Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулж багш, эцэг, эхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Судалгаагаар монголчуудын 28 хувь нь тамхи татдаг нь батлагджээ. Тухайлбал, 2023 оны тамхидалтын тархалтыг 2019 онтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн тамхидалт дөрөв дахин нэмэгджээ. Мөн тамхи татах нас гурван насаар залуужсан аж.
Түүнээс гадна сүүлийн жилүүдэд манай улсад тамхи, ялангуяа шинэ төрлийн электрон болон халаадаг тамхины хэрэглээ өсөж, импорт нэмэгдэн хяналтгүй зарагдах болсон. Үүнтэй холбоотой өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ уламжлалт тамхины хэрэглээнээс давж, 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэх судалгаа гарчээ.
НЭМҮТ-ийн захирал Л.Баттөр: Нэгдүгээрт, янжуур болон электрон тамхи нь хавдар үүсгэгч бодисуудыг агуулж байдаг. Хоёрдугаарт, янжуур болон электрон тамхинд донтсон хүмүүс хар тамхи болон бусад донтуулагчийг хэрэглэх эрсдэлтэй гэсэн судалгаа бий. Амт, үнэр бол тамхи үйлдвэрлэгчдийн ирээдүйн хэрэглэгч, худалдан авагчаа бэлдэж байгаа халхавч маск юм. Тамхины хяналтын тухай хууль удахгүй батлагдаж иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэдэгт итгэж байна.
Баянгол дүүргийн 40-р сургуулийн нийгмийн ажилтан: Сургуулийн орчинд электрон тамхины хэрэглээ их байгаа. Иймд 2023 онд "Сургууль дээрээ электрон тамхи тамхинаас гарах хэрэгсэл мөн үү" гэдэг асуулга явуулахад ахлах ангийн 200 гаруй хүүхдийн бараг 50 хувь нь “Ер нь тамхинаас гаргана эсвэл мэдэхгүй” гэж хариулт өгсөн. Мөн эрүүл мэнд, санхүүгийн хувьд электрон тамхи ямар хор нөлөөтэй талаар сурагчдын мэдлэг хомс байсан. Тэгэхээр бид электрон тамхины мэдээллийг нэмэгдүүлэхээр 2023 оноос үе шаттай сургалтуудыг явуулсан. Үүний үр дүнд 2025 онд электрон тамхины хэрэглээний талаар харьцангуй мэдээлэлтэй болж, нэг нэгэндээ хяналт тавьдаг болсон. Хүүхдүүдээс электрон тамхи хурааж аван эцэг эхчүүдэд нь өгөхөд тамхи биш, хориглох заалт байхгүй гэх хандлагыг ч гаргаж байсан тохиолдол бий. Электрон тамхийг зохицуулсан хууль байх ёстой. Ингэснээр өсвөр насны хүүхдүүдийг тамхинаас гаргах, хяналт тавих боломж бүрдэнэ.