Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Малала Юсуфзай: Талибанчууд эмэгтэйчүүдийг хүн гэж үздэггүй

Малала Юсуфзай: Талибанчууд эмэгтэйчүүдийг хүн гэж үздэггүй
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 21
Нобелийн шагналт Малала Юсуфзай исламын удирдагчдыг Афганистан дахь Талибаны Засгийн газар охид, эмэгтэйчүүдийн эсрэг дарангуйлагч бодлого явуулж байгаатай эсэргүүцэхийг уриалжээ.
Исламабад хотноо Пакистаны зохион байгуулсан исламын шашинтай орнуудын охидын боловсролын асуудлаарх олон улсын бага хурлын үеэр тэрбээр талибуудын үйл ажиллагаа бидний итгэл үнэмшилтэй зөрчилдөж байна гэжээ.
27 настай Юсуфзай "Энгийнээр хэлбэл, Афганистан дахь талибанчууд эмэгтэйчүүдийг хүн гэж үздэггүй. Талибаны дэглэмийн бодлогод исламын ямар ч зүйл байхгүй" гэжээ. Исламын хамтын ажиллагааны байгууллага, Исламын ертөнцийн холбоо, Пакистан хамтран зохион байгуулсан уг хуралд лалын ертөнцийн улс төрийн удирдагчид, эрдэмтэд охидын боловсролыг дэмжих зорилгоор оролцжээ. Талибаны удирдагчдыг оролцохыг урьсан боловч оролцоогүй байна.  
Юсуфзай талибуудыг Афганистанд жендэрээр ялгар тогтолцоо бий болгож байна гэж буруутгаж, "Хуулиа зөрчиж зүрхэлсэн эмэгтэйчүүд, охидыг зодож, хорьж, хорлож шийтгэж байна. Хэдийгээр талибанчууд соёлын болон шашны үндэслэлээр гэмт хэргээ нуун дарагдуулдаг  ч тэдний үйлдэл нь бидний итгэл үнэмшлийн бүх зүйлд харшлах болно" гэжээ.
Юсуфзай 15 настай байхдаа охидын боловсролын төлөө үг хэлснийхээ төлөө Пакистаны талибын зэвсэгт этгээдүүдэд толгойдоо буудуулж байсан юм. Пакистаны талибууд бол Афганистанд эрх барьж буй талибуудаас тусдаа.  Юсуфзай уг хуралд оролцсон нь 2018 оноос хойш Пакистанд хийсэн анхны айлчлал юм.
Юсуфзай "Афганистан бол охидыг зургаадугаар ангиасаа хойш боловсрол эзэмшихийг бүрэн хориглосон дэлхийн цорын ганц улс юм. Энэ нь афган охидын ирээдүйг нь булаах болно. Исламын удирдагчдын хувьд одоо дуу хоолойгоо өргөж, хүч чадлаа ашиглах цаг болжээ"  гэсэн байна. Талибууд 2021 онд Америк, Их Британийн армийг гаргаж, засгийн эрхээ эргүүлэн авснаас хойш эмэгтэйчүүдийг ажлын байр, боловсрол, олон нийтийн газар, олон нийтийн спортоор хичээллэхийг хориглосон.
Юсуфзай мөн Газын зурвас дахь Израилийн дайныг буруутгж, Палестины нутаг дэвсгэрт өрнөж буй хүмүүнлэгийн хямралыг онцолжээ.
Эх сурвалж: Independent.co.uk
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн