Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Э.Мөнгөнсүх: Амины орон сууцны жишиг зураг төслүүдийг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулна

Э.Мөнгөнсүх: Амины орон сууцны жишиг зураг төслүүдийг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулна
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 5
Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэмнэлттэй, дулаанаа сайн хадгалдаг амины орон сууцыг иргэд их сонирхох болсон. Тиймээс амины орон сууцтай холбоотой мэдээллийг Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Мөнгөнсүхээс тодрууллаа.

Хоёр сар хүрэхгүй хугацаанд 1000 гаруй иргэдэд мэдээлэл хүргэсэн

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан, дулаан алдагдал багатай халаалтын зардлыг бууруулсан агаар хөрсний бохирдлыг багасгахад бодитой нөлөөлөх шийдэл гэж харж байна. Мөн ногоон барилга руу шилжих шаардлагатай байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, саарал ус ашиглах, ус, хог хаягдлын менежмент, эко барилгын материал ашиглах гэх мэт олон нарийн шалгууруудыг оруулсан юм.
"Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам"-ны санаачлагаар "Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв"-тэй хамтран "Амины орон сууцны мэдээллийн төв"-ийг байгуулан иргэдэд зориулсан нэг цонхны үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна. Энэ төв нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийснээс хойш 1000 гаруй иргэдэд мэдээлэл хүргэсэн байна. Эдгээр хүмүүсээс 80-85 хувь нь банкны зээлтэй холбоотойгоор мэдээлэл авдаг.

Ипотекийн зээлийн журам энэ хавраас тодорхой болно

Амины орон сууцны ипотекийн зээл гаргах талаар мэдээлэл авахаар ирэх иргэдийн тоо их нэмэгдсэн. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээр эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулах, засварлах, худалдан авахад зориулсан зээлийг олгож байна. Энэ зээлд хамрагдахын тулд эрчим хүчний хэмнэлттэй зураг төсөл, барилгын эрчим хүчний хэмнэлтийн гэрчилгээ, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ гэх мэт материалуудыг бүрдүүлснээр амины орон сууцны зээл авах боломжтой.
Ипотекийн зээлийн журам одоогоор эцэслэгдэн батлагдаагүй байна. Журмын хувьд хэдэн метр квадрат талбайтай байх, хэдэн төгрөгийн зээл олгох, зээлийн хүү нь хэд байх талаар бүх нарийн зохицуулалтыг журамд нь тусгагдах болно. Зээлийн журам энэ хавраас тодорхой болохоор яригдаж байгаа. Журам нь тодорхой болбол банкны шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой болгож ипотекийн зээл авч байгаа хүмүүст тодорхой ойлголт өгөх болно.

Зураг төслүүдийг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулж байна

Амины орон сууцны мэдээллийн төв нь эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны талаар зөвлөгөө мэдээлэл, бэлэн зураг төслийн үйлчилгээ, гүйцэтгэгч нарын нэгдсэн мэдээллийн сан, дэвшилтэт технологиуд болон захиалагчийн хяналтын үйлчилгээ зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлж байна.
Манай мэдээллийн төв дотор сүүлийн үеийн дэвшилтэт технологи, ногоон барилгын чиглэлээр технологиудын шийдлүүдийг нэг дор нь төвлөрүүлсэн. Үүнд цэвэрлэх байгууламж, септик системүүд, дулаан солилцуурын агааржуулалтын систем мөн халаалтын маш олон шийдлүүд, сэргээгдэх эрчим хүч, хашлага бүтээцийн дэвшилтэт материалууд зэрэг нь нэг дор багтсан. 
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны вэбсайтад нэг маягийн зураг төслүүдийг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар байрлуулсан. Энэ нь 40-110 метр квадраттай бетон, өрөгт бүтээцтэй зургууд бий. Мөн манай төвд 200 гаруй бэлэн зураг төслүүд байгаа юм. Үүнд тодорхой хэмжээний төлбөр төлөн ашиглах боломжтой. 
Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт Саппорогийн автобусны буудлын урд байрлах EcoBuild Megastore гэх байгууллагад энэ бүх дэвшилтэт технологиуд нэг дор байрлаж байна. Цаашлаад Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүргүүдэд энэхүү мэдээллийн төв нь ажиллаж эхлэх болно. Мөн цаашдаа хөдөө орон нутаг руу чиглэсэн салбар мэдээллийн төвүүдийг ажиллуулахаар төлөвлөсөн. Орон нутгуудын удирдлагууд маш их ирж санал тавьж хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн