Open iToim app
Эрүүл монгол | 10 мин уншина

Сурвалжилга: Олон улсын магадлан итгэмжлэлийг дөрөв дэх удаагаа хүртсэн Интермед эмнэлэгт зочиллоо

Сурвалжилга: Олон улсын магадлан итгэмжлэлийг дөрөв дэх удаагаа хүртсэн Интермед эмнэлэгт зочиллоо
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 24
“Интермед” эмнэлэг 2014 оны тавдугаар сард үүд хаалгаа нээснээс хойш өнөөдөр олон нийтэд хамгийн танил, иргэдийн зорьж очдог эмнэлгүүдийн нэг болжээ. Өдгөө тус эмнэлэгт 800 орчим ажилтан ажиллаж, өдөрт оргил ачааллын үед 1600 гаруй иргэнд үзлэг оношилгоо, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Долоо хоног бүр 50 орчим мэс засал хийгдэж, жилд нийтдээ 1500 гаруй хагалгааг амжилттай гүйцэтгэдэг бөгөөд эдгээрт энгийн жижиг хагалгаанаас эхлээд 10 цаг үргэлжилдэг нарийн төвөгтэй хавдрын мэс заслууд хүртэл багтаж байна.
Түүнчлэн жил бүр 1000–1200 шинэ иргэн "Интермед" эмнэлэгт мэндэлдэг нь төрөх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал ямар түвшинд хүрснийг илтгэнэ. Чанарын соёлыг Монголд төлөвшүүлэх зорилгоор олон улсын магадлан итгэмжлэлд тогтмол хамрагддаг тус эмнэлэг энэ жил дөрөв дэх удаагаа амжилттай баталгаажуулжээ. Энэ бол “авъя гээд авсан” зүйл бус, харин Монгол Улсад чанартай, аюулгүй эрүүл мэндийн үйлчилгээний жишиг тогтоохоор зорьсон тасралтгүй хөдөлмөрийн үр дүн гэдгийг эмнэлгийн хамт олон онцолж байв.
Сурвалжилгын хүрээнд бид эмнэлгийн хамгийн дээр буюу 10 давхраас нь эхлэн B1 хүртэлх бүх өрөө, тасгаар орж үйлчилгээ, үйл ажиллагаатай нь танилцах боломж олдсон юм. “Интермед”-ийн өдөр тутмын ажлын хэмнэл, тоног төхөөрөмж, стандарт хэрхэн амьдрал дээр хэрэгждэгийг биечлэн харж, танилцлаа.
undefined
"Интермед" эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар: "Интермед" эмнэлэг байгуулагдсан нь өөрөө ихээхэн утга учиртай. Эмч мэргэжилтний үр хүүхдүүд эцэг эхийнхээ дурсгал, тэдний эмч хүний ариун зорилгыг хүндэтгэн, нэрийг нь мөнхжүүлэхийн тулд энэ эмнэлгийг байгуулсан. Ийнхүү Монголын эрүүл мэндийн салбарт үнэ цэнтэй хувь нэмэр оруулж буй байгууллага төрсөн юм. Монгол оронд ажил үйлс нь амжилттай яваа хүмүүсийн хүч, хөрөнгө, сэтгэлийн дэмээр бүтсэн энэ эмнэлэг нь зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, чанарын соёлыг түгээх чин хүсэл эрмэлзэлтэй байгууллага юм.
Эмнэлгийн үйлчилгээ гэдэг өөрөө маш эмзэг, өндөр хариуцлага шаардсан ажил. Хүний эрүүл мэнд үргэлж сайн байдаггүй, зарим үед зайлшгүй муу мэдээ дуулгах, хүндрэл эрсдэлийг тайлбарлах шаардлага гардаг. Олон шалтгаанаас үүдэлтэй сорилттой нөхцөлд бид бүхэн мэргэжлийн хувьд хамгийн өндөр хариуцлагатай байх ёстой. Тийм ч учраас эмнэлэгт хэрэглэгдэж байгаа уснаас эхлээд хамгийн жижиг деталиудыг хүртэл бид маш нарийн хянаж, стандартаа баримталж ажилладаг. Эрүүл мэндийн системийн нэгэн томоохон оюуны болон ур чадварын төв болсон хүний хувьд бид бусдад зааж сургахын зэрэгцээ, хүмүүсийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх, аль болох эмнэлэгт хэвтэх шаардлагагүй байхад нь туслахыг зорьдог. Гэхдээ хүнд үнэхээр тусламж хэрэг болох үед бид чадах бүхнээрээ дэмжиж, эмчилж, хамгийн сайн үр дүнд хүргэхийг зорьж ажиллаж байна.
undefined
Нийгэм, улс орны нөхцөл байдалд сайн зүйл ч байна, сайжруулах шаардлагатай зүйл ч байна. Гэхдээ болохгүй байна гээд зүгээр сууж болохгүй. Хамгийн сайнаараа яаж ажиллах вэ, яаж нэг нэгэндээ туслах вэ гэдэг дээр л хамтын ажиллагаа хэрэгтэй. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 100 хүн тутмын 99 хувь нь эдгэрч, сайхан болоод гардаг. Энэ бол бидний ажлын хамгийн том урам, хамгийн том шагнал юм. Үйлчлүүлэгчдээс маш олон эерэг сэтгэгдэл ирдэг. Зарим нь хэлэхгүй ч тайван, эрүүл болоод гэр бүлтэйгээ элэг бүтэн гарч буйг харахад бидэнд хангалттай. Хэлбэл бүр ч сайхан байдаг ч, хэлээгүй байсан ч бид тэдний сайжирч байгаа дүр төрхийг хараад сэтгэл хангалуун болдог.
Миний хувьд ч, М Си Эс-ийн хувьд ч "Интермед" бол зүгээр нэг хүмүүс ажилладаг газар биш. Энд хүмүүс ажиллахаас гадна амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг гэдгийг бид маш сайн ойлгох ёстой. Учир нь хүн бүрийн амьдралд баяр баясгалан, гуниг зовлон, саад бэрхшээл зэрэг олон зүйл тохиолддог. Өвчтэй ирж буй хүнд ч ийм зүйл бий, тэднийг эмчилж байгаа эмч, сувилагч, ажилтан бүрийн ард ч амьдралын асуудал, тулгамдсан зүйлс байдаг.
Тиймээс бид ажилтнуудынхаа сэтгэл зүй, биеийн эрүүл мэнд, ажлын тав тухтай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаардаг. Дулаан, тайван уур амьсгалыг бий болгох нь байгууллагын үүрэг гэж үздэг. Эмнэлгийн орчин гэдэг өөрөө өндөр хариуцлага, эрсдэл шаардсан өвөрмөц орчин. Өвчнөө мартаж, тайван уур амьсгалд илүү сайн эмчлүүлэх боломжийг бий болгохын төлөө "Интермед"-ийн хамт олон хичээн ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын амжилт зөвхөн эмчлүүлж байгаа хүмүүсийн тав тухаар хязгаарлагдахгүй. Ажиллаж буй хүмүүс өөрсдөө сайхан байх нь эмчилгээ, үйлчилгээний чанарт шууд нөлөөлдөг. Тиймээс манай эмнэлэг бүх давхарт ажилтнуудад зориулсан цайны өрөөтэй. Хоолны материалаа хамтдаа бэлтгэж, өдрийн цайгаа уудаг.
Захирал хүн гэж хөмсгөө зангидаад холоос тушаал өгдөг хүн байх ёсгүй. Би өдөр бүр эмч, ажилтнуудынхаа дунд, хамтдаа байж, өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцож, тэдний орчинд, тэдний хэмнэлээр ажиллахыг чухалчилдаг. Ингэснээр байгууллагын дотоод уур амьсгал дулаахан, итгэлцэлтэй, нэгдмэл байхад хамгийн их хувь нэмэр болдог гэж боддог.
Бид эмнэлгийн хог хаягдлыг хамгийн өндөр аюулгүй байдлын стандартаар зохицуулахыг зорьдог. Хүнсний хог хаягдлыг тусгай зориулалтын хөргөгчинд хадгалж, дараа нь зөвшөөрөлтэй компанид тээвэрлэн устгуулдаг. Эмнэлгийн хог хаягдлыг ч бүрэн тусгаарласан, цоож цуургатайгаар хадгалдаг. Энэ мэт жижиг мэт боловч маш нарийн ажиллагааг бид байнга анхаарч, шаардлагатай бүх нөхцөлийг бүрдүүлэн, эмнэлгээ олон улсын стандартад нийцүүлэн ажиллуулдаг.
"Интермед" эмнэлгийн үйл ажиллагаа тасалдахгүй байх нь өвчтөнд хамгийн чухал. Тиймээс бид бүх дэд бүтцээ олон давхар хамгаалалттайгаар төлөвлөсөн. Жишээлбэл, эмнэлгийн барилгын доор маш том усны нөөцийн танк байрладаг. Хэрэв төвийн шугамд ус тасарсан нөхцөлд ч манай эмнэлэг бүтэн нэг сар өөрийгөө усаар хангах нөөцтэй. Цахилгааны хувьд гурван эх үүсвэртэй. Тог тасалдах нөхцөлд гадаа байрлах дизель генератор автоматаар ажиллаж, эмнэлгийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр шууд хангадаг. Мөн бүх чухал тоног төхөөрөмж нөөц батерейтай тул мэс засал, ажилбар явагдаж байх үед гэнэтийн тасалдал гарлаа ч тухайн ажилбарыг дуусгах хүртэл хангалттай цахилгаантай байдаг. Үүн дээр нэмээд камержуулалт, хяналт, аюулгүй байдлын бүх системүүд тогтмол ажилладаг.

"Интермед" эмнэлэг шинэ өргөтгөлийн бүтээн байгуулалтад гурван үндсэн чиглэлд онцгой анхаарч, хөрөнгө оруулалт хийсэн

Нэгдүгээрт, сэргээн засах эмчилгээний төв. Энэ чиглэлд бүтэн давхрын зайг зориулан, хүний сэтгэлзүй, бие бялдар хоёрыг хавсран дэмжих цогц орчныг бүрдүүлсэн. Зөвхөн өвдсөний дараа сэргээх бус, өвдөхөөс нь өмнө эрүүл байдлыг урт хугацаанд хадгалж, хэвийн амьдралдаа хурдан ороход нь чиглэсэн үйлчилгээ үзүүлэх зорилгоор хүний нөөц, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлд томоохон хөрөнгө оруулалт хийсэн.
Хоёрдугаарт, өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэл. Хүнийг хагалгаанд орох шаардлагагүй үед нь, бүрэн эдгэрэх боломжтой үе шатанд өвчнийг илрүүлэх нь хамгийн чухал. Үүнтэй холбоотойгоор Интермед хөдөлмөрийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үзлэгийн системээ шинэчилж, оношилгооны тоног төхөөрөмжийн бааз сууриа бэхжүүлэн, инновацад тогтмол хөрөнгө оруулж байна.
Гуравдугаарт, цочмог өвчний үеийн тусламж үйлчилгээ, ялангуяа зүрх судасны чиглэл. Монгол Улсад болон дэлхий нийтэд зүрх судасны өвчний хүндрэл, нас баралт өндөр хувь эзэлдэг учир энэ чиглэлд онцгой анхаарсан. Өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрт оношлох, цочмог үеийн эмчилгээний үр дүнг сайжруулахын тулд шинэ техник технологи нэвтрүүлж, мэргэшсэн баг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалтаа төвлөрүүлж байна.
undefined
Урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийн эмч С.Өлзийзаяа: Манай тасаг 2014 оноос хойш тасралтгүй ажиллаж, жил бүр 16 мянга гаруй хүнд урьдчилан сэргийлэх болон хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийн үйлчилгээ үзүүлж байна. Иргэд багцаа сонгон шинжилгээнд хамрагдаж, дараагийн шатны шаардлагатай аппаратын үзлэгт шууд үргэлжлүүлэн ордог учраас үйлчилгээний урсгал тасалдалгүй, хурдан явагддаг. Тоног төхөөрөмжийн хувьд манай эмнэлэг давхар хүчин чадалтайгаар ажилладаг нь хүлээгдэл үүсэхээс сэргийлдэг давуу талтай. Сонсгол хэмжих, нүдний үзлэг хийх, зүрхний цахилгаан бичлэг авах зэрэг үндсэн аппаратууд бүгд тус бүр хоёр байдаг тул иргэд үзлэгтээ удаан хүлээх шаардлагагүй. Бидний ашиглаж буй бүх төхөөрөмж олон улсын эрүүл мэндийн стандартад нийцсэн бөгөөд жил бүр гадаадын байгууллагаас хөндлөнгийн аудит хийгдэж, ажиллагааны зөв эсэхийг баталгаажуулдаг.
Мэргэжлээс шалтгаалах өвчнийг илрүүлэхэд уушгины багтаамж, амьсгалын үйл ажиллагааг шалгах шинжилгээ маш чухал. Энэ шинжилгээнд жил бүр гадаад аудит хийгдэхээс гадна сар бүр биологийн хяналт хийж аппарат зөв ажиллаж байгаа эсэхийг манай баг тогтмол шалгадаг. Уурхай болон эрсдэлтэй орчинд ажилладаг хүмүүст зориулсан хамгаалах хэрэгсэл буюу чихний бөглөө бодитойгоор таарч, хүний сонсголыг хамгаалж чадаж байгаа эсэхийг тогтоодог тусгай тест ч бидний үзлэгийн нэг хэсэг.
Цаг зав хомс, хурдан үйлчилгээнд хамрагдахыг хүссэн үйлчлүүлэгчдэд зориулан тусгай VIP хэсгийг байгуулсан. Энэ хэсэгт богино хугацаанд бүх үзлэг шинжилгээг багтаасан шуурхай үйлчилгээ төвлөрдөг. Мөн зөв хооллолтын зөвлөгөө өгөхөөс гадна эрүүлээр жин хасах хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлдэг нь манай тасгийн онцлог юм.
undefined
Сэргээн засах тасгийн эрхлэгч Э.Мөнгөнтуул:  Манай тасаг нь өндөр технологи, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг шаардлагатай үйлчлүүлэгчдэд өдрийн болон амбулаторийн эмчилгээг үзүүлж байна. Үйлчилгээний хүрээнд сэргээн засахын эмчийн үзлэг оношилгоо, уламжлалтын эмчийн үзлэг оношилгоо, мөн 10 гаруй төрлийн эмчилгээний цогц үйлчилгээ бий.
undefined
Өдөрт нэг үйлчлүүлэгчид 30–60 минутын хугацаанд тухайн хүний байдалд нь тохируулсан хөдөлгөөн заслын эмчилгээг үзүүлдэг бөгөөд манай хөдөлгөөн засалчид бүгд мэргэшсэн, туршлагатай мэргэжилтнүүд юм. Сэргээн засах тусламж үйлчилгээний бүх гол чиглэлд хүрч ажиллахыг зорин, тоног төхөөрөмж, технологийн шийдлээ тогтмол сайжруулж байна.
Эмчилгээний тасагт өндөр давтамжит соронзон орон ашигласан эмчилгээ, төрсний дараах болон мэс заслын дараах эмэгтэйчүүдийн аарцагны булчинг чангалах аппарат, нойргүйдэл, стресс, түгшүүрийг бууруулах гэрлийн эмчилгээний төхөөрөмж зэрэг тусгайлсан технологиуд ашиглагддаг. Үүнээс гадна 20 гаруй төрлийн цахилгаан эмчилгээний сонголттой. Үйлчлүүлэгчийн онош, биеийн байдлаас шалтгаалан долгион эмчилгээ, гэрлэн эмчилгээ, соронзон орны эмчилгээ зэрэг физик хүчин зүйлд суурилсан тохирох эмчилгээг санал болгодог.
undefined
Зүрх судасны эмч Э.Энхжаргал: Манай эмнэлэг зүрх судасны цочмог үеийн тусламжийг сайжруулж, цаашид зүрхний төв байгуулах зорилтын хүрээнд нэг давхраа бүхэлд нь зүрхний оношилгоо, эмчилгээний зориулалтаар бүрэн тохижуулсан. Дэлхийд зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа. Тэр дундаа зүрхний шми өвчин хамгийн түгээмэл шалтгаануудын нэгт ордог. Монголд ч яг адил, энэ өвчин нас баралтын голлох шалтгаануудын нэг хэвээр байна. Манай тасаг 2019 оноос хойш зүрх судасны өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлээр тогтмол, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн биеийн байдлыг бид төв мониторын системээр бүхэлд нь хянадаг. Ямар нэгэн эрсдэлтэй шинж тэмдэг илрэх юм бол шуурхай арга хэмжээ авах боломжтой.
undefined
Амбулаторийн зүрхний тасагт ч бид хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг үзэж, оношлохын зэрэгцээ амбулатороор ирж байгаа үйлчлүүлэгчдэд бүх төрлийн нарийн шинжилгээг хийж байна. Үүнд зүрхний ачааллын бичлэг, зүрхний хэт авиан шинжилгээ, 24 цагийн бичлэг, цаашлаад 7 хоногийн бичлэг гэх мэт нарийн ажиглалтын шинжилгээнүүд ордог. Мөн эмнэлгийн аль ч цэг дээр байрлах сувилагчийн постуудаас ажилладаг дотоод дохиоллын системтэй. Гал гарах, зүрх зогсох, хүүхэд төөрөх зэрэг яаралтай нөхцөл үүсвэл эмнэлгийн бүх ажилтанд ойлгогдох кодын системээр мэдээлдэг. Ингэснээр юу болж байгааг богино хугацаанд бүх хүнд хүргэж, шаардлагатай хүн хүчийг нэг дор хурдан төвлөрүүлэх боломж бүрддэг.
undefined
Анатомын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Ганхүү: Манай тасаг нь эд эсийн шинжилгээ хийх лаборатори юм. Хүнээс авсан жижиг эдийг лабораторийн дамжлагаар боловсруулаад микроскопоор харж болохуйц жижиг шилэн бэлдэц болгон бэлтгэдэг. Үүнийгээ ажиглан эцсийн онош дүгнэлт гаргадаг бөгөөд энэ нь тухайн өвчин хавдар мөн эсэх, хэр хортой хавдар болохыг тодорхойлдог лаборатори юм. Жишээ нь, хөхний хавдартай хүнээс авсан дээжийг авч, хөндлөн зүслэг хийсний дараа хавдрын голомтыг тодорхойлж, лабораториор дамжуулан зураглал үүсгэдэг. Үүний дараа үндсэн шинжилгээ хийж, хавдрын хортой байдал, аль эсээс гаралтай, хаанаас үүссэн болохыг тодруулж молекулын шинжилгээ хийдэг.
Бид сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан эд эсийг 40-1000 дахин өсгөж томруулан нарийн оношилгоо хийдэг. Ингэснээр эцсийн онош, дүгнэлтийг өндөр нарийвчлалтай баталгаажуулдаг. Мөн лаборатори дотоодын зөвлөгөө хийхээс гадна Японы профессоруудаас зөвлөгөө авч, олон улсын хамтарсан зөвлөгөөний үндсэн дээр эцсийн онош дүгнэлтийг баталгаажуулдаг.
undefined
Хоол боловсруулах эмгэг судлал Дурангийн тасгийн эрхлэгч Б.Энхжаргал: Манай эмнэлгийн хамгийн хүчирхэг гэж хэлж болох тасаг бол хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн тасаг юм. Энэ тасаг дурангийн оношилгоо, эмчилгээ, халдваргүйтэл, ариутгалд онцгой анхаарал хандуулж, томоохон хөрөнгө оруулалт хийсэн.
Улаан хоолойноос шулуун гэдэс хүртэл, мөн элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагааг судлах олон чиглэлийн эмчилгээ, оношилгоог хийдэг. Манай тасаг нь хэд хэдэн хэсгээс бүрддэг. Хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулатори, дурангийн хэсэг. Манай дурангийн хэсэгт долоон өрөө ажиллаж, бүгд орчин үеийн, зах зээл дээр гарч ирсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Мөн яаралтай тохиолдолд бүх арга хэмжээг шуурхай авах боломжтой өрөөтэй юм.
undefined
Дуран бол дахин ашиглах боломжтой багаж тул ариутгал нь маш чухал. Хүмүүст халдвар дамжихгүй байхын тулд дэлхийн стандартад нийцсэн ариутгалын протоколыг мөрддөг. Орж ирсэн дуранг бүрэн автомат ариутгалын машины тусламжтай ариутгадаг бөгөөд энэ нь зөвхөн угаах бус бүрэн ариутгах боломжтойгоороо онцлогтой. Мөн дуранг хадгалах тусгай өрөөтэй бөгөөд стандартын дагуу хоёр урсгалтай зохион байгуулалттай. Хэзээ ч хэрэглэсэн дуран ариутгасан дурантай холилдох боломжгүй. Цэвэр, бохир урсгалыг бүрэн тусгаарлаж аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилладаг.
undefined
Агаар сэлгэлт, дулааны инженер Ч.Ганхуяг: Манай эмнэлгийн аравдугаар давхрыг техникийн давхар гэж хэлж болно. Энэ давхарт агааржуулалтын төхөөрөмж байрласан өрөө, мөн нисдэг тэрэг буух боломжтой зогсоол бий. Ингэснээр хөдөө орон нутгаас эсвэл Монголын аль нэг эмнэлгээс ирэх шаардлагатай хүмүүс заавал холын онгоцны буудал дээр буугаад замыг үргэлжлүүлэх бус, манай нисдэг тэрэгний зогсоолд бууж, цааш нь эмнэлэгт шуурхай хүргүүлэх боломжтой болсон. Бид нислэгийн хүчин чадлын тооцооллыг гаргаж, зохион байгуулалтыг бүрэн хангасан. Одоогоор манай хоёр инженер нисдэг тэрэгний сургалтад хамрагдаж байгаа.
undefined
Онцгой байдлын албаны нисдэг тэрэг буух боломжтой талбайн бүртгэлд манай эмнэлэг орсон байгаа. Энэ нь онцгой байдлын үед тээвэрлэх, хүлээж авах, агаарын яаралтай тусламж үзүүлэхэд бид бэлэн байгааг илэрхийлж байна. Туршилтын нислэгүүд амжилттай хийгдсэн бөгөөд одоогоор хүн хүлээн аваагүй байгаа ч бэлтгэл бүрэн хангагдаж байна.

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн