Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Трамп Украиныг зэвсэглэх шийдвэр гаргасны дараа ОХУ цөмийн анхааруулга өглөө

Трамп Украиныг зэвсэглэх шийдвэр гаргасны дараа ОХУ цөмийн анхааруулга өглөө
Нийтэлсэн 38 минутын өмнө
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-ийн холбоотнуудтай хамтран Украинд дэвшилтэт зэвсэг нийлүүлэхээр болсноос хоёр хоногийн дараа буюу лхагва гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын цөмийн зэвсэг хүчин төгөлдөр хэвээр байгааг дахин онцолж мэдэгдлээ.
2022 оны хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд довтолсноос хойш НАТО-ийн гишүүн орнууд болон Оросын хоорондын харилцаа улам хурцдаж, цөмийн мөргөлдөөний аюулын талаар Орос улс давтан анхааруулсаар ирсэн.
ОХУ дэлхий дээрх хамгийн том цөмийн зэвсгийн нөөцтэй орон бөгөөд түүний дараа АНУ ордог.
Трамп Украинд үзүүлэх тусламжийг зогсоох тухай сүрдүүлэг үзүүлж, хоёр орны харилцааг хурцатгаад байсан ч энэ долоо хоногт тэрээр Европын холбоотнууд АНУ-аас Украинд зориулан хэдэн тэрбум долларын зэвсэг худалдан авах боломжтой гэж мэдэгдсэн юм.
Оросын цөмийн бодлогын хүрээнд:
  • ОХУ эсвэл түүний холбоотнууд руу цөмийн бус улс цөмийн зэвсэгтэй улсын оролцоотойгоор довтолсон тохиолдлыг хамтарсан түрэмгийлэл гэж үзнэ гэж заасан байдаг.
Путин 2024 оны арванхоёрдугаар сард Оросын цөмийн бодлогыг шинэчилсэн бөгөөд энэ нь цөмийн сөрөг цохилт өгөх шаардлагыг бууруулсан хэмээн үздэг. Шинэчлэлд Орос улс дараах заалтыг оруулсан:
  • Цөмийн зэвсэг эсвэл бусад үй олноор хөнөөх зэвсэг ашигласан халдлагад хариу өгөх зорилгоор цөмийн зэвсэг хэрэглэх эрхтэй гэж тусгасан байна.

Трампын мэдэгдэл ба НАТО-ийн байр суурь

Дональд Трамп Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ "Бид дээд зэргийн зэвсэг үйлдвэрлэх болно. Тэгээд НАТО-д илгээнэ" хэмээн хэлжээ.
НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте-гийн хэлснээр, уг хэлэлцээрт пуужин, сум хэрэгсэл, агаарын довтолгооноос хамгаалах системүүд багтаж байгаа бөгөөд "Patriot" пуужингуудыг аль хэдийн Украин руу илгээж эхэлжээ.
Эдгээр зэвсгүүд нь Оросын дроноор болон пуужингаар иргэдийн барилга байгууламжийг онилсон довтолгооноос хамгаалахад чухал үүрэгтэй гэж онцолжээ.
Ойрын хугацаанд Украинд нийлүүлэх зэвсгүүд нь АНУ-ын одоо байгаа нөөцөөс гарах аж.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн