Нийт нутгийн нэг, хоёрдугаар сарын агаарын температур, хур тунадас ямар байх тухай болон өвөлжилт аль нутгуудаар хүндрэхээр байгаа талаар УЦУОСМХ-ийн Ерөнхий инженер Б.Жаргалан мэдээлэл өглөө.
Нэгдүгээр сарын агаарын температур
Нэгдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар болон Орхон Сэлэнгийн сав газарт 24-34 градустай. Увс нуур Дархадын хотгороор 30-33 градус, Алтай говь болон говийн бүс нутгаар 12-18, бусад нутгаар 18-24 градус хүйтэн байдаг. Тэгвэл 2026 оны нэгдүгээр сарын урьдчилсан төлөвөөр төвийн ихэнх нутгаар, зүүн аймгуудын ихэнх болон говийн аймгуудын зүүн хойд хэсгээр тухайлбал Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн хойд хэсэг, Дундговь, Дорноговийн зүүн хойд талын сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Харин нутгийн баруун өмнөд хэсэг буюу Говь-Алтай, Баянхонгор, өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дундаж орчим байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд олон жилийн дунджаар Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 2-4 мм бусад нутгаар 0-2 мм цас ордог. 2026 оны нэгдүгээр сарын урьдчилсан төлөвөөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгийн сумдаар болон Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баян-Өлгий Ховд Говь-Алтайн Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөв гарсан.
Хоёрдугаар сарын агаарын температур
Хоёрдугаар сарын хувьд агаарын температурын олон жилийн дундаж нь Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -22-28 градусын хүйтэн. Алтай, Говь болон говийн аймгуудын нутгаар 8-14 градус бусад нутгаар 14-22 градус хүйтэн байдаг. 2026 оны хоёрдугаар сарын төлөвөөр бол ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн зүүн өмнөд хэсэг, баруун өмнөд хэсгээр олон жилийн дундаж орчим, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дундаж орчим байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд хоёрдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-4 мм бусад нутгаар 0-2 мм цас ордог. 2026 оны хоёрдугаар сарын урьдчилсан төлөвөөр нийт нутгаараа олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар өвөлжилт хүндэрнэ
Өнгөрсөн зуны ган зуншлагын байдал, таримал ургамлын ургалтын байдал тэгээд малын тоо толгой, температур тунадасны төлөвтэй уялдуулаад Хөдөө аж ахуйн хэлтсээс зудын эрсдэлийн зургийг гаргаж өгдөг. Зүүн аймгуудын нутаг харьцангуй хүндрэлгүй, ахиу цас орох бүс нутгууд дээр хүндрэл багатай , хүндрэлгүй, дунд зэрэг гэсэн түвшинд байгаа. Энэ нь өнгөрсөн зун зүүн аймгуудын нутгаар тунадас гайгүй байж бэлчээрийн ургамлын ургалтын байдал харьцангуй гайгүй. Хэдий цас их орсон ч зудын эрсдэл нь харьцангуй бага гэсэн үг.
Харин баруун аймгуудын нутаг болохоор өнгөрсөн зун өвс бага ургасан мөн малын тоо толгой ихтэй, төлөвийн хувьд дунджаас дулаан дундаж орчим байгаач тэр бэлчээрийн ургамлын ургалтын байдал болон малын тоо толгойноос шалтгаалаад Баян-Өлгий болон Увсын нутгуудаар хүндрэл үүсэхээр байгаа. Бэлчээрийн даац хэтэрсэн мөн өвс ургалт бага хур тунадас бага байснаас үүдэж энэ тал руугаа зудын эрсдэл өндөр байгаа юм.
Тэгэхээр нэгдүгээр сар, хоёрдугаар сард зүүн аймгуудын нутгаар цасны хэмжээ олон жилийн дунджаасаа их байгаа нь бас хүндрэх нөхцөл биш гэсэн үг. Зүгээр цас их орно гэхдээ өвөлжилт хүндрэхгүй. Нэгдүгээр сарын цас ордог дундаж хэмжээ нь олон жилийн дундаж нь харьцангуй бага байгаа. 1-2 мм байлаа гэхэд ирэх төлөвөөр үүнээс арай их 3-4 мм цас орох хүндрүүлэх нөхцөл биш гэсэн үг.
Манайхаас гаргаж байгаа мэдээлэл дээр сар болгоны 25-нд дараа сарын мэдээ гардаг. 12.25 нд дараа сарын төлөв гарсан. 28-нд нь тэрнээс цааших гурван сар буюу 2-4 сар хүртэлх урьдчилсан төлөв гардаг. Гэхдээ нарийвчлалын хувьд харьцангуй багатай тул мөн хугацааны хувьд их хол учир ерөнхий төлөв байдлаар гарсан гэсэн үг. 3-4 сард ерөнхийдөө тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим 3 сарын температур нь баруун аймгуудын нутгаараа олон жилийн дунджаас дулаан, зүүн аймгуудын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна. Ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим температуртай байж хур тунадасны хувьд нийт нутгаараа дундаж орчим байх төлөв гарсан байгаа. Энэ нь дахин нэг сарын сүүлээр нарийвчлагдаад гарах юм.