Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Mongolian mining corporation" (MMC) компани ам.долларын шинэ бонд гаргахаа зарлаж, хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран ажиллаж эхэлсэн байна. Олон улсын зээлжих хэрэглэл тогтоодог Fitch агентлаг ММС-ийн шинээр гаргах бондод В+ үнэлгээ өгснөө өнөөдөр мэдээлжээ. Тус компани шинээр гаргах үнэт цаасны эх үүсвэрийг 2026 онд хугацаа нь дуусах 12.5 хувийн хүүтэй бондод дахин санхүүжилт хийхээр төлөвлөж байгаа аж. MMC-ийн шинээр татан төвлөрүүлэх эх үүсвэр нь өмнө нь гаргаж байсан бондуудаас харьцангуй бага хүүтэй, хугацаа урт байх төлөвтэй байна. MMC нь Монгол Улсад Энержи ресурс ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2010 онд “Mongolian Mining Corporation” нэрээр Хонгконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, Монголын компаниудаас анх удаа олон улсын зах зээлд хөл тавьсан түүхтэй. Тус компани Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Ухаа худаг болон Баруун наран ордод үйл ажиллагаа явуулж байгаа билээ. “Mongolian Mining Corporation” өчигдөр буюу гуравдугаар сарын 24-ны өдөр 2024 оны санхүүгийн аудитлагдсан тайлангаа нээлттэй танилцуулсан нь хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болсон байх талтай. Тус компани 2024 онд 8.7 сая тонн баяжуулсан нүүрс борлуулж, 1 тэрбум гаруй ам.долларын орлого олсон байна.