СЭМҮТ-ийн саяхны судалгаагаар Монголд 10 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй, гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна. Энэ нь бид сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаарахгүй өнгөрч болохгүй болсныг илтгэнэ. Хэдийгээр сэтгэл зүйн асуудал нь биеийн өвчин шиг ил харагдахгүй ч дотроос минь “идэж” байдаг. Яг л шимэгч хорхой шиг. Гэхдээ сэтгэл зүйн асуудал нь шийдвэрлэж болохгүй зүйл биш. Үүнийг даван гарах хүч хэн бүхэнд бий. Иймд сэтгэл гутралаа даван гарсан залуусын түүхийг та бүхэнд хуваалцаж байна.
Сэтгэл зүйн аливаа асуудал нь тийм аймар эсвэл гаж зүйл огт биш. Сул дорой байдлын илрэл ч биш. Харин нөхцөл байдлын тусгал шинж тэмдэг
М.Отгонтөгс
Маркетингийн менежер М.Отгонтөгс: Хүн сэтгэл гутралтай гэдгээ гунигтай, зовлонтой, хэцүү байгаа байдал нь удаан үргэлжлээд, сүүлдээ өдөр тутмынх нь амьдралд нөлөөлөөд эхлэхээр мэдэж эхэлдэг. Ус дусал дуслаар чимээгүй дусалсаар байгаад чулууг элэгдүүлчихдэг шиг. Би өөрийнхөөрөө байхаа больж, хийж чаддаг юмаа чадахгүй, хүмүүстэй харилцаж чадахаа больсон гэх мэтчилэн асуудлууд гарсан. Бүх юм утгагүй гэдэг ганц үгээр тодорхойлогддог болсон байсан. Сэтгэл гутралтай тэмцээд явж байхдаа тоогоо алдталаа тэвчээрээ барж байсан үе байсан. Тэр үеүддээ дуусгачих сонголт нь надад илүү амар санагдаж, амиа хорлох оролдлогууд ч хийж байсан. Гэхдээ бас чадаагүй. Өөртэйгөө хийсэн таван жилийн тэмцэлдээ саяхнаас цэг тавиад бага багаар эдгэрээд явж байна. Энэ хугацаанд сэтгэл гутралыг бүх бие сэтгэлээрээ мэдэрч, энэ байдлаас гарах бүхий л аргыг эрэлхийлсэн ч хамгийн чухал сэжим болох өөрийн дотоод хүнээ мартсан байсан. Гэтэл бидний төсөөлснөөс ч их асуулт, бэрхшээлийн хариу тэнд байдаг юм байна лээ. Харин би тэр бүгдийн цаана юу байгаатай нүүр тулахаас айж, чөтгөрийн тойрогтоо эргэлдсээр байсан хэрэг л дээ. Тархин дотроо бүтээсэн, бусдын нүдэнд харуулдаг “төгс би”, “ хэвийн би” бодит биш гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс айсан гэх юм уу. Тиймээс миний хувьд өөрийгөө шүүмжлэхгүйгээр сонсох, эсэргүүцэхгүйгээр төрж буй бүх мэдрэмжээ байгаагаар нь мэдрэх бол эхний алхам байсан. Ганцаараа хэсэг хугацааг өнгөрүүлэхдээ өөрийнхөө талаар ямар олон зүйлийг мэддэггүй юм бэ гэдгээ мэдээд гайхширч бас харамсах сэтгэгдэл төрсөн дөө. Бас бүх мэдрэмжүүд үнэн байх албагүйг ойлгосон. Одоо ч би өөрийгөө бүрэн таньж мэдсэн гэж хэлж чадахгүй ээ. Гэхдээ энэ “эдгэрэх” аялал маань үргэлжилсээр л байна. Хэн болохоо мэдэхгүй ч “хэн ч биш” гэдгээ сайн мэддэг болсон. Өнгөрсөн жилүүдийг эргээд харахад өөрийгөө олохын тулд эхлээд алдаж дээ гэж санагддаг. Гэтэл ихэнх хүмүүс хүчтэй, эр зоригтой, бусдаас илүү байх нэрийн дор дотоод хүнээсээ улам холдож, тэр холбоос бүдгэрэхийн хэрээр зовдог юм шиг санагддаг. Бас манай соёлын нөлөө ч бий. Гэтэл хэцүү байгаагаа, ямар нэгэн зүйл болохгүй, буруу байгааг хүлээн зөвшөөрөх, түүнийхээ төлөө үйлдэл хийх ч маш том эр зориг бас хүч чадал мөн шүү дээ. Сэтгэл зүйн аливаа асуудал нь тийм аймар эсвэл гаж зүйл огт биш. Сул дорой байдлын илрэл ч биш. Харин нөхцөл байдлын тусгал шинж тэмдэг бөгөөд хүний амьдралын нэг хэсэг гэдгээр хүмүүс хараасай гэж хүсдэг. Сэтгэл зүйн эрүүл мэндийг нийгмийн аль нэг бүлэгт хамааруулахгүйгээр хүн бүр яг л биеийн эд эрхтнээ хайрладаг шиг өвдөхөд нь эмчилж, анхаарал хандуулдаг байгаасай. Нөхцөлгүйгээр, айдасгүйгээр мэдрэмжээ мэдрээрэй. Бие биедээ энэрэнгүй, зөөлөн ханддаг байгаарай гэж уриалмаар байна.