Open iToim app
Эдийн засаг | 5 мин уншина

Ө.Мөрөн: Худалдааны дайнаас хамгийн их хохирч байгаа нь одоогоор АНУ

Ө.Мөрөн: Худалдааны дайнаас хамгийн их хохирч байгаа нь одоогоор АНУ
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 5
Монголын цемент үйлдвэрлэгчид хамтран анх удаа “Cement Expo-2025” үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ үеэр Үнэт Инновэйшнс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Мөрөн дэлхий болон Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдаа ямар байх талаар илтгэл танилцуулсан юм. Түүний илтгэлээс онцлон хүргэж байна.
Үнэт Инновэйшнс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Мөрөн: Трампын бодлого олон улсын эдийн засагт нөлөөлж байна. Хятадаас АНУ руу электрон хагас дамжуулагч буюу компьютерт ашигладаг гол тоног төхөөрөмжүүд, утас, хувцас, тавилга зэрэг бүтээгдэхүүнийг экспортолдог. Харин АНУ Хятад улс руу шатахуун, ХАА-н бүтээгдэхүүн буюу шар буурцаг, эм эмийн бүтээгдэхүүн экспортолдог аж. Үүнээс харахад худалдааны дайнд Хятад улсад урт хугацаандаа илүү давуу талтай харагдаж байгаа. 
Америк, Хятадын худалдааны дайны талаар бид дэлгэрэнгүй судалгаа хийсэн. Харвардын гаргасан PCI гээд тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэр ноу-хау шаардагддаг вэ гэдгээр нь бүтээгдэхүүнүүдийг ангилсан ранк байдаг. Нэгдүгээрт, ингээд Америк, Хятад улсын топ экспортод байгаа 100 бүтээгдэхүүнийг PCI-аар байр суурийг нь аваад үзвэл АНУ-ын гол экспортолж буй шатахуун, ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд томоохон ноу-хау шаарддаггүй юм байна. Үүнийг заавал АНУ-аас биш өөр улсаас авах боломжтой. Харин Хятадын гол экспортолж байгаа электрон хагас дамжуулагчийг хүссэн улс үйлдвэрлэж чадахгүй. Америк үүнийг мэдэж байгаа болохоор Хятад улсад бараа бүтээгдэхүүний 145 хувийн тариф тогтоосон ч гэсэн электрон хагас дамжуулагч дээр тарифаа тэглэсэн байгаа. 
Хоёрдугаарт, одоогийн болон Трампын өмнөх үеийн буюу 2016 оны худалдааны дайн асар их ялгаатай байна. Яагаад гэвэл тухайн үед АНУ болон Хятад улс л бие биедээ тариф тогтоосон. Тэр үед тухайн дайн нь Хятад улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байсан бол одоо АНУ дэлхийн бүх улсуудад тогтоож байгаа. Тодруулбал, Хятад 145, Европын холбоо 20, Вьетнам 46, Тайван 42 хувь гэх мэтчилэн бүх улсад тариф тогтоосон. Дэлхийн бүх улсуудад тариф тогтоосноор АНУ-аас бараа бүтээгдэхүүн экспортолж авдаг орон зай суларч эхэлнэ. Тэр орон зай дээр нь Хятад улс хамгийн их тоглолт хийж байгаа. Энэ нь магадгүй Хятад улсын Америк руу хийх экспорт буурах ч гэсэн бусад орнууд руу хийх экспорт өсөх дүр зурагтай харагдаж байна. Тэгэхээр энэ худалдааны дайнд магадгүй Хятад улс их алдагдалгүйгээр даван гарах боломжууд бий. Өмнөх худалдааны дайнд хийсэн судалгаанаас үзвэл АНУ 1 хувиар Хятад улсын экспортлох тарифыг өсгөхөд Хятадын АНУ-руу хийх экспорт 4 хувиар буурдаг. Гэхдээ бусад орнууд руу хийх экспорт нь 1 хувиар өсдөг. 
Олон улсын байгууллагуудын судалгааны дүгнэлтээс харахад Хятад улсын эдийн засгийн өсөлт дунджаар 4.5 хувь байна. Харин Хятад улс өөрсдөө эдийн засгаа ирэх жилүүдэд 5 хувиар өсгөнө гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа. Нөгөө талаас АНУ улс орнуудад худалдааны тариф тогтоосноор дотоодын зах зээлийн бараа бүтээгдэхүүнийх нь үнэ нь өсөж буй. Бүх улсад дор хаяж 10 хувийн тариф тогтоовол АНУ-ын өрхийн жилийн хэрэглээний зардал 1700-2300 доллароор өснө. Хятад улсад 60 хувийн тариф тогтооход үүн дээр 2000 доллар нэмэгдэж байгаа. Ингээд АНУ-д инфляц өсөх хандлагатай байна. Ингэснээр бодлогын хүү өсвөл эдийн засгийн өсөлт нь саарна. АНУ-ын нэгдүгээр улирлын эдийн засаг нь 0.3 хувиар агшсан. Тодруулж хэлбэл, 2022 оноос хойшоо АНУ-ын эдийн засаг агшаагүй. Харин нэгдүгээр улирлын Хятад улсын эдийн засаг хүлээлтээс илүү өндөр өсөлттэй гарсан. Тэгэхээр энэ худалдааны дайнаас хамгийн их хохирч байгаа нь одоогийн байдлаар АНУ. 

Монгол Улсын төсөв 400 тэрбумын алдагдалтай байна

АНУ, Хятад улсын худалдааны болон дэлхийн геополитикийн олон асуудал Монголын эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлнө. Олон улсын FIDIC хүү өндөр байна. Бид дахиад бонд босговол хүү нь 10 гаруй хувиас буухгүй нь. Хятадын эдийн засаг манай нүүрсний зах зээлд шууд нөлөөлнө. Ингээд 2025 он гараад манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзье. Энэ жилийн төсөвт 83 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн. Энэ тоонд хүрэхийн тулд сар болгон 6.9 сая тонн нүүрс экспортолж байх ёстой. Гэтэл эхний гурван сарын экспортолсон биет хэмжээ дунджаар 5.5 сая тонн байна. Бид зорилтоосоо дандаа доогуур явж байгаа. Энэ байдлаараа үргэлжилбэл оны эцэст 60 сая тонн нүүрс л экспортолсон байна. Нэгдүгээрт, түүхэн дээд амжилтад хүрээд байсан нүүрсний экспортын биет хэмжээ буурч байгаа. Хоёрдугаарт үнэ нь бас дагаж буурч буй. Төсөвт тонн тутмыг 105 доллароор зарна гэж төлөвлөсөн. Гэвч одоо үнэ нь тонн нь 75 доллар болоод буурчихлаа. Иймд төсвийн орлого тасалдаж эхэллээ. Энэ жил 33.5 их наяд төгрөгийн төсөв бүрдүүлнэ гэж төлөвлөсөн. Ингэхийн тулд бид сар болгон 2.8 их наяд төгрөгийн орлогыг бүрдүүлж байх ёстой. Тэгвэл эхний гурван сарын орлогыг авч үзвэл 6.1 их наяд төгрөг олсон буюу төлөвлөснөөсөө бага олж байгаа. Харин зардал буураагүй өндөр хэвээр буй. Төсвийн зардлын эхний гурван сарыг авч үзвэл 6.5  их наяд төгрөг байна. Ингээд төсөв  400 тэрбумын алдагдалтай явж байгаа.
Төсвийн зардлаа 2025 онд 33 их наядаар төлөвлөсөн. Энэ нь өрхийн хэрэглээг нэмэгдүүлж байгаа. Ингэснээр импорт, инфляцыг өсгөж буй. Импорт өсөөд байгаа учраас төлбөрийн тэнцлийг алдагдалд оруулж байгаа. Инфляц өсөөд байгаа учраас Монголбанк бодлогын хүүгээ өсгөж байна. Хатуу мөнгөний бодлогоор дамжуулан зээлийн нийлүүлэлтийг бууруулж байгаа.  Өрхийн хэрэглээ нэмэгдэж, нөгөөтээгүүр төсвийн зардал нь ихсээд орлого нь буураад байгаа учраас улсын өр нэмэгдэж байна.
Засгийн газар дотооддоо бондууд босгож буй. Энэ жилийн эдийн засгийн гол хамаарах хүчин зүйл нь 14 мега төсөл. Олон улсын хөрөнгө оруулагчдаар дамжуулан мега төслүүд хэр хэрэгжихээс хамаараад төгрөгийн ханш хэр хэмжээнд сулрах уу гэдэг нь тодорхойлогдоно. Экспорт, зээлийн нийлүүлэлт буурч, төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа нь эдийн засгийн өсөлтийг удаашруулах хүчин зүйл. Мөн малын хорогдол хэр байхаас хамаараад эдийн засгийн уналт хэр байх нь тодорхойлогдоно. Нөгөө талаас мега төслүүд, зээлийн эрэлт өндөр, өрхийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь эдийн засгийг өдөөх хүчин зүйл  байгаа. Тэгэхээр 2025 онд эдийн засаг унах, өдөөх ч хүчин зүйл байна. Аль нь илүү хүчтэй байхаас хамаараад эдийн засаг ямар хэмжээнд өсөх нь харагдана. Олон улсын байгууллагууд инфляц өснө гэдэгтэй санал нэгдэж буй. Дунджаар 2025 онд 9.7 хувьтай байгаа. Харин ирэх онд Монголбанкны зорилтот түвшин рүү буух болов уу гэсэн хүлээлттэй байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн