“Центр доктора бубновского” хөдөлгөөнөөр эмчлэх, нөхөн сэргээх төвийн эмч, клиникийн профессор А.Буяндэлгэртэй чихрийн шижин өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Сүүлийн үед чихрийн шижингээр хүмүүс нэлээд өвчлөх боллоо. Энэ өвчин юунаас шалтгаалдаг талаар ярихгүй юү?
-Монгол Улсад чихрийн шижин өвчин бүртгэгдсэн нь 1960-1970 он юм шиг байгаа юм. Яг нарийн тоо байдаггүй. Ер нь чихрийн шижин өвчин хоол, ундтай холбоотойгоор нэмэгдэж байгаа нь тодорхой. Монголчууд өвөл өөхтэй тарган мах, зуны улиралд тослог ихтэй ааруул, айраг таргаа хэрэглээд бүгд илүүдэл жингүй амьдардаг байсан. Өмнө нь тарган хүн маш цөөхөн байсан бол одоо сургуулийн өмнөх насны хүүхдүүд илүүдэл жинтэй явж байхад хэн ч гайхахгүй. Эр, эм, хөгшин, залуу, хот, хөдөө гэлтгүй бүгд илүүдэл жинтэй болсон. Монголчуудын хувьд 100 кг жин жин биш болчхоод байна шүү дээ.
Хүн төрөлхтөн хэдэн сая жилийн турш эдгээрийг идэж явдаг байсан. Харин хамгийн анхны улс үүсэж анги, нийгмийн ялгааг дагаад 10 мянган жилийн өмнө улаанбуудайг тарьж сурсан. Монголчууд улаанбуудайг 1960-аад оноос идэж эхэлсэн. Европчууд элсэн чихрийг 600-700 жилийн өмнө хүнсэнд хэрэглэж эхэлсэн бол манай улс 1960-1980 оноос эхлэлтэй. Мөн хиймэл сахрыг 2000-аад оноос эхэлсэн.
Чихрийн шижин гэж нэрлэсэнд учир бий. Шижин гэдэг нь шээс их хэмжээгээр алдахыг хэлнэ. Чихрийн шижин өвчний маш олон шинж тэмдэг байдгийн нэг нь цусан дахь сахар ихсэх юм. Тэгэхээр зөвхөн цусан дахь сахрыг хэвийн болговол энэ өвчин эдгэрсэн гэсэн үг биш. Үүнд бид анхаарлаа хандуулж зөв ойлгох хэрэгтэй. Сахрын өвчин бол зогсдог өвчин. Чихрийн шижин өвчний шалтгаан нь цусан дахь сахрыг огцом ихэсгэдэг цардуул, сахар агуулсан хоол хүнс шүү дээ. Цардуул агуулсан хүнсэнд бүх төрлийн улаанбуудайн гурил орно. Цардуул нь амны хөндийн шүлсний ферм дээр задраад шууд сахар болж хувирна. Нийлмэл, байгалийн энгийн сахар байна уу ямар ч ялгаагүй.
-Чихрийн шижин өвчнийг зогсоох Бернстейн юугаараа ялгаатай вэ?
-Бернстейн эмчийн эмчилгээний аргыг Швед, Англи, Тайвайн, Япон, өнгөрсөн жил Австрали улс аваад хэрэглэж байна. АНУ-ын Бернстейн эмч 12 настайдаа чихрийн шижин өвчнөөр өвдсөн. Тэрээр 45 настайдаа эмч болж маш олон хүндрэл гарсан байсан ч өөрөө эмчилгээнийхээ аргыг зохиогоод эмчилсэн хүн. Тиймдээ ч 90 нас хүртлээ дотоод шүүрлийн булчирхайн эмчээр ажилласаар байгаад нар барсан. Энэ эмчилгээний аргын суурь нь зөв онол. Хүний биед зайлшгүй хэрэгтэй хоол, хүнс юу вэ гэдгээс л эхэлнэ. Энэ бол хамгийн чухал асуулт.
Нэгдүгээрт, хүний биеийн 80 хувь нь уснаас тогтдог болохоор ус бол зайлшгүй хэрэгтэй. Ус байхгүй бол бидний бодисын солилцоо явагдахаа больж амьдрах чадваргүй болно. Цай бол хүний тансаг хэрэглээ. Цай, кофенд кофейн гэдэг бодис байна. Тухайн бодис нь хүний биед орсноор тайвширсан мэдрэмж төрүүлнэ. Мэдээж гоё амттай цай, кофе уувал ходоодонд аз жаргалын даавар ялгараад таатай мэдрэмж төрүүлдэг. Кофейныг их хэрэглэвэл мансуурагч бодисын шинж чанартай. Тунг нь байнга нэмэхгүй бол үйлчлэхээ болино.
Хоёрдугаарт, мах уураг амин чухал. Хүний биеийн нийт эсний 10 хувь нь өдөр болгон солигдож байх ёстой. Иймд бодисын солилцоо хэвийн явагдахын тулд мах уураг заавал чухал. Тухайлбал, 1кг биеийн жинд 1-1.5 гр уураг идэх ёстой. Мэргэжлийн тамирчин 2гр хүртэл иднэ.
Гуравдугаарт, хүний биеийн тархи мэдрэлийн систем 97 хувийнхаа шим тэжээлийг амьтны гаралтай өөх тосноос авч байх ёстой. Энэ бол амин чухал.
Дөрөвдүгээрт, хоолны давс заавал идэж байх шаардлагатай. Хоолны давс идэж байж бидний ходоодны хүчил хэвийн байна. Ходоодонд уургийн анхан шатны задрал явагдах ёстой.
Бернстейн эмч өөрийн бие дээрээ туршиж чихрийн шижин өвчнийг зогсоох онолоо гаргасан. Үүний утга нь цардуул, сахар хэрэглэхээ боливол бидний бие эрүүлжиж эхэлнэ. Ингэснээр хамгийн түрүүнд илүүдэл жин хасагдаж, цусан дахь сахрын хэмжээ хэвийн болно.
-Чихрийн шижин өвчнийг ямар үед эмчлэгдсэн гэж хэлэх боломжтой вэ?
-Хамгийн чухал нь бид эрүүл таргалалт гэж байхгүйг ойлгох хэрэгтэй. Таргалалт гэдэг хүний бие сахраас өөрийгөө хамгаалж буй хамгаалалт. Өөрөөр хэлбэл, хэрвээ цардуул, сахар агуулсан хүнс идэж уувал 15 минутын дотор цусан дахь сахрын хэмжээ хоёр дахин ихэснэ. Энэ нь хүний бие эд, эс бүхнийг гэмтээх аюултай учраас амь насаа хамгаалахын тулд нойр булчирхайнаас асар их инсулин даавар ялгаруулдаг. Ингээд илүү гарсан сахрыг холестерин гэж бодис болгон хувиргаад, цусаар тээвэрлэн таргалалт үүсгэдэг. Гэдэс хэвлийн бол хүний биеийн хамгийн хөдөлгөөнгүй хэсэг учраас түүнээс эхлэн таргална. Тэгэхээр нэг ч архаг өвчнийг эмээр эмчилдэггүй гэсэн онол бий. Бүх архаг өвчин бидний амьдралын хэв маягаас үүсдэг. Түүнийгээ өөрчлөхгүй бол ямар ч эм уугаад эдгэрэхгүй. Иймд нэгэнт гурил, чихрээс болоод сахрын өвчин үүсдэг болохоор түүнийгээ л болих хэрэгтэй. Хэрэв гурил, чихэр идсэн хэвээрээ ямар нэгэн эм, тариа, ид шид хайгаад байвал энэ өвчин хэзээ ч эдгэрэхгүй, зогсохгүй. Хүмүүс эмч нарыг би өвчин туссан, чи намайг эмчлэх ёстой гэдэг. Ихэнх санал болгож байгаа эмчилгээ, эм, тариа энэ өвчнийг эмчлэхгүй харин хүний биед дасгаж өгдөг. Хэчнээн их эм, тариа ярьсан хүн байна төдий чинээ буруу замаар явж байна гэсэн үг. Сахрын өвчний даамжралыг зогсоох бүрэн боломжтой. Бернстейн эмчийн эмчилгээний арга дэлгэрэх нь цаг хугацааны асуудал.
-Та өөх тосны хэрэглээ хүний биеийн амин чухал хэрэгцээ гэсэн шүү дээ. Сүүлийн үед хүүхэд, залуус өөх тос хэрэглэх нь багасаад байгаа. Хэрвээ өөх тосны хэрэглээ багасвал хүний биед ямар өөрчлөлт гарах вэ?
-Холестерины онол 1970 онд АНУ-д гарсан. Ингэхдээ 12 оронд өөх тосны хэрэглээг нэмэхэд хүмүүсийн зүрх судасны өвчлөл нэмэгдэж байна гэдэг дүгнэлт гаргасан. Гэтэл 12 орны 6-д тохироогүй байсан. Ингэхэд тохирсон зургаагаа хэвлээд бусдыг нь хассан. Дэлхий нийтээрээ 1970 оноос амьтны гаралтай өөх тос их идвэл зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал өндөр болно гэдэг онолоор явсан. Үр дүнд нь таргалалт, чихрийн шижин гэдэг өвчин 10 дахин нэмэгдсэн. Харин зөв онолоор явсан бол 10 дахин буурах ёстой. Анагаах ухааны түүхэнд дөрөв дэх удаагаа холестерины онолын эсрэг тэмцэлдэж байна. Хэрвээ амьтны гаралтай өөх тосны дутагдалд орвол унадаг, татдаг зөнөгөрдөг, тэнэгэрдэг, альцгеймер өвчин тусдаг нь аль хэдийнэ батлагдчихсан. Унаж, татдаг хүүхдүүдийн 90 хувь нь гурил, чихэр идэхээ болиод өөхтэй мах идээд ирвэл эдгэрчихдэг. Монголд нийт 5000 орчим унаж, татдаг хүүхэд байгаагийн 90 хувь нь гурил, чихрээс татгалзаж өөхтэй мах идвэл эдгэрэх боломжтой. Тийм учраас өөх тос бол хүний биед байдаг хамгийн чухал энергийн эх үүсвэр. Өөрөөр хэлбэл, өөх тос идэхэд 100 хувь шатаж алга болдог хамгийн сайн түлш. Өөх тосыг хүний бие хэтрүүлж авдаггүй.
-Чихэр хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
-Сахар нь цусан дахь сахрыг 15 минутын дотор 2-3 дахин нэмснээр хүний биед сүйрэл авчирна. Архиар яривал 300-400 грамм уусантай тэнцэнэ. Архи уувал согтоод хэл ам нь ээдэрч, хөл нь гуйвж мэдэгдэнэ. Харин чихэр идэхээр мэдэгдэхгүй ч цусан дахь сахар нэмэгдсэн учраас бидний бие заавал хариу урвал үзүүлнэ. Хамгийн гол энэ нь архаг өвчин гэдгийг ойлгох хэрэгтэй. Та нэг удаа цуйван идээд, кола уугаад өвчин тусахгүй. Таны бие нэг удаагийн зүйлийг зохицуулна. Бид бага насны хүүхдүүдийг 10 өдөр өөхтэй мах идүүлээд нэг удаа пицца эсвэл бууз өгөөд байвал өвчин тусахгүй. Харин өнөөдөр 5-6 сартайгаас нь эхлээд бантан буюу гурил, жимсний нухаш, гурилан боорцог, жимс өгч байна. Уг нь хүүхдэдээ бага насанд өөрийн хэрэглэж байгаагүй зүйлийг өгөөд байгаа юм. Гэтэл хамаг сайн зүйлийг цусан дахь сахар баллаж байна. Цусан дахь сахар ихсэхээр хүүхдийн дархлаа унана. Ингэснээр өвчний үүр болно. Тийм болохоор эрүүл хоол идэж дархлаагаа унагаахгүй байх цусан дахь сахрын хэмжээг хэвийн байлгах нь чухал.
-Тэгвэл хүн огт сахар хэрэглэхгүйгээр амьдрах боломжтой юу?-
-Боломжтой байлгүй яах вэ. Махны 7.5 хувь нь нүүрс ус шүү дээ. Мах идэхэд бидний цусан дахь сахар гурван цагийн дараа 0.6 хувиар өснө. Энэ нь хэвийн ихсэлт. Гурил эсвэл мах идэх зөрүүнд бид өвчин тусаад байна. Бид заавал гурил идэх ёсгүй, нүүрс ус авах албагүй. Байгаль дээр ямар нэгэн махчин амьтан мах идчихээд нүүрс ус, ислэг хайгаад явж байх уу. Хэрвээ амьтны гаралтай өөх тос бидний биед муу байсан бол чоно хонь идэхдээ өөхийг нь ялгаад хаячихна. Гэтэл чоно бүх өөхийг нь хамаад л иддэг. Яагаад гэвэл өөх тос чононы хувьд амин чухал хэрэгцээ.
-Хэрвээ хооллолтдоо анхаарч чадвал чихрийн шижин өвчнөөс сэргийлэх боломжтой юу?
-Бүрэн боломжтой. Нийт хавдрын 70-80 хувь нь инсулин даавраас хамааралтай нь батлагдсан. Иймд Монгол Улс хавдрын эмнэлэг нэмж барих ёстой юу. Инсулин дааврыг хэвийн болгох арга хэрэгслийг ард түмэнд зааж өгөх ёстой юу гэдэг нь чухал.