Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Г.Уянга: Хүүхдийн эрхээс давсан байгууллагын нэр төр гэж байх ёсгүй

Г.Уянга: Хүүхдийн эрхээс давсан байгууллагын нэр төр гэж байх ёсгүй
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 1
Нэгдүгээр сургуулийн сурагчид түрээсийн скүүтер унаж тоглоомын талбай дээр байсан бага насны хүүхдүүдийг дайрах гэж хөөх үйлдэл хийхэд нь шаардлага тавьсан иргэнийг үг хэлээр доромжилж, заналхийлсэн үйл явдал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болсон юм. Энэхүү асуудлын талаар иргэн Г.Уянга болон тус сургуулийн нийгмийн ажилтаны байр суурийг тодрууллаа.
Иргэн Г.Уянга: Хамгийн эхлээд суррон буюу цахилгаан мотоциклтой насанд хүрсэн хүн тоглоомын талбайд орж ирсэн. Тэгээд тухайн хүнд энэ бол тээврийн хэрэгсэл, та тоглоомын талбайд унаж болохгүй гэж шаардлага тавьсан. Гэтэл ойролцоо байсан 8-р ангийн сурагчид тухайн хүнийг өмөөрөн, “Бид яагаад тоглоомын талбай дээр скүүтер унаж болохгүй гэж” гээд маргаж эхэлсэн. Сүүлд ирсэн мэдээллээр суррон унаж байсан хүн бол тэдний нэгийнх нь аав болж таарсан. 
Дараа нь тухайн сурагчид түрээсийн скүүтерээр гулсуур орчим давхиж, олон бага насны хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан. Тиймээс би дахин шаардлага тавьж та нар ингэж тоглож болохгүй, скүүтерийн ард сууж байгаа л бол жолоочийн хариуцлага хүлээдэг гэж хэлсэн ч үгийг маань огт тоогоогүй. Улмаар өөр нэгэн эмэгтэй шаардлага тавихад хүүхдүүд бид хоёрыг хоёр галзуу хүн нийлчлээ гэж доромжилсон. Тухайн үед маш бүдүүлэг ёс бус үг хэлээр доромжилсон юм.
Маргааш нь Нэгдүгээр сургуулийн удирдлагууд холбогдож уулзалт хийхийг санал болгосон. Тэгээд хүүхдүүдтэй биш харин сургуулийн удирдлага болон эцэг эхтэй нь уулзах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Уулзалт сургуулийн захирал, нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын багийн оролцоотойгоор болж, нэг л хүүхдийн эгч төлөөлөл болж ирсэн байсан. Уулзалтын үеэр сургуулийн зүгээс намайг цахим орчинд хүүхдийн зураг нийтэлсэн хэмээн буруутгаж, устгахыг шаардаж, уураа барьж чаддаггүй эмэгтэй мэтээр дүрсэлж асуудлыг өөрчлөх оролдлого хийсэн юм.
Нэг хүүхдийн зургийг цахим орчинд нийтэлсэн. Тухайн хүүхдийн ээж нь залгаж уучлалт гуйсан бөгөөд хүүхдийнхээ ийм авир гаргасанд итгэж чадахгүй байгаагаа хэлсэн. Намайг пост бичсэнээс хойш цахим орчинд над руу чиглэсэн дарамт шахалт их ирж байгаа. Нэгдүгээр сургуулийн сурагчид нууц хаягаар доромжилж, үхээч гэх зэрэг хүнд үг ихээр хэрэглэж байгаа юм. Энэ асуудлыг ганц нэг хүүхдийн зүй бус үйлдэл гэж бодохгүй байна.
Боловсролын яам болон Нийслэлийн боловсролын газарт шаардлага хүргүүлсэн ч одоогоор тодорхой хариу ирээгүй байгаа. Хүүхдүүдийн буруу хандлагын цаана зөвхөн эцэг эх төдийгүй багш нарын үлгэрлэл, сургуулийн дотоод орчин ч нөлөөлж байгаа юм. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Нэгдүгээр сургуулийн зарим багш хүүхдүүдийг зоддог, илт ялгаварладаг, улмаар ангид “бүлли”-гийн уур амьсгалыг өөгшүүлдэг талаар мэдээлэл ирсэн. Хүүхдийн эрхээс давсан байгууллагын нэр төр гэж байх ёсгүй юм.
Гадаадад ийм тохиолдолд сургуулиуд эцэг эхчүүдэд яаралтай мэдэгдэж, багш нарт тусгай сургалт зохион байгуулж, хүүхдийн эрхийг хамгаалах бодлого хэрэгжүүлдэг бол манай улсын боловсролын байгууллагад ийм тогтолцоо сул байна. Тиймээс Боловсролын яам энэ асуудалд онцгойлон анхаарч, бодлогын түвшинд шийдвэр гаргах шаардлагатай юм.
Нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Галнаран: Манай сургуулийн зүгээс уг үйл явдлыг хурдан хугацаанд тодруулахын тулд нэн түрүүнд тухайн хүүхдийг олж тогтоох арга хэмжээ авсан. Үдээс хойш хичээл ордог багш нартай холбогдож, олон нийтийн сүлжээнд тавигдсан зургийг үзүүлснээр сурагчийг таньсан бөгөөд ангийн багш болон эцэг, эхийг нь дуудаж уулзсан. Ингээд тухайн хүүхэд хоёрдугаар ээлжийн сурагч болох нь тогтоогдсон. Хүүхдийн ээж нь иргэн Г.Уянга руу залгаж уучлал хүсэж, харин тухайн сурагчийн эгч нь сургуулийн удирдлагатай уулзсан. Мөн тухайн хүүхэд орой нь өөрөө иргэн Уянгаас уучлалт гуйсан юм.
Сургуулийн зүгээс өдрийн турш сурагчидтайгаа уулзаж, нөхцөл байдлыг тодруулан ярилцсан. Ахлах ангийн зарим сурагч тухайн үед иргэн Г.Уянгад ингэж загнаж болохгүй гэж хандан маргаан үүсгэсэн бөгөөд энэ явцад хүүхдийн толгой руу цохисон гэх асуудал ч гарсан талаар мэдээлэл ирсэн. Тиймээс бид хүүхдүүддээ тоглоомын талбайд скүүтер унах нь зохисгүй, оройн цагаар гэртээ шууд харих ёстой гэх мэт буруу үйлдлүүдийнх нь талаар ойлгуулж, зөв хандлага төлөвшүүлэх чиглэлээр ажилласан. Хүүхэд хамгааллын баг эцэг, эхтэй нь уулзаж ярилцсан бөгөөд сурагч өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, дахин ийм үйлдэл гаргахгүй байх амлалтаа амаар болон бичгээр өгсөн.
Тухайн хүүхдийн зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн нь түүний сэтгэл зүйд хүндээр нөлөөлсөн. Бидний зүгээс сурагчийн буруу үйлдлийг хэзээ ч өмөөрөөгүй, харин ч хариуцлагыг нь ойлгуулж, засахыг зорьсон.
Мөн бид иргэн Г.Уянгатай уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр хүүхдийн биед гар хүрсэн болон зургийг цахим орчинд нийтэлсэн асуудлаар ярилцахыг зорьсон боловч харилцан яриа удалгүй маргаан болж хувирсан. Г.Уянга уг асуудлыг үгүйсгэж, зургийг устгахгүй гэж мэдэгдсэн тул уулзалт цааш үргэлжлэх боломжгүй болж үл ойлголцолтойгоор өндөрлөсөн.
Манай сургуулийн хувьд хүүхэд бүрийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах нь нэн тэргүүний зорилт юм. Багш нар бол сурагчдад үлгэр дуурайл үзүүлэгч хүмүүс бөгөөд манай хамт олон энэ чиглэлээр тууштай ажиллаж ирсэн. Тиймээс ямар нэгэн баримт нотолгоогүйгээр багш нарын талаар ёс зүйгүй байдал, дээрэлхэлт гаргасан гэх мэдээлэл түгээх нь үндэслэлгүй юм.
Одоогийн байдлаар манай сургуульд багш нарын зүгээс ёс зүйн зөрчил гаргасан эсвэл системтэй дээрэлхэлт байдаг гэх гомдол, мэдээлэл албан ёсоор ирээгүй. Иймд хэн нэгнийг үндэслэлгүйгээр хардах, зохиомол мэдээлэл тараах нь зохисгүй юм.

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн