Японы томоохон хотуудын нэг Осака 4-10 сар хүртэл үргэлжлэх Экспо 2025 үзэсгэлэнг зохион байгуулах бөгөөд 158 улс орон, бүс нутгийн төлөөлөгчид яриа хэлэлцээ, жагсаал, үзэсгэлэнд оролцоно. Экспотой холбоотойгоор тус хот нэгдүгээр сарын 27-ноос хэрэгжиж эхэлсэн олон нийтийн газар тамхи татахыг хориглох журамд зам, цэцэрлэгт хүрээлэн, плаза болон бусад олон нийтийн газар багтсан бөгөөд зөвхөн тамхи төдийгүй вейпэнд ч хамаатай аж. Зөрчил гаргагчдыг 1000 иен буюу зургаа орчим ам.доллароор торгоно. Энэхүү санаачилга нь зөвхөн хотыг тохижуулахаас гадна оршин суугчид, зочдод аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилготой юм. Одоогийн үндэсний хуулиудад ресторан, оффис, нийтийн тээвэр гэх мэт байгууллагуудад тамхи татахыг хориглодог бөгөөд зарим хотод олон нийтийн газар тамхи татахыг хориглодог. Мөн 20-иос доош насны хүмүүс тамхи татах, тамхи худалдан авахыг хориглоно. Гэсэн хэдий ч Япон даяар нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал болон бусад олон нийтийн барилгууд тамхи татах тусгай өрөөтэй байх нь түгээмэл байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор сүүлийн хорин жилийн хугацаанд тамхи хэрэглэдэг япончуудын тоо бараг хоёр дахин буурч, 2000 онд 32 хувь байсан бол 2022 онд ойролцоогоор 16 хувь болжээ. Японы Эрүүл мэндийн яамнаас (ЭМЯ) 2022 онд явуулсан судалгаагаар насанд хүрэгчдийн 14.8 хувь нь тамхи татдаг болохыг тогтоожээ. ЭМЯ үндэсний хэмжээнд тамхидалтыг 12 хувь хүртэл бууруулах зорилт тавьсан. Нийтийн тамхины хэрэглээтэй холбоотой хатуу шинэ дүрмийг зарласны дараа Тамхины эсрэг ижил төстэй арга хэмжээг Японы бусад бүс нутагт, тэр дундаа 2020 оны Олимпийн өмнөх Токио хотод хэрэгжүүлсэн бөгөөд тэр цагаас хойш өнөөг хүртэл хэвээр байгаа. Зургаан сарын хугацаатай Expo 2025 үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 13-наас аравдугаар сарын 13 хүртэл үргэлжилнэ. Хотын зүгээс уг арга хэмжээнд 164.7 тэрбум иен буюу 1.16 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд үүнд хотын дэд бүтцийн томоохон төслүүд багтсан байна. Эх сурвалж: https://edition.cnn.com/2025/01/29/travel/osaka-bans-public-smoking-expo-2025-intl-hnk/index.html