Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор, улс төр судлаач Б.Эрдэнэдалайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ер нь Монголын улс төрийн нөхцөл байдал ямар байна вэ. Та судлаач хүний хувьд эрх баригч МАН-ын легитм хэр байна гэж харж байгаа вэ?
-МАН олон сонгуульд удаа дараа ялалт байгуулж олонх болсон. Ерөнхийлөгчийн, парламентын, орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, олон суудал авч байна гэдэг легитм байх боломжтой. Нөгөө талдаа олон санал авсан ч иргэдийн эрх ашгийг хэр зэрэг төлөөлж чадаж байна. Улс орны хөгжлийн бодлогыг хэрхэн тодорхойлж, зөв авч явж байна гэдэг нь мөн л яригдах асуудал. Үүнд сул талтай зүйлүүд байна. Улс орны эдийн засгийн түвшин ямар байдалтай, инфляц хэр их өсөлттэй байгаа билээ. Иргэдийн амьдралд бүх зүйл маш хүндээр тусаж байна шүү дээ. Тиймээс хэдийгээр МАН олон удаагийн сонгуульд ялалт байгуулсан ч бодлогууд нь үр дүнтэй байж чадахгүй байна. Авлига, ашиг сонирхлын зөрчил, нам доторх хэт фракцын зөрчил зэрэг эрх мэдлийн төлөөх асуудал гарч ирж байна. Энэ болгон нь МАН-ын легитмд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа.
-Хүмүүс МАН-ын асуудал, ард түмний зовлон боллоо гэж яриад байна. МАН-ын сонгуультай холбоотой яам, төрийн байгууллагуудын ажил зогсонги байдалд ороод байгаа. Тэгэхээр төсөв хэлэлцэж байгаа үед улс төр ийм нөхцөл байдалтай байх нь ямар нөлөөтэй вэ?
-Ер нь төрийн бодлого тасралтгүй үргэлжилж байх ёстой. Гэтэл тодорхой намуудын, парламентад, Засгийн газарт тулгамдсан зарим асуудлаас болоод удаашрах төлөв байдал анзаарагддаг. Гэхдээ удааширлаа гээд зогслоо гэсэн үг биш. Харин төрийн бодлого оновчтой хэрэгжиж чадаж байна уу гэдэг асуудал болоод байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэг эхлэхэд хүүхдүүдийн сандал, ширээ байхгүй, багш, анги танхимын хүрэлцээгүй байгаа нь энэ талд тогтвортой бодлого байхгүйг харуулж байна. Улс төрчдийн хариуцлагагүй байдлаас болоод иргэд маш ихээр хохирч байна. Хүүхдүүд сандал, ширээгүй сургуульд сурч байна гэдэг том асуудал шүү.
-Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгтэй холбоотой гэсэн. Нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдож байгаа хүн УИХ-ыг даргалах нь зүйтэй юү. Нөгөө талд АН-аас Д.Амарбаясгаланг энэ асуудал шийдэгдтэл УИХ-ын дарга байх эрхгүй гэсэн?
-МАН-ын дотоод дүрэмд намын дарга нь Ерөнхий сайд болж болно гэсэн заалт байдаг. Парламентад олон суудал авч байна гэдэг бодлогын нам байх боломжийг иргэд дэмжиж байна гэсэн үг. Тийм учраас сонгуульд оролцсон сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хэрвээ тухайн нам парламентад олонх болчихвол Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болоод явдаг. Тэгэхээр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хүн нь тухайн намыг сонгуульд манлайлж оролцсон улс төрийн намын дарга байна гэсэн логиктой байдаг. Гэтэл энэ нь зөвхөн одоо биш өмнө нь ч МАН-ын хувьд зөрчигдөж байсан. Улс төрийн талаас нь аваад үзвэл сонгон шалгаруулалт, намын дарга нь хэн байх вэ гэдгээ нээлттэй сонгох боломжтой. МАН намын даргаа сонгохдоо хэд хэдэн талуудын нэр дэвших процесс боллоо, сонгуулиа хийлээ. Санал хураалт зөв явсан эсэх, дүрмийн дагуу явсан уу гэдэг намын дотоод асуудал их байна. Намын дотоод асуудлыг дүрмийнхээ хүрээнд шийдэх ёстой. Мөн нам дотроо хэр дотоод ардчилалтай байгааг гэдгийг үүнээс харж болдог.
-Улс төр судлаач хүний хувьд МАН хэр дотоод ардчилалтай гэж хардаг вэ. Юугаа сайжруулаасай гэж хардаг вэ?
-Улс төр судлаачид намуудын дотоод ардчиллын индексийн судалгаануудыг хийж байсан. Энэ судалгаагаар манай намууд дотоод ардчилал багатай гэдэг нь харагддаг. Жишээлбэл, бид АН-ыг ардчилалтай, намын даргынхаа сунгааг нээлттэй ил тод явуулдаг, бүх гишүүдээс санал авдаг гэдгийг мэддэг. Гэхдээ намын даргад нэр дэвшигчдээс маш их хэмжээний мөнгөний дэнчин авдаг. Энэ нь ардчилсан улсын улс төрийн үйл ажиллагаа эрхэлдэг намын хувьд байж болохгүй зүйл. Үүнтэй адил том үзүүлэлтэд манай намууд унаад байдаг. МАН-ын дотоод ардчиллын хувьд өрсөлдөөн, бүх гишүүдийн оролцоо маш багатай. Нийтлэг байдлаар аль аль намуудын санхүүжилтийн тогтолцоо нь хаалттай. Яах вэ, 2023 онд баталсан Улс төрийн намын тухай хуулиараа улс төрийн намуудын санхүүгийн үйл ажиллагааг нээлттэй болгохыг заасан. Эхнээсээ тайлангууд ирж байгаа. Намын дотоод ардчилал гэдэг зөвхөн намын даргыг сонгоход биш маш олон үйл ажиллагаануудад нээлттэй, ил тод гишүүдийнхээ санал хүсэлтийг авдаг, шийдвэр гаргах тогтолцоондоо ашигладаг байхыг авч үздэг. Б.Энхбаяр гишүүнийг Хууль зүйн сайдаар томилно, нөгөө талдаа намаас хөөнө гээд асуудал болоод байна. Энэ бол улс төрийн намын үйл ажиллагаанд байх боломжтой. Харин ямар нэгэн мэдэгдэлтэй холбоотой эсвэл хэргийн мэдээлэл задална гэснийх нь эсвэл намынхаа эрх ашгийн төлөө, намын даргынхаа эсрэг байлаа гээд хөөнө гэдэг дотоод ардчилалгүй байгааг харуулж байна. Үүнд олон л асуудал ярьж болно.
-Саяхан МАН Бага хурлаа зарлаж намын даргаа сонгосон. Д.Амарбаясгалан даргын легитм чанарыг нь хэрхэн харж байна вэ?
-Анхнаасаа энэ намд ажиллаж байсан хүний хувьд тодорхой бүлэг фракцтай байна. МАН-ын дотор өрнөөд байгаа асуудлууд нь тодорхой цаг хугацааны дараа дүгнэлт хийх боломжтой үйл явдал гарч ирэх байх гэж харж байна. Парламентын дарга маш олон жил улстөрд ажилласан хүн. Олонх болдог улс төрийн намын гүйцэтгэх удирдлагад явж байсан багийн хүн гэнэт Монгол Улс хэцүү болсон байна, үүнийг ингэж шийдье, бид шийдэхгүй бол болохоо байсан байна гэдэг чуулганы нээлтийн үг хэлсэн нь сонирхол татаж байлаа. Олон жилийн турш яагаад энэ асуудлуудыг шийдээгүй байсан юм. Гэнэт намын даргын эрх ашиг яригдахад үүнийг сөргүүлж тавьж байгаа юу гэх мэтчилэн сонирхолтой үйл явц өрнөх гээд байна.
-Та МАН эрх баригч намын дарга Ерөнхий сайд болох боломжтой дотоод дүрэмтэй гэсэн. Тэгэхээр Д.Амарбаясгалан МАН-ын дарга болсноор одоогийн Засгийн газарт эрсдэлтэй юү?
-Нүүрсний хулгай эсвэл Монгол Улсын эрх ашигт маш хортойгоор нөлөөлсөн, иргэдийн эрх ашгийг төлөөлөөгүй авлига, ашиг сонирхлын зөрчилд асуудал үүсэж болзошгүй юм. Гэхдээ энэ бол шүүхээр шийдэгдэж, маш нарийн процесс явж байж дүгнэлт хийх боломжтой. Бид хэнийг ч хийгээгүй хэргийнх нь төлөө гүтгэж болохгүй. Энэ нь иргэдийн талцах, байр байдлыг тандах нөхцөлийг үүсгэж байна.
-Улсын төсөв хэлэлцэж байгаа үед МАН-ын дотоод асуудал даамжирвал Монголын улс төр, эдийн засгийн асуудлууд удаашралд орох вий гэсэн ард иргэдийн бухимдал байх шиг?
-Энэ асуудал даамжирвал төсөв хэлэлцэх үйл явц удаашрах эрсдэлтэй. Жишээлбэл, Боловсролын яам хичээлийн жил эхэлж байхад сандал, ширээгээ шийдээгүй, худалдан авах ажиллагаагаа явуулаагүй байна гэдэг тухайн салбарын бодлого оновчгүй, цаг хугацаандаа хийгдээгүй байгааг харуулж байна. Түүнтэй ижилхэн төсөв эцэслэгдэж чадахгүй бол ийм асуудал салбар бүрд гарч ирэх эрсдэлтэй.
-Нөгөө талд АН ч намын даргаа сонгосон. АН-ын легитм чанар хэр байна вэ. Сөрөг хүчин хүчтэй байгаасай гэж ард түмэн хүлээлт ихтэй байх шиг ажиглагддаг?
-Манай намуудад барьцтай зүйл байхгүй. Жишээлбэл, Засгийн газарт орж ажилласан нь ямар учиртай вэ. Үүнийг олон талаас намынхан нь тайлбарласан. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал ямар байна гэдгээс хамаараад ардчилсан нам Засгийн газарт орж ажилласан байж болно. Гэхдээ эргээд гарлаа одоо яах вэ гэдэг маш чухал. Угаасаа хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Гэвч чадахгүй байгаад байна. МАН-ын даргын дотоод асуудалтай холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой авч явах чиглэлээр маш сайн хяналт тавих ёстой. Өөрсдөө бодлогын асуудлыг гаргаж дэвшүүлэх ёстой зэрэг үүргээ гүйцэтгээд явах хэрэгтэй.
-Улс төр судлаач хүний хувьд цаашдаа улс төрийн нөхцөл яах бол гэж харж байгаа вэ?
-Цаашид олонх болсон намын дотоод асуудал бидэнд мэдэгдээгүй удсан, эцэслээгүй байгаа асуудлуудыг тал талаас нь гаргаж ирэх боломжтой. Нэг талдаа сонирхолтой. Мэдээлэлд ойр байгаа ул төрчид мэдээллээ бидэнд хүргээд хууль, шүүхийн байгууллагаар ороод шийдэгдээд явбал маш их авлигажсан улс төрөөс салах, түүнийг илрүүлэх, ил тод мэдээлэлтэй болох зэрэг сайн үр дүн гарч болзошгүй.