УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хурлаар хоёр асуудал хэлэлцжээ.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээний танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж гишүүдэд танилцуулсан
Улсын хэмжээнд татварын орлогын гүйцэтгэл, татварын өртэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой Татварын Ерөнхий газрын бэлтгэсэн мэдээллийг сонсжээ. Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 их наядын өр байгаа бөгөөд үүнээс 74.389 компани 6.2 их наядын өртэй байгаа талаар мэдээлэл өгсөн зэрэг багтаж байна.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Татварын ерөнхий газарт 320 мянган иргэн, ААН-ийн 6.5 их наядын өр, хүү алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн жил 3.5 их наядын татварын өртэй иргэн, ААН байсан бол жилийн дотор 6.5 наядын өр, хүү, торгууль хуримтлагджээ. Та нар энэ тоог харьцуулаарай. Өнгөрсөн жил 50 мянган ААН өртэй байсан бол энэ жил 70 мянга болж нэмэгджээ. Мөн 220 мянган иргэн ямар нэгэн байдлаар татварын өрийн асуудалтай байна. Үүнээс бизнесийн орчин, татвар төлөлт яаж муудаж байгааг энэ тоо дүгнээд хэлчих байх. Татварын өрийн цаана төрийн оролцоо, дарамт, авлигал, Монгол Улсын иргэний олж байгаа ашиг зэрэг олон зүйл харагдана. Эдгээр тоо баримтыг харахад татварын өршөөлийн талаар ярих болсон. Олон улсад ч 10 жилийн давтамжтай энэ асуудлыг хардаг туршлага бий. Үүнд хуулийн тогтоолын төсөл бэлдэж байгаа. Гэхдээ үүндээ томоохон ААН том дүнгийн хязгаарыг тавих шаардлагатай. Магадгүй эдийн засгийн, татварын өршөөл жижиг, дунд ААН-үүдэд түлхүү хамаарах хуулийн зохицуулалтыг хийх шаардлагатай болно. Гуравдугаарт, татварын өршөөл гээд өмнөх жишгээр 100 хувь өршөөхөөр төлсөн иргэд, ААН-үүдийг хохироодог тал гардаг. Хуулиа биелүүлээд явж байсан иргэд, ААН сэтгэл дундуур байх нөхцөл үүсдэг. Иймээс тодорхой хэмжээний хувиар хуримтлагдсан татварыг төлөхөөр судалж байгаа.