Орон нутгийн сонгуулийн бужигнаантай өдрүүд намжив. Сонгуулийн өдрүүдтэй зэрэгцэн болж өрнөсөн, нийтэд төдийлөн сайн хүрээгүй нэгэн гэгээлэг үйл явдлыг уншигчдадаа сийрүүлье. “Шинэ Монгол” сургуулийн төгсөгчид төрөлх сургуульдаа шинэ сургууль барьж, хүлээлгэн өгөх хамтын ажиллагааны санамж бичгийг есдүгээр сарын 24-нд байгуулж, шаваа тавилаа. Ирэх өдрүүдэд яармагт шинэ сургуулийн барилгын суурь цутгалтын ажил эхлэх бөгөөд 2025 оны есдүгээр сарын 1-нд “Шинэ Монгол 3” сургуулийн эхний хэсэг буюу 640 хүүхдийн сургуулийг ашиглалтад оруулах юм.
Энэ түүхийн эзэд нь Б.Наранбат, Б.Эрдэнэ, Э.Цолмон, Ж.Баясгалан нар юм. Тэд “Шинэ монгол” сургуулийн хоёрдугаар үеийн буюу 2003 оны төгсөгчид. Сурагчийн ширээнээс эхэлсэн тэдний нөхөрлөл ажил, амьдрал дээр илүү батжин, өнөөдөр “Сургуультай хотхон” төслийг эхлүүлж, шинэ суурьшлын бүсээр нэрлэгдээд байгаа яармагийн дэнж буюу “Steppe Arena”-ийн зүүн урд талд “Шинэ Монгол 3” сургуулийг барьж байгуулахаар болсон юм. Энэ нь тэдний анхны хамтарсан төсөл биш. Энэ залуус одоогоос 10-аад жилийн өмнө санаа нэгдэн хувийн бизнесээ эхлүүлсэн бөгөөд санхүүгийн зах зээлд хэдийнэ танигдаад буй Hipay, Sendly, Шинэ морин тойруулга зэрэг төслийг хамтдаа хэрэгжүүлжээ. Жилийн өмнөөс өөрсдийн багш, “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрахтай уулзан өндөр хөгжилтэй орнууд шиг сургуультай хотхон барьж байгуулах тухай ярьж байснаа ийнхүү ажил хэрэг болгож, чанартай боловсролд хөрөнгө оруулахаар сэтгэл шулууджээ.
“Шинэ Монгол” сургуулийн төгсөгч Б.Наранбат: Өөрсдийн төгссөн сургуульдаа дахин нэг сургууль барьж өгөх гэж байгаадаа маш их баяртай байна.
Биднийг суралцах үед “Шинэ Монгол” сургууль гурван давхар бага сургуулийн барилгадаа хичээллэдэг байсан. Тухайн үед сургуулийнхаа гадаах модыг тарилцаж, японоос тусламжаар ирсэн сандал ширээгээ зөөгөөд л явж байлаа. Тэр үетэй харьцуулахад “Шинэ Монгол” сургууль маань нэлээд өргөжсөн байна. Гэсэн хэдий ч хүүхдээ сургая гэсэн олон мянган эцэг эхчүүдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа. Тиймээс багшийнхаа эхлүүлсэн, бүтээсэн том үйлийг үргэлжлүүлэхэд дэмжлэг болохоор “Шинэ Монгол 3” сургуулийг үүсгэн байгуулж, барилцахаар боллоо. Жилийн өмнө энэ асуудал зөвхөн яриа төдий байсан бол өнөөдөр үйлдэл болж байна. Бид өнөөдрөөс яг нэг жилийн дараа буюу 2025 оны есдүгээр сарын 1 гэхэд “Шинэ Монгол 3” сургуулийн эхний хэсгээ ашиглалтад оруулна. Чанартай боловсролыг түгээх гэрэл гэгээтэй ажил эхлүүлж байгаа учраас олон хүн дэмжиж, ажил ч бүтэмжтэй урагшилж байна.
Бидний хувьд төлбөр тооцооны Hipay, олон улсын мөнгөн гуйвуулгын Sendly төслүүдийг хэрэгжүүлж санхүүгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ хугацаанд 350 тэрбум гаруй төгрөгийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас босгосон туршлагатай. Барилгын салбарт бид анх удаа орж буй хэдий ч энэ салбарын чухал асуудал болох хөрөнгө оруулалтыг оновчтой байдлаар шийдвэрлэж чадна гэж харж байна.
Энэ салбарт шинээр орохдоо сайн жишгийг бий болгохын тулд нийгмийн суурь асуудал болох чанартай сургуулийг гэрийнх нь дэргэд авчрах “Сургуультай хотхон” төслийг санаачилсан. Бид “Шинэ Монгол 3” сургуулиа өөрсдийн хөрөнгөөрөө барьж төрөлх сургуульдаа бэлэглэнэ. Мөн залуусыг хамгийн боломжийн үнээр чанартай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлнэ.
“Шинэ Монгол” сургуулийн төгсөгч Б.Эрдэнэ: Өнөөдрийг хүртэл “Шинэ Монгол”-ыг төгссөн найз нартайгаа аж амьдрал, бизнесийн бүх л зүйлээр холбоотой болсон байна. Бид “Шинэ Монгол” сургуулийг төгссөнөөрөө үргэлж бахархдаг. Монгол Улсад маань боловсролын хүртээмжийн асуудал үнэхээр сул байна. Үүнийг өөрөө үр хүүхэдтэй болоод илүү ойлгож, мэдэрдэг юм байна. Эцэг хүний хувьд хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлж, зөв хүн болгон төлөвшүүлэх нь хамгийн чухал. “Шинэ Монгол” сургуулиас олж авсан хүмүүжил миний ирээдүйд маш их нөлөөлсөн. Ахлах ангидаа “Шинэ Монгол”-д элсэж ороход маш мундаг хүүхдүүдтэй нэг анги болсон. Физик, хими, математик гээд сонирхсон хичээл бүр дээр өрсөлдөөнтэй байсан нь эргээд төгсөгчдийг илүү чанаржуулсан гэж хардаг. Яг л бидэн шиг монгол хүүхэд бүр чанартай сургуульд сураасай гэж хүсдэг.
“Шинэ Монгол” сургуулийн төгсөгч Э.Цолмон: Манай сургуулийн сургалтаас гадуурх хөтөлбөрүүд нь хувь хүнийг илүү нээж, ангийнхантайгаа уусахад нөлөөлсөн. Боловсролын чанар бол тухайн улсын хөгжлийг хэмжих чухал үзүүлэлт. Чанартай, сайн сургууль олон байх тусмаа улсын хөгжил, ирээдүй гэрэлтэй байна гэдэгт итгэдэг. Тиймээс найзуудтайгаа энэ төсөлд хамтарч байна.
“Шинэ Монгол” сургуулийн төгсөгч Ж.Баясгалан: Миний хувьд архитектор мэргэжилтэй. Төслийн гол барилга байгууламжийн талаас нь зөвлөгөө өгөөд явна. Хотхондоо сургууль, цэцэрлэгтэй, ногоон байгууламжтай гээд хүн ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Яармаг бол шинэ суурьшлын бүс. Гэвч тэнд баригдсан хотхон, хорооллууд нийгмийн асуудлаа бүрэн шийдээгүй, сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хурцаар яригдаж байна. Иймд бид энэ төслөө нийгэмдээ жишиг болохуйц байлгахыг зорьж ажиллана гэлээ.
Сургуультай хотхон гэж юу вэ
Нийт 8.8 га талбайд “Сургуультай хотхон” төслөө хэрэгжүүлэх юм байна. Үүний 2.5 га-д нь 1440 хүүхдийн багтаамжтай “Шинэ Монгол 3” сургууль, спорт заал, хөл бөмбөгийн талбай, багш ажилчдын байрыг барина.
Үлдсэн 6.3 га талбайд 12 блок бүхий 1152 айлын орон сууц, улсын болон хувийн цэцэрлэг, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулах юм. Энэ бүгдийг нийлүүлээд “сургуультай хотхон” гэж нэрлэж байгаа аж. Хамгийн гол нь хотхондоо чанартай боловсролыг түгээх эрхэм зорилготой бөгөөд “Шинэ Монгол 3” сургуулийг барьж байгуулсны дараа менежментийг нь 100 хувь “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнд шилжүүлэн өгөх юм.
“Шинэ Монгол”-ын үндсэн зарчмууд “Шинэ Монгол 3” төсөл дээр хэрэгжинэ
“Шинэ Монгол” Эрдмийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Галбадрахын Тогос: Монгол Улсыг хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх ёстой. Хүнээ хөгжүүлэхийн тулд чанартай боловсролыг эзэмшүүлэх ёстой гэдэг зарчмыг “Шинэ Монгол” сургууль 24 жил баримталж ирсэн. Энэ зарчмыг манай төгсөгчид ч ухамсарлан өөрсдийн ажил мэргэжил, салбартаа шингээн ажиллаж ирсэн байдаг. Энэ утгаараа манай төгсөгчид эргээд сайн боловсролд хөрөнгө оруулж байна. Зөвхөн орон сууцны хороолол байгуулна гэсэн бизнесийн үр ашгийг нэгд тавьсангүй. Хамгийн гол нь “Шинэ Монгол”-ын сургалтын арга барил, менежмент, үнэт зүйлтэй сургуулийг олшруулах нь Монгол Улсад хэрэгтэй байна гэдэг үүднээс хамтран ажиллах саналыг төрөлх сургуулийнхаа удирдлагуудад тавьсан. Тиймээс бид төгсөгчдийнхөө саналыг талархан хүлээн авч, “Шинэ Монгол 3” сургуулийн төслөө эхлүүлж байна. Нөгөө талд манай төгсөгчид Монгол Улсынхаа эдийн засаг, бизнесийн салбарыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа үлгэр жишээ залуус учраас бид хамтран ажиллахаар шийдсэн.
Энэ төслийн хувьд “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах багш оролцохгүй. Дараагийн үеийн удирдлага залгамжлан авч явна. Яг л “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн хэрэгжүүлсэн аргачлалаар авч явах болно. Өөрөөр хэлбэл, бид “Шинэ Монгол 3” сургуулийг өнөөдрийн баримталж байгаа менежментээр авч явна гэсэн үг.
Нэгд, сургуулийн сургалтын орчин сайн байх ёстой. Барилга, анги тэнхим байснаар сургууль бий болддоггүй. Хүүхдийг хөгжүүлэхийн тулд урлаг соёлын үйлчилгээ, спорт заал, номын сан зэрэг бүх зүйлийг хангаж, бүрдүүлсэн байх ёстой.
Хоёрт, сургалтын чанар маш сайн байх ёстой. “Шинэ Монгол” сургууль элсэлтийн ерөнхий шалгалтаар байгалийн ухааны хичээлийн дундаж оноо 600-аас доош гарч байсан тохиолдол байдаггүй. Сургалтын үнэ цэн, чанараа хадгална. Манай сургууль хүүхдийг зөвхөн хичээл хийлгэснээр хөгжүүлнэ гэж үздэггүй. Бие бялдар, оюун ухаан, зүрх сэтгэл аль аль нь хөгжиж байх ёстой гэж үздэг учир хөдөлмөрч, бүтээлч, хүмүүжил төлөвшлийг хангах чиглэлд анхаардаг.
Гуравт, сургалтын төлбөрийг ямар ч түвшний хүмүүс төлж болох дундаж хэмжээнд тодорхойлдог. Хөгжих, сурах боломжийг хэн бүхэнд өгөх зорилготой ажилладаг учраас сургалтын төлбөрийг хэт өндөр байлгахгүй байх зарчмыг 24 жил баримталж ирсэн. Мөн багш, хүүхдийг хөгжүүлэх бүх боломжийг нээлттэй болгох үүднээс гадаад харилцаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Дээр дурдсан үндсэн зарчмууд “Шинэ Монгол 3” төсөл дээр хэрэгжинэ. Мэдээж гурав дахь сургууль гэдэг утгаараа илүү шинэлэг, чанартай “Шинэ Монгол”-ыг байгуулах болно. Хүүхдүүд багаасаа сурах арга барилыг маш сайн эзэмшсэн байх нь бидний гол зорилго юм. Мөн хүүхэд бүр юуны төлөө сурч байгаагаа, хэн болохоо мэдэж, ухамсарлах сайн арга барилтай, ёс суртахууны өндөр төлөвшилтэй хүүхдүүдийг бэлдэхийг зорьж байна.
Төгсөгчид нь багшдаа, дүү нартаа сургууль барьж өгөхийг сонсоод сэтгэл догдолж байна
“Шинэ Монгол” сургуулийн анхны багш нарын нэг Д.Алтангэрэл: “Миний хувьд “Шинэ Монгол” сургуульдаа анх байгуулагдсан 2000 оноос хойш тасралтгүй математикийн багшаар ажиллаж байна. Өнөөдөр миний хичээл зааж байсан хоёрдугаар үеийн шавь нар маань “Шинэ Монгол 3” сургуулийг барих болсныг сонсоод багш хүний хувьд их баярлаж бас догдолж байна. “Шинэ Монгол” гэдэг энэ нэр монголд тодорхой амжилтууд гаргаж, олон нийт мэддэг болсон. Олон хүн хүүхдээ манай сургуульд сургахыг зорьдог болсноос нь харж болно. Энэ сургуулийн дахин нэг салбар нээгдэх гэж байгаа нь миний төдийгүй олон хүний сэтгэлийг хөдөлгөнө. Шинэ байгуулж байгаа сургуульдаа өөрийн чадахаараа тусалж, хамтран ажиллах болно.
Манай сургууль сайн төгсөгчид бэлтгээд зогсохгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд улсын сургуулиудын менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлдэг. Үүнтэй адил төгсөгчид маань ч дүү нарынхаа ирээдүйн боловсролд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байна. Багш хүний хувьд ийм зүйл харж, мэдрэх нь хамгийн том баяр юм.
““Шинэ Монгол 3” сургуулийг барих гэж буй эдгээр төгсөгчдөө би олимпиадад бэлдэж явлаа. Нийгмийн идэвх сайтай, анги хамт олны үйл ажиллагаанд манлайлж оролцдог хүүхдүүд байсан. Шавь нараараа үнэхээр их бахархаж байна” гэсэн юм.
Сургуультай хотхон төслөөрөө дамжуулан Монгол Улс, Улаанбаатар хотод жишиг “community” үүсэх боломжтой
“Шинэ Монгол” бага сургуулийн зөвлөх Галбадрахын Суурь: Миний хувьд “Шинэ Монгол 3” сургуулийн төслийн хүрээнд “Шинэ Монгол” чанарыг нутагшуулах үүргийг чиглүүлэн гүйцэтгэхэд хувь нэмэр оруулахыг хүсэж байгаа. Би Японд боловсрол судлалын доктор зэрэг хамгаалсан боловсрол судлаач мэргэжилтэй хүнээс гадна өөрөө “Шинэ Монгол” сургуулийг төгсөж, энэ сургуулийн бүх түвшинд ажиллаж, туршлага хуримтлуулсан. Тиймээс “Шинэ Монгол 3” сургуулиараа дамжуулан бидний уриа болох Дэлхийд үнэлэгдэх чадвартай монгол иргэдийг бэлтгэх болно.
Сургуультай хотхон төслийн гол давуу тал нь сургуульд суурилсан сайн орон нутгийн хамтын хүрээлэл /community/ үүсгэх боломж бүрдэнэ. Сургууль дангаараа хүүхдэд сайн боловсрол, хүмүүжил олгоно гэдэг нь хязгаарлагдмал. Хүүхэд сургуульд суурилан эцэг эх, community өөрөө сайн хөгжиж, боловсорч байдаг. Өөрөөр хэлбэл, эцэг эхийн нөлөөлөл, хүч, тухайн хүрээллийн оршин суугчид, оролцогч талуудын сайн харилцаа хандлага нь сургуулийн үйл ажиллагааг амжилттай болгодог гэсэн үг.
Хоёрт, амьдардаг хотхон, хорооллынх нь хажууд цэцэрлэг, сургууль нь байснаар хүүхдүүд түгжрэлд түжигдэхгүй байх том давуу талтай. Залуу эцэг эхчүүдийн хувьд өөрсдөө ажилдаа явахдаа олон цаг бөглөрч, түгжрээд л очдог. Хүүхдээ бөглөрөөн дунд өглөөнөөс орой хүртэл зөөнө гэдэг том асуудал. Ялангуяа өсч яваа хүүхдийнхээ ихэнх цагийг түгжрээнд өнгөрүүлнэ гэдэг тун харамсалтай. Тэгэхээр сургуультай хотхон байгуулснаар хүүхэд, эцэг эх түгжрэл гэдэг ядаргаанаас ангижарч, хүүхдийг хөгжүүлэх цаг хангалттай гарна. Хүүхдийн амрах, унтах, тоглох цаг бол хичээл хийхтэй тэнцэхүйц чухал цаг байдаг.
Түүнчлэн, сургууль өөрөө чухал community-г үүсгэж байдаг. Эцэг эх, гэр бүлийн соёлд нь хүүхдүүдээр дамжуулж эерэг нөлөөллийг бий болгож байдаг. Жишээ нь, хүүхдүүдээрээ дамжуулан хотхоноороо хогоо ялгаж ангилахад суралцаж болно. Сургууль хүүхдүүдэд хог ангиллын талаар мэдлэг мэдээлэл, дадал олгосноор хүүхдүүд маань гэртээ очиж хогоо ангилж хаяхыг эцэг эхдээ шаардаад эхэлдэг. Ер нь эцэг эхийг хамгийн их өөрчилдөг хүмүүс бол хүүхдүүд. Миний хувьд Японд гэр бүлээрээ амьдарч байхад манай хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг хогоо ангилан ялгах, хүмүүс хоорондын харилцаа буюу community-д татан оруулахад маш том үүрэг гүйцэтгэж байсан. Үүнийг “Шинэ Монгол” сургуулийн нэгдүгээр салбар дээр хэрэгжүүлэхийг хичээж байгаа ч яг үнэндээ тархай бутархай хол ойр газраас машин, автобусаар, явган ирж буй хүүхдүүдийг сургууль зангидахад бэрхшээл тулгарч байгаа. Харин “Шинэ монгол 3” сургуулийн хувьд суралцагчдынхаа 70 хувийг хотхоны оршин суугчдаасаа бүрдүүлэх учраас сургууль нь хүүхдийг хүмүүжүүлж, хүүхэд нь эргээд эцэг эхдээ нөлөөлөх тул оролцогч бүр нь хариуцлагатай байх community бүрэлдэх бүрэн боломж бий. Өөрөөр хэлбэл, сургуультай хотхоноороо дамжуулан Монгол Улс, Улаанбаатар хотод жишиг community үүсэх боломжтой юм.
Мөн сургууль, хотхон, эцэг эх, хүүхдүүдийн хамтын хүрээлэл бий болсноор хөршийн, найз нөхөрлөлийн харилцаа улам батжина. Заримдаа эцэг, эхчүүд нь ажлаасаа оройтох үед хүүхдийг аюулгүй тайван байлгах хөршүүдтэй болно, хүүхдүүд нь хоорондоо нөхөрлөж байнга орж гардаг болцгооно. Сайн хөрш, сайн найзын харилцаа нь эргээд хүүхдийн нийгэмшлийн чадварт эергээр нөлөөлдөг. Нийгэмшлийн чадвар хүүхдэд тоглоом, сургууль, найз нөхдөөр дамжиж олгогдож байдаг.
“Шинэ Монгол 3” сургуулийн элсэгчдийн 70 хувь нь хотхоны оршин суугчид байна
Төслийн багийнхны баримтлах гол зарчим бол сургуулийн үйл ажиллагаа, менежментийг “Шинэ Монгол” сургууль өөрөө авч явна. Харин “Шинэ Монгол 3” сургуулийн элсэгчдийн 70 хувийг нь оршин суугчдаас авах шаардлагыг тавих юм байна. Учир нь хүүхдүүд өөрийн амьдардаг, оршин суудаг газартаа ойр, эрүүл аюулгүй орчинд суралцах үндсэн зорилготойгоо нийцүүлж буй хэрэг. Ингэснээр эцэг эхчүүд өглөө, орой хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх, авах асуудал шийдэгдэж, цаашлаад түгжрэлийн асуудлыг бага ч болов бууруулахыг зорьж байгаа аж. Түүнчлэн, сайн сургууль хааш, хаашаа 1 км-ийн бүсээс суралцагчаа авдаг жишиг америк, япон зэрэг оронд бий. Энэ жишгийг монголдоо нутагшуулж, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэхэд чиглэжээ. Мөн орчин үеийн хүүхэд багачуудын дунд “хамар хашааны нөхөрлөл”-ийг бий болгох, гадаах орчиндоо чөлөөтэй тоглож наадах нөхцөлийг хотхондоо бүрдүүлэх аж.
Төлөвлөгөөгөөр, 2025 оны есдүгээр сарын 1-нд спорт заалтай, 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн үндсэн барилга, 2025 оны арванхоёрдугаар сард 4 блок орон сууцны хорооллыг барьж ашиглалтад оруулна. Харин 2026 оны есдүгээр сар гэхэд 800 хүүхдийн багтаамжтай сургуулийн өргөтгөл, багш, ажилчдын байр болон үлдсэн найман орон сууцны блокийг ашиглалтад оруулах хуваарьтай юм.
Сургуультай хотхон төслийн барилга угсралтын гүйцэтгэгчээр салбартаа тэргүүлэгч “Дельта констракшн” ХХК, зураг төслийн гүйцэтгэгчээр “Интеллект тауэр” ХХК ажиллахаар болсон байна.
Өнөөдөр манай хотын төв хамгийн үнэтэй, тансаг хороолол, барилгаар дүүрсэн. Харамсалтай нь хамгийн үнэтэй газарт орон сууц бариад сургууль, цэцэрлэгийг нь мартчихсан. Тэгвэл үүний эсрэг үйлдэл хийж, сайн боловсролыг түгээх цэцэрлэг, сургуультай нь хамт хотхон барьж байгуулж болдгийг харуулсан үлгэр жишээ төслийг “Шинэ Монгол”-ын төгсөгчид эхлүүллээ.