Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, дүүргийн Онцгой комисс өчигдөр орой 22:00 цагт шуурхай хуралджээ. Дүүргийн Онцгой комисс яаралтайгаар хуралдаж, өнөөдрөөс зарим сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэхээр болсон байна.
Тухайн тохиолдлын хавьтлуудыг илрүүлэн яаралтай шинжилгээ авч зөвлөмжүүдийг өгч байгаа аж. Мөн дүүргийн сургууль цэцэрлэгүүдэд халдваргүйтэл хийгдэж байна. Одоогоор Голомт сургуулийн бага сургууль, болон 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг маргаашаас эхлэн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс ажиллаж тандалт судалгаа хийж эхэлжээ.
Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг Налайх дүүргийн онцгой комиссоос зөвлөж байна.
Менингококкын халдварын хамгийн хүнд хэлбэрийг нь манайхан гол төлөв хар яриандаа цахилгаан менингит гэж ярьдаг. Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян юм. Тиймээс 60 градусын халуунд 10 минут, 80 градусын халуунд 2 минутын дотор үхдэг. Ариутгагч бодисын нөлөөгөөр 1- 2 минутын дотор үхдэг. Тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Өвчин үүсгэгч нян нь 36-37 градусын дулаанд үрждэг.
Менингококк халдвар нь манай оронд 8,10,15 жилийн үечлэлтэй дэгдэлт хэлбэрээр тархаж байгаа юм. Менингококк халдварын эмнэлзүйн шинж өвчин эхэлсэн эхний 24 цагийн дотор хурдан илэрч улмаар эмчилгээ хожимдвол өвчтөн амархан хүндэрнэ.