ээ” гээд тухайн сумын албан ёсны группт элсэж ороод зар тавиад залилсан. Тэгэхээр залилагч нар нутаг хамаагүй ямар нэгэн байдлаар цахим орчинд худлаа мэдээлэл тавьж байршуулдаг. Хаалттай группт орох асуумжийг худлаа бөглөөд элсээд орчихдог. Үүгээрээ дамжуулан хандивын аян өрнүүлж залилах гэмт хэрэг үйлддэг.
-Сүүлийн үед бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авдаг тохиолдол түгээмэл болсон. Энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Иргэд дараах гурван зүйлд сайн анхаарах хэрэгтэй. Үүнд:
Та өөрийн хувийн цахим хаягаа олон төрлийн төхөөрөмжид бүү суулга. Иргэд гар утас, таблет, ажил, гэрийн компьютер, нөүтбүүк гээд олон төрлийн төхөөрөмжид нэг хаягаа суулгачихдаг. Тэгэхээр фейсбүүк эсвэл ямар нэгэн платформын аюулгүй ажиллагааны систем нь олон төрлийн төхөөрөмжид зэрэг суулгачихаар ажиллах боломжгүй болоод байна. Яагаад гэвэл төхөөрөмжөө найдвартай гээд сануулаад оруулчихдаг учраас аюулгүй систем алдагдаж эхэлдэг. Ингэснээр шууд нэвтрэх боломж бүрддэг.
Хоёрдугаарт, цахим хаягаа ямарваа нэгэн төхөөрөмжид суулгасан бол гүйцэд гарга. Log out хийгээд орхихоор дараагийн удаа нууц дугаар нэвтрэх эрсдэл үүснэ. Гүйцэд гаргаад дахиад нэвтрэхдээ шинээр нэвтрэх нэр, нууц дугаараа хийгээд ордог байгаарай. Ингэж чадсанаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг алхам болно.
Мөн ямар нэгэн байдлаар энэ линкэнд дараад судалгаанд хамрагдаад өгөөч эсвэл бараа, бүтээгдэхүүн хямдарсан байна гэдэг линкнүүдэд бүү дарж ор. Үүгээр зогсохгүй өнгөрсөн хавар, намар таны зураг энэ сайтад тавигдсан байна гээд холбоос линктэй чат ирдэг. Холбоос дээр алдаа заагаад ороогүй байсан ч таны мэдээлэл алдагдаж байдаг.
-Сугалаагаар залилах гэмт хэргийн аргууд нарийсаад байна гэсэн шүү дээ. Ямар шинэ төрөл нэмэгдээд байгаа вэ?
-Олон төрлийн лайв сугалааны арга нарийсаад сүүлдээ бүр алт шигшээд байгаа. Энэ нь зориудаар шороо дунд алт мэт өнгөтэй металлыг оруулж хийчхээд шигшээд байгаа. Түүнээс биш орд газраас шороо, чулуу авчрах боломжгүй. Мөн Мньямар улсын эрдэнэстэй уулнаас шуудайгаар нь аваад ирлээ. Одоо эрдэнийн чулуу шигшье гээд байгаа. Тийм ямар ч боломж байхгүй. Хоёр улсын хил гаалиар ямар ч чулуу агуулсан шороо хөрс Монгол Улсын хилээр оруулахгүй. Орууллаа гэж үзэхэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулсан, зөвшөөрөл өгсөн ААН байгууллага л оруулж ирнэ.
Түүнээс биш хувь хүн Өвөрхангайгаас шуудай үүрээд Улаанбаатар хотод ороод ирж байгаа шиг амархан зүйл байдаггүй. Тэгэхээр та бүхэн битгий сугалаанд оролцооч.
-Цахим залилангаас гадна мөрийтэй тоглоом монголчуудын “толгойны өвчин” болоод байна шүү дээ?
-2025 оны тавдугаар сарын 31-нд мөрийтэй тоглоомтой холбоотойгоор Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хууль зөвшөөрөх, Зөрчлийн тухай гэсэн гурван том хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотой цахим орчинд олон улсын хэмжээнд тоглогдож байгаа 1xbet, melbet зэрэг цахим хаягуудыг Монгол Улсын нутаг дэвсгэрт 100 хувь хориглосон. Тоглож болохгүй. Тухайн төрлийн тоглоомыг агент буюу зохион байгуулагч хийж болохгүй. Эдгээр нь Эрүүгийн хуульд гэмт хэрэг гээд заагаад өгсөн учраас битгий тоглоорой. Монгол Улсад хориглочхоод байхад VPN болон ямар нэгэн бусад аргаар энэ төрлийн тоглоомыг тоглоод хохирч байгаа иргэд олон байсаар байна. Иргэдээсээ хэзээ ч битгий мөрийтэй тоглоом тоглооч гэж хүсмээр байна. Энэ нь алгоритмаараа танд 10 удаа өгнө эргээд 100 удаа авна гэсэн казиногийн системээр явдаг. Хэзээ ч таныг хожилд хүргэж байгаа үйлдэл биш. Өсвөр насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид, оюутан, залуус сайн анхаарах хэрэгтэй. Байнгын мөрий тавьсаар байгаад донтолт үүсээд түүнээсээ гарч чадахгүй байдалд хүрнэ. Түүнээс болоод хайртай найз нөхөд, хамт олон, гэр бүлээ бүгдийг нь алдах эрсдэлтэй. Тэр байтугай амиа хорлох тохиолдол хүртэл гардаг. Мөрийтэй тоглоомыг тоглохгүй байснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна.
-Цахим залилангаас болж 2025 онд хэр хэмжээний хохирол үүссэн бэ?
-Нийт учирсан хохирол 300 орчим тэрбум төгрөг. Энэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа гэмт хэргийн тоо олон байгаатай холбоотой. Цагдаагийн байгууллага болон Банкнуудын холбоо хамтарсан Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын шуурхай ажиллагааны хэлтэс гэж бий. Энэ нь иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу тухайн залилан болон мөрийтэй тоглоомын гэмт хэрэгт ашиглагдсан дансны талаарх мэдээллийг аваад түргэн хугацаанд барилт буюу царцаалт хийж байгаа. Ингэж чадсанаар иргэдэд учирсан хохирлыг богино хугацаанд барагдуулна, тухайн дансаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Үүнийг 2023 оны аравдугаар сараас хойш Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар байгуулагдаад ажиллаж байгаа. Та цахим залилангийн хохирогч болоод хэр хурдан хугацаанд Цагдаагийн байгууллагад хандсан бэ гэдэг чухал. Залилсан болон мөрийтэй тоглоомын мөнгө монгол хүний дансаар ороод 1-3 минутын дотор дараагийн данс руу гүйлгээ хийгдчихдэг. Тухайлбал, олон улсын мөрийтэй тоглоомын болон виртуал хөрөнгийн данс руу шилждэг.
-Илрүүлэлт буюу хохирол барагдуулалтын хувьд хэр зэрэг байсан бэ?
-Цахим залилангийн илрүүлэлт 35.5 хувьтай байна. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэгт олон улсын гүйлгээ хийгдчихдэг учраас залилж байгаа эзнийг олоход хугацаа их шаардагддаг. Тэгэхээр гэмт хэрэг илрүүлэлтийн хувь шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэний дараа л илэрсэн гэж тооцогддог. Түүнээс биш залилах гэмт хэргийг Бат гэдэг хүний дансаар дорж гэдэг хүн залилсан байна гээд тогтоосон боловч барьж авчраагүй үед илэрсэнд тооцохгүй.
-ЦЕГ-аас Банкнуудын холбоо болон Монголбанктай хамтран 2025 онд цахим залилангийн эсрэг “Дансаа бүү ашиглуул” аяныг зохиосон. Энэ нь хэр үр дүнтэй байв?
-Энэ арга хэмжээг зохион байгуулснаар цахим орчинд үйлдэгдэж байгаа тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээнд буурсан. Мөн өмнөх оны энэ үеэс том тоогоороо харахаар өссөн мэт боловч аян зохион байгуулсан аравдугаар сарын 28-наас арванхоёрдугаар сарын 31-ний хооронд хугацаанд хоногтоо 5-10 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. 2024 онд хоногтоо 15-25 гэмт хэрэг бүртгэгддэг байсан. Ингэснээр арга хэмжээ үр дүнтэй болж байна. Иргэд цахимд орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг ойлгодог боллоо.
-Ярилцлагынхаа төгсгөлд хүмүүст хандаж хэлэх зөвлөгөө байна уу?
-Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор иргэд цахим орчинд онлайн бараа бүтээгдэхүүнээс бэлгээ бэлдэх, ууц, өвчүү захиалах зэрэг худалдан авалт их хийдэг. Тийм учраас иргэд та бүхэн найдвартай гэсэн цахим хаягаас худалдан авалтаа хийгээрэй. Мөн урьдчилгаа мөнгө шилжүүлэхээсээ өмнө нягтлаарай.
"Баримт нэн тэргүүнд” сүлжээний олон нийтийн төлөөх бүтээл