Дэлхий даяарх 10,000 гаруй шатахуун хадгалах терминал, 6,200 гаруй үйлдвэрлэлийн байгууламжийн логистик, үйл ажиллагаа, дэд бүтэц, тээврийн мэдээллийг судалдаг TankTerminals.com зах зээлийн судалгааны платформ дээр "Сибирийн хүч-2" хийн хоолойтой холбоотой дараах нийтлэл гарчээ. Монгол Улсын газар нутгийг дамжин Оросоос Хятад руу баригдах “Сибирийн хүч-2” хийн хоолойн барилгын ажил асар их хэмжээний ажил, томоохон төсөл, олон талын хэлэлцээ шаардах тул 10 жил үргэлжилж магадгүй гэж Хятадын төрийн өмчит эрчим хүчний томоохон компани CNPC-ийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Лю Рүкүань энэ долоо хоногт мэдэгдлээ.
CNPC-ийн Эдийн засаг, технологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Лю Рүкүань олон улсын Эрчим хүчний удирдагчдын форумын үеэр ийм байр суурь илэрхийлснийг Reuters иш татан мэдээлсэн юм. Түүний хэлснээр хоёр тал энэ онд төслийг хэрэгжүүлэх эцсийн шийдвэр гаргасан ч уг ажил бүрэн тохиролцоонд хүрээгүй, эцэслэн батлагдаагүй байдалтай байна.
Газпром болон CNPC нь өнгөрсөн есдүгээр сард Оросоос Хятад руу Монголын нутгаар дайрч барих “Сибирийн хүч-2” хийн хоолойн талаар өргөн хүрээний, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Тус хоолойгоор Баруун Сибирийн хийг Хятадын хойд бүс рүү нийлүүлэх юм.