УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг хэлэлцэж байна. Нэг удаагийн дэг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахалж байгаа бөгөөд санал дүгнэлтээ чуулганы хуралдаанд танилцуулсан юм. Санал дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Ийм дэг хэрэггүй байсан юм. Бид Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад шууд Засгийн газарт нь буцаах ёстой байсан. Засгийн газарт буцаахгүйгээр хэлэлцээд явахаар төсөв Их хурлын бүрэн эрхийн асуудал болчихож байгаа юм. Нэг ёсондоо гишүүд төсөв дээр дураараа санал оруулж болно гэсэн үг. Ийм нөхцөл байдал үүсгэчихлээ. Дараа жил ажлын хэсэг нь Засгийн газрын өмнөөс хариуцлага хүлээх юм уу. Энэ нь Засгийн газар Их хурлын дунд асар том зөрчлийг үүсгэнэ. Төсвөө Засгийн газарт буцаагаад Засгийн газар өөрчлөх юмаа өөрчлөөд буцаагаад өргөн барих ёстой байсан.
Мөн өмнө нь төсөв хэлэлцэж байхад гишүүдийн гадаад томилолтыг болиулдаг байсан. Гэтэл өнөөдөр 30 гишүүн нь гадаадад томилолттой явж байна. Арванхоёрдугаар сарын 6-ны дотор төсвөө батлах ёстой. Гадаадад томилолтод явсан гишүүд ирэнгүүтээ дэмжихгүй гээд л хэвлэлийн хурал хийгээд явна. Хариуцлагын асуудал ерөөсөө яригдахаа больчихлоо. Ажлын хэсэгт орсон гишүүд нь хэвлэлийн хурал хийгээд самарч хаялаа. Ажлын хэсэг дээрээ яагаад ярьдаггүй юм бэ. Ирэх жил юу хийх вэ гэдэг нь асуултын тэмдэг болоод үлдчихлээ шүү дарга аа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Төсвийг эхнээс нь хэлэлцэхгүй бол олигтой төсөв болж чадахгүй. Төсвөө алдагдалгүй болгож чадах юм уу. Манай нүүрсний үнэ унаж байна. Гаднын нөхцөл байдал нэлээд өөр болчихлоо. 2025 онд найман хувийн эдийн засгийн өсөлт байхгүй байх.
Мөн улсын төсвөөр бүх асуудлыг шийднэ гэж болохгүй. Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төсвийн оролцоог багасгана гэсэн. Гэтэл сонгогчдоо залилаад байж болохгүй.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бид нэг удаа хэрэглэх дэг гэж хэлэлцээд байна. Гэтэл төсөв хэлэлцэх гэж байгаа. Төсөв бол өөрийн тусгай дэгтэй. Төсвийг дэг зохиож хэлэлцвэл энэ Цэц дээр унана шүү. Төсөв батлагдаад хүчин төгөлдөр л болоогүй байхгүй юу. Муу төсөв гээд бүгд яриад байна. Тэгвэл эхний хэлэлцүүлэг дээр нь төсвийг буцаах байсан. Буцаагаагүй учраас УИХ-ын бүрэн асуудал болсон. Төсөв дээр УИХ орлого, зарлага нэмж болохгүй. Бусад бүх зохицуулалтыг хийж болно. Төсвийн төслийг хэлэлцэх тусгай дэгтэй.
Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал хоёрдугаар хэлэлцүүлгээс явна гэсэн зохицуулалтыг Дэгийн хуульдаа хийчихвэл ямар ч асуудал байхгүй. Одоо бид төсвийн хуулийн төсөл хэлэлцэн батална. Хориг тавилаа гээд өөр хууль болоогүй. Хэрэв зохицуулаагүй гээд өөр дэгээр явбал Цэц дээр унана.
Ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу: 2025 оны Төсвийн тухай хууль батлагдчихсан. Одоо бол хуулийн төсөл биш гэж ойлгож байгаа.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Ажлын хэсэг дээр яригдсан асуудал. Төсвийг Засгийн газарт буцаах боломжгүй юм билээ. Хэрвээ буцаана гэвэл хуулиа хүчингүй болгох л боломжтой. Төсвийн хуулиа хүчингүй болгоод ямар хуулиар явах вэ гэхээр тэр нь байхгүй. Гацаанаас гарахын тулд нэг удаагийн дэг оруулж ирж байгаа. Энэ бол гарц мөн.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Парламентад олон намын төлөөлөл орж ирж гишүүдийн тоо 126 болсон. Тиймээс зохицуулалтуудын хувьд зайлшгүй хийх шаардлагатай олон өөрчлөлтүүд байна. Ялангуяа төсөвтэй холбоотой асуудлууд дээр нийгэмд гаргаж ирж тавьж байгаа гишүүдийн асуудлуудыг ч харж байхад Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Төсөв хэлэлцэж байх явцад ихэнх гишүүд зөвхөн нэг удаагийн асуудлыг хөндөөгүй. Төсвөө хэлэлцэхдээ зөв зарчим баримталж байна уу, төсвөө хэмнэх тал дээр ямар санаачилгатай ажиллах ёстой вэ гэх зэрэг асуудлыг хөндсөн. Энэ удаа нэг удаагийн хуулийг дэмжиж байна. Ер нь цаашдаа төсөв хэлэлцэх процессыг Дэгийн хуулиараа дэлгэрэнгүй тусгаж өгөхгүй бол цаашид олон эргэлзээтэй асуудал тулгарахааар байна. Төсөв хэлэлцэхдээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн санал, Үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлтийг хүлээж авсан билүү. Энэ хоёр байгууллагын дүгнэлтийг хүлээж авахгүй юм бол дүгнэлт гаргуулах ямар шаардлагатай юм бэ. Авдаг байвал ямар цар хүрээнд хүлээж авах юм. Энэ байдлаасаа авахуулаад зохицуулалтуудаа сайн хиймээр байна. Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төсөл дээр Төсвийн байнгын хороо юм уу, Төсвийн ажлын хэсгийнхэн давуу байдалтай оролцоод байх юм бол яаж цаашаа явах юм бэ. Эсвэл Төсвийн байнгын хорооны хурал дээр 126 гишүүн орж үгээ хэлэх юм уу. Ажлын хэсэгт орох юм уу. Хэдхэн хүний давуу байдлаас үүдэн өнөөдрийн төсвийн хэрүүл гарч байж магадгүй. Засгийн газраас өргөн барьсан хууль дээр Засгийн газрын гишүүд дундуур нь ил, далдаар орж үймүүлдэг. Засгийн газрын гишүүдэд тийм эрх байх ёстой юм уу, үгүй юм уу гэдгийг угаар нь яримаар байна. Төсвийн задаргааны асуудал бий. Нийт 3.6 их наяд төгрөг хэмнэмээр байна гэх асуудал бий. Сонсоод их тоо_ Гэтэл тэр дотор хасаж болохгүй зардлууд бий. Хэрэв энэ давалгаанд ороод хасчихвал төрийн үйл ажиллагаа доголдвол яах вэ. Гэхдээ хасахгүй явуулвал хэтэрхий үрэлгэн төсөв болчихвол яах вэ. Тэгэхээр сайд нар төсөв дээр ямар төсүүд орсон, ангилал нь юу байна гэдэг асуудлаа олон нийтэд тараагаад өгчихвөл яадаг юм. Тиймээс зардлын ангиллыг ялгаж салгахын тулд зардал зардлын ангилалаа сайд нар оруулж ирдэг Дэгийн тухай хууль оруулж ирвэл яадаг юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төсөв хэлэлцэхтэй холбоотой асуудлыг энэ ондоо багтаж халуун дээр нь шийдье гэсэн. Тэгэхгүй бол төсөв хэлэлцэхтэй холбоотой асуудал үүсэхэд УИХ-ын гишүүд өөрсдийн санаа бодлыг бүрэн тусгаж чаддаггүй. Төсвийн үр ашигтай байдал дээр бодитой дүгнэлт гаргаж түүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй асуудлууд хүртэл энд хөндөгдөж байгаа. Энэ удаагийн 126 гишүүнтэй парламент асуудалд ажил хэрэгчээр хандах нөхцөл боломжууд өргөн хүрээнд тавигдсан. Анхны төсөв учраас аль аль Дэг нь шинэ, гишүүд нь шинэ учраас өнөөдрийн асуудлууд үүссэн. Үүнийг тал талаасаа ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин дараа жилийн төсөв хэлэлцэх үед дахин ийм хэмжээний алдаа гаргахгүй, гишүүд оролцоогоо бүрэн хангахын тулд Төсвийн тухай хууль, Дэгийн тухай хууль, Төсвийн хүрээтэй холбоотой асуудлууд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт гэх мэт олон зүйлийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж, хоорондоо зөрчилгүй байя гэдэг асуудлыг хөндөж байгаа юм.
Асуулт, хариултын дараа хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Ингэснээр 2025 оны Төсвийн хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэгийг баталж чадсангүй.