Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнэ 2025 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар өмнөх сартай харьцуулахад 0.4 хувь, өмнөх долоо хоногоос 0.7 хувиар өссөн байна. Тухайлбал, хотын хэмжээнд махны дундаж үнэ бага зэрэг нэмэгдсэн бөгөөд хонины ястай мах өмнөх долоо хоногт 16,444 төгрөг байсан бол 16,538 төгрөгт хүрч 0.6 хувиар өсжээ. Үхрийн ястай мах 20,628 төгрөгөөс 20,714 төгрөг болж 0.4 хувиар өссөн бол ямааны ястай махны үнэ харьцангуй өндөр өсөлттэй буюу 13,325 төгрөгөөс 13,658 төгрөг болж 2.5 хувиар нэмэгдсэн байна.Гурил, талхны төрлийн бүтээгдэхүүний хувьд 1-р зэргийн гурилын үнэ 2459 төгрөгөөс 2484 төгрөг болж 1.0 хувиар өссөн бол “Атар” талхны үнэ тогтвортой, хоёр долоо хоног дараалан 2707 төгрөг хэвээр байв. Түлш болон зарим хүнсний бүтээгдэхүүний хувьд АИ-92 бензиний үнэ өөрчлөлтгүй буюу литр нь 2590 төгрөг хэвээр байсан бол хүнсний ногооны дундаж үнийн индексэд жижиг хэлбэлзэл ажиглагдав. Сонгины үнэ 1.5 хувиар буурч 3789 төгрөг болсон бол дотоодын төмсний үнэ 2513 төгрөгөөс 2623 төгрөг болж 4.4 хувиар өсжээ. Мөн өндөгний үнэ 614 төгрөгөөс 622 төгрөг болж 1.2 хувиар нэмэгдсэн байна.Шинэ сүү, элсэн чихэр, цагаан будааны үнэ энэ хугацаанд тогтвортой байж, ямар нэгэн өсөлт бууралт ажиглагдсангүй. Шинэ сүүний литрийн үнэ 5012 төгрөг, элсэн чихэр кг нь 4951 төгрөг, цагаан будаа 4966 төгрөгөөр хэвээр үлджээ.