Хүн амьдралын төлөө гэж явсаар амьдрахаа мартчихдаг гэдэг. Та ч гэсэн амьдрахаа мартсан юм биш биз. Хэзээ хамгийн сүүлд чин сэтгэлээсээ инээмсэглэж, уйлж, хэн нэгэнтэй чөлөөтэй ярилцаж, дуртай зүйлээ хийж өөрийгөө шагнаж, өөртөө баярлалаа гэж хэлсэн бэ. Бодоод нэг үзээрэй. Өвчин гэдэг ял биш. Харин биднийг өөрсдийгөө хэчнээн удаан мартсан байсныг илэрхийлдэг. Манай сайт "Эрүүл монгол" буландаа хорт хавдар гэх аюулт өвчнийг бие сэтгэлээрээ даван туулсан хүмүүсийн түүхийг цувралаар хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа эрч, хүч урам зоригийн илэрхийлэл болсон Д.Оюунтуяаг урьж оролцууллаа. Тэрээр хөх болон савны хорт хавдрыг даван туулсан. Түүнчлэн, 2024 оны тавдугаар сард тархины хагалгаанд орсон юм. Амьдрал түүнийг сорих бүрд итгэл, сэтгэлийн хүчээрээ даваад гардаг. Түүний түүх олон хүнд урам зориг, итгэл найдварын оч асаана гэдэгт итгэж байна.
Хавдартай нүүр тулах мөч…
Би 2018 оны нэгдүгээр сарын 31-нд хөхүүл хүүхэдтэй байхдаа хавдрын оношоо анх мэдэж байсан. Манай охин ой найман сартай байлаа. Хавдрын оношоо сонсоод сэтгэл зүйн гүн цочролд орсон. Нэгдүгээрт, энэ өвчнөөс хүн болгон айдаг байсан. Тухайн үед хавдар гэх өвчний талаар ямар ч ойлголт байгаагүй. Хүн өөрийгөө энэ өвчинд нэрвэгдэнэ гэж боддоггүй юм билээ. Санамсаргүй байдлаар хавдартай гэдгээ олж мэдсэн. Хавдартай гэх баттай оношоо сонсоод хавдрын эмнэлгийн шатан дээр 2, 3 цаг уйлаад л байсан. Хамгийн түрүүнд “Яагаад би гэж” гэдэг бодогддог юм билээ. Тэр цочролоосоо гарахын тулд нэлээд хугацааг зарцуулсан. Сүүлдээ бүр хүнтэй яриа өрнүүлмээргүй санагдаж өөрийгөө нийгмээс тусгаарлаж эхэлсэн. Гэхдээ миний эгч АНУ-ын Колорадо мужид эмнэлэгт ажиллаж байсан учраас сэтгэл зүйг минь тайван байлгах тал дээр зөв зохион байгуулалт хийсэн. Тодруулж хэлбэл манай хамаатан, найз нөхдөөс төлөөлөл болгоод нэг нэг хүн л миний биеийг асуугаарай гэж захисан. Хавдартай тэмцэж байгаа үед хүнээс янз янзын ааш араншин гардаг. Жишээлбэл, гутарна, уйлна, гомдоно, өвчнөө давна, тэвчихэд бэрх байдалд орно, өөрийгөө хараад голно. Хавдартай гэдгээ хүлээн зөвшөөрсний дараагаар Хандгайтад ээжийнхээ үлдээсэн зуслангийн байшин дээр очиж долоо хоносон. Тэнд өөрт байсан уур бухимдлаа гаргаад уулан дээр авчирч чадах уу, надад тийм хүч тэнхээ байна уу гээд уул руу мацаж эхэлсэн. Өмнө нь би тэр уул руу 30 минут авираад л гарчихдаг байсан бол тухайн үед гуурс, аппараттай, шингэний зүүлттэйгээ хоёр цаг 40 минут орчим авирч гарсан. Уулан дээр гараад амьдралын өнгийг харах маш гоё санагдсан. Би үнэхээр амьдрахыг хүссэн. Яг энэ өдрөөс хойш уйлахгүй гээд “Хожуул, цэцэг хоёр” шүлгээ бичиж олон нийтийн сүлжээнд цацсан. Хүмүүс тэр шүлгийг ямар гоё, ёгт шүлэг вэ гэдэг. Үнэндээ тухайн үед тэр шүлгээр дамжуулж өөрийнхөө амьдралыг бичсэн. Өөрийгөө хайрлаагүйгээс болоод энэ амьдралын хатуу, хүтүү, нийгмийн янз бүрийн асуудлаас болоод хүн гэдэг хожуул шиг болж үлддэг аж. Тэгэхээр цэцэг шиг өөрийгөө усалж босгож ирээсэй гэсэн утгатай юм.
Хөөрхий хожуул санаа алдана
Хахир хүйтнийг тэсвэрлэн өнгөрөөж
Хувь тавилангаар хожуул болсон ч
Хэзээд тэр мөнх амьтай гэнэ....
(Хожуул, цэцэг хоёр шүлгийн хэсгээс )
Би хорин жилийн зайтай хоёр охинтой болсон. Нялх үрээ орхиод явна гэдэг надад тэвчишгүй хатуу зүйл байсан болохоор охиныхоо төлөө босож ирсэн. Хавдрын эмнэлэгт, эмч нартаа бүрэн дүүрэн итгэсэн. Хавдар эдгэрдэг гэдгийг судалж мэдээд найдсан. Надад алдаа оноотой зүйл маш их байсан. Надаас өөр миний өвчнийг хэн тэвчиж гарах хүн байхгүй. Өөр хүн миний өмнөөс өвдөхгүй, шаналахгүй. Тэгэхээр би хүчтэй, зоригтой, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой юм байна гэдгээ мэдэрсэн.
Бүх зүйл сайхан болно, инээгээд урагшаа…
Миний хавдар нэлээд томорсон байсан учраас мэс заслын эмчилгээ хийлгэхээр хамгийн түрүүнд яригдсан. Хавдартай эрхтнээ тайруулсны дараа таван жилийн хугацаанд хяналтад байж зургаан удаа химийн эмчилгээ хийлгэсэн. Би химийн тарианаас л хамгийн их айж байсан. Гэхдээ химийн эмчилгээний эмч “Айх зүйл байхгүй ээ. Энэ бол таныг эдгээх зүйл шүү. Өндөр тунтай антибиотик гэж бодоорой. Дархлааны болон хавдрын эсийг хамтад нь химийн тариагаар устгадаг юм. Тэгэхээр дархлаагаа маш сайн дэмжээрэй. Сэтгэл зүйгээ өндөр байлгаж сайн унтаж амраарай” гэж хэлж байсан. Харин надад хагалгаа хийсэн эмч “Үсээ хусуулахаар эмэгтэйчүүд толинд хараад сэтгэл зүйн гутралд ордог. Харин чи яасан цоглог хүүхэд вэ” гэсэн. Учир нь би химийн тарианд орохдоо толинд харж байгаад өөрөө үсээ хусчихдаг байлаа.
Дараагийн хавдраа 2022 онд хавдрын эхэн шатанд нь илрүүлсэн. Хэдийгээр хоёр дахь удаагаа энэ өвчний оношийг сонсож байгаа ч бас л айдас төрсөн. Гэхдээ маш шуурхай арга хэмжээ авч эмч нартайгаа уулзаж зөвлөгөө авсан. Эмч нарынхаа зөвлөгөөний дагуу хагалгаандаа орж химийн эмчилгээ хийлгэхгүйгээр амьдрах хугацаагаа уртасгаж чадсан. Ер нь хүн хавдрыг тусахгүй гэсэн бодол тээж болохгүй юм билээ. Өвдөнө гэдэг өөрөө өөрийгөө хайрлаагүйгээс болдог. Би өөрийгөө дутуу хайрлаж явсан юм билээ. Эрхтнээ тайруулаад ирэхээр өөрийнхөө эрүүл байгаа бүх л эрхтэндээ хайртай болж талархдаг болдог юм билээ. Шантрах үе байна. Маш их уйлж байсан үе ч байгаа. Би дийлэхгүй нь дээ гэж бууж өгч байсан үе ч бий. Хавдрыг эрт үед нь оношилж чадсан болохоор амь аврагдаж өвчинд бууж өгөхгүй тэмцсэн.
Хавдартай тэмцэхэд хувь хүн өөртэйгөө эхлээд ажиллана. Дээр нь гэр бүл, найз нөхдийн хандлага, хайр, халамж маш чухал. Мөн эмчилгээ, сувилгаа нэмэгдээд ирэхээр эмчилгээ бүрэн дүүрэн болж эдгэрнэ. Бүх зүйл сайхан болно, инээгээд урагшаа гэдэг үгийг би найзууддаа хэлэх дуртай.
Амьдрал сайхан, амьдрах бүр сайхан…
Хавдартай тэмцэх явцдаа би өөрийгөө олсон. Өөрийгөө хайрлаж сурсан. Хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Хэзээ ч өвчин тусахгүй юм шиг битгий амьдраач ээ. Урьдчилан сэргийлэх үзлэгтээ ордог байгаарай. Би өөрийгөө өвдөхгүй юм шиг морь, мал шиг зүтгэж явсан гэж боддог. Хавдар даван туулахаас өмнөх би болон одоогийн би зан характерын хувьд хэвээрээ байгаа. Харин харах өнцөг, амьдралын хэв маяг нэлээд өөрчлөгдсөн. Сөрөг зүйлийг эерэг болгож харж чаддаг болсон. Жишээлбэл, 2022 оны коронагийн үед хоёр сайхан ахыгаа дөрвөн сарын зайтай алдсан. Тухайн үед амьдралд гутраад тэсэхэд бэрх болоод зүрх өвдөж байсан. Уйлж гутраад байвал хавдрын эс тэжээгддэг. Биеэ бариад байхаар буглаа үүсээд байдаг. Иймээс нэг сайн уйлж авчхаад “Хоёр сайхан ах минь миний өмнөөс тэнгэрийн оронд явж дээ. Миний дүү тэмцээд босоод ирээрэй, сайхан амьдраарай. Хөөрхөн охиноо өсгөөрэй гээд надад итгэл өгөөд явсан юм байна. Тэгэхээр дүү нь бууж өгөхгүй” гээд тэнгэр рүү хоёр ахдаа хэлсэн. Гэвч араас нь хайртай сайхан эгчийгээ алдсан. Энэ болгонд бууж өгмөөр байсан ч гэсэн намайг тэд хараад, хайрлаад байгаа хайрыг би мэдэрсэн. Манайх ах, дүү наймуулаа байж байгаад амьдралын хүнд шуурган дунд одоо нэг эгчтэйгээ л үлдсэн. Мөн алт шиг сайхан найз нөхөд минь өдийг болтол гараас тавихгүй намайг дэмжиж, хамтдаа байсан. Тэр олон хүний хайран дунд өөрийгөө эдгэж боссон гэж боддог доо.
Хүн өөрт байгаа сайхан зүйлээ мэддэггүй. Өөрийгөө хайхдаа ууланд алхаж, бясалгал хийж, өөртэйгөө ярилцсан. Тэгээд 2018 оноос хойш нэлээд их шүлэг бичсэн. Амьдралыг үзэн ядаж байсан зүйл ч юм уу учрыг нь ойлгохгүй байсан зүйлээ шүлгээрээ гаргасан. Шүлгээрээ хүмүүсийг босоод ирэхийг уриалан дуудсан үг ч их бичсэн. Иймдээ ч Номин хамтлагийн Гантөгстэй холбогдож байгаад “Амьдрах сайхан” гээд уран бүтээлийг гаргасан. Энэ дуу олон даван туулагчдад урам, итгэл өгсөн, өгөх байх гэж найдаж байна.
Миний бага охин одоо найман настай гуравдугаар ангийн сурагч. Энэ хүнд үеүдийг ээжтэйгээ хамт туулаад явж байна. Охиныгоо ерөнхий боловсролын сургуулиа, их сургуулиа төгсөхийг хармаар байна. Хүнтэй гэрлэж хөөрхөн хүүхэдтэй болохыг нь хармаар байна. Үүний тулд зөв амьдарч өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах нь чухал гэж бодож байгаа. Надад амьд гарсны бэлэг гээд миний том охин хань ижилтэй болоод хоёр сайхан зээ охин бэлгэлсэн. Тэр хоёр миний амьдралд илүү их аз жаргал, хайр нэмж өгөөд тэднийгээ харж баясаад амьдарч байна.
-Та амьдралыг хэрхэн тодорхойлох вэ?
-Амьдрал гэдэг тэр чигээрээ хайр. Бүх зүйлийг та хайрын нүдээр харж чадвал маш гоё. Та бүх зүйлд сэтгэл гаргахгүй, хараар харах юм бол утгагүй. Бусдад өгч чадах хамгийн сайхан зүйл бол хайр, инээмсэглэл, бусдад хэлэх урам зориг бэлгэлсэн үг.
-Хавдрыг даван туулж буй хүмүүст та юу гэж хэлэх вэ?
-Миний баатруудаа босоод ирээрэй. Амьдралд тохиолдож буй бүхэн шалгуур байдаг. Тэгэхээр энэ шалгалтаа даваад гараад ир. Давааг давахад ард нь сайхан зүйл хүлээж байдаг. Ахиад нэг давааг давахад дахиад л сайхан зүйл хүлээж буй. Амьдрал маш сайхан. Хэрвээ та өвдөж, зовж байгаа бол түүнийгээ өвчин гэж бүү хар. Харин танд ирж байгаа аз жаргал гэж хараарай. Аливаа шалгуурыг давж туулж чадах хамгийн хүчтэй, зоригтой хүнд өгдөг болов уу гэж би боддог. Хэрвээ таны өмнөөс хүүхэд тань эсвэл таны хайртай хань өвдсөн байвал яах вэ гэж бодоод үзээрэй. Тэгвэл та одоо байгаагаасаа илүү шанална. Иймээс танд тохиолдсон учраас би гэр бүлийнхээ өмнөөс давж гарч чадна гэсэн итгэлтэй байгаарай. Эх хүний хувьд миний хүүхдүүд өвдсөн бол тэвчиж баршгүй их зовох байсан учраас надад энэ бүхнийг үүрүүлсэнд би амьдралд талархаж явдаг.