Азийн хөгжлийн банк 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн гэрээнд Монгол Улс дахь vуурин төлөөлөгч Шэннон Коулин болон Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэлийн хүрээнд гурван үндсэн чиглэлд илүү төвлөрч байгаа аж. Үүнд:
Хүртээмжтэй бөгөөд төрөлжсөн эдийн засгийн өсөлт,
Тогтвортой хөгжил, тэсвэртэй байдлыг сайжруулах,
Чадавхийг бэхжүүлж боломжийг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна.
Үүний хүрээнд засаглал, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээг сайжруулах, цахимжуулалтыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд тэр дундаа охидыг чадавхжуулах ажлыг дэмжинэ.
Азийн хөгжлийн банкны тэргүүлэх чиглэлд Монгол Улсын төрийн салбарын менежментийг сайжруулна. Хувийн хэвшлийн хөгжлийг түлхүү нэмэгдүүлнэ. Ингэхдээ бодлогын шинэчлэлийн арга хэмжээг зохион байгуулна, төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ, зам тээврийн дэд бүтцийг сайжруулж, логистикийн зардлыг бууруулж, худалдааг хөнгөвчлөх замаар бүс нутгийн болон дотоодын биет холбоог сайжруулна.
Түүнчлэн, тэсвэр сайтай дэд бүтцийг нэмэгдүүлнэ, ногоон хөрөнгө оруулалтыг сайжруулна. Мөн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хариу арга хэмжээ, эрсдэлийн санхүүжилтийг сайжруулах замаар хөдөө орон нутгийн болон гамшигт тэсвэртэй байдлыг дэмжих болно.
Дэд бүтэц талдаа Улаанбаатар хотын гэр хороолол, аймгийн төвүүдэд орлогод нийцсэн, нүүрстөрөгчийн ялгарал багатай орон сууцыг барихад хөрөнгө оруулалт хийнэ. Мөн дагуул хотуудын хөгжилд анхаарах юм байна.
Эрчим хүчний салбарын бодлогын тогтолцоог сайжруулна. Ингэхдээ сэргээгдэх эрчим хүчний төвийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ, цахим технологийг ашиглан шугам сүлжээг илүү ухаалаг болгоно.
Чадварлаг ажлын хүчнийг бий болгож, эрүүл мэндийг үйлчилгээг сайжруулж, дасан зохицох нийгмийн хамгааллыг ахиулах замаар иргэдийн чадавх боломжийг нэмэгдүүлнэ. Ингэхдээ:
Боловсролын салбарт мэргэжлийн боловсролыг сайжруулна. Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй илүү уялдуулж өгнө.
Эрүүл мэндийн салбарт хөдөө орон нутаг дахь эрүүл мэндийн хүртээмжийг илүү сайжруулах тал дээр анхаарах аж. Ялангуяа яаралтай болон анхан шатны тусламж үйлчилгээнд илүү анхаарна.
Нийгмийн хамгааллын чиглэлээр системийн шинэчлэл хийх, зорилтот бүлгийг тодорхойлох, өгөгдлийг сайжруулах, дасан зохицох, стратегийг боловсруулахад анхаарч халамжаас хамааралтай байдлыг бууруулах хөдөлмөрийн зах зээлийн хөтөлбөрүүдийг дэмжинэ.
Азийн хөгжлийн банкны зүгээс дээрх зорилтыг Засгийн газрын зээл, тусламж болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дамжуулан хэрэгжүүлэх аж. Энэхүү стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засагт тулгарч буй гол сорилтуудыг шийдвэрлэхэд анхаарч, ашигт малтмалын экспортын хэт хамаарал, макро эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах чиглэлээр ажиллах юм байна.