Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг өчигдөр буюу аравдугаар сарын 24-нд АТГ-аас саатуулсан байна.
Тодруулбал, өчигдөр 18.00 цагийн үед түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьжээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлсэн нь үнэн” гэлээ.
Мөн албан бус эх сурвалжийн мэдээллээр түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон хэргээр шалгаж байгаа гэнэ. Тус хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл оноох хуулийн заалттай байдаг.
Н.Баяртсайхан нь УИХ-ын анхдугаар сонгуулиас хойш Монголын парламентад гурван удаа сонгогдож, УИХ-ын гишүүн, Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан аж. Тэрээр хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй юм. Түүнчлэн, Монголбанкны ерөнхийлөгчөөр 2016-2019 он хүртэл ажиллаж байсан.