Спорт | 8 мин уншина

А.Хүслэн: Тамирчны замналыг сонгоогүй бол би автын инженер болох байсан

А.Хүслэн: Тамирчны замналыг сонгоогүй бол би автын инженер болох байсан
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 2
-Хоёр настайдаа цана углаж, есөн настайдаа дугуйн дээр мордсон А.Хүслэн-
Хоёр настайдаа та юу хийж байсан бэ. Магадгүй хоёр настайдаа юу хийж байснаа санах хүн бараг ховор биз. Зарим нь бүдэг бадаг санаж байж мэдэх юм. Би хувьдаа хоёр настайдаа юу хийж байснаа огт санадаггүй. Яслид явахаас хэтрэхгүй байсан биз. Тэгвэл өнөөдөр миний цөөн хором ярилцсан тамирчин хоёр настайдаа цана углаж, есөн настайдаа дугуйн спортоор хичээллэж байсан нэгэн. Түүнийг А.Хүслэн гэдэг. Олон улсын хэмжээний мастер цолтой. Өдгөө 17 настай тэрбээр өвлийн олимпод эх орноо төлөөлөн хоёр удаа оролцсон Монголын шилдэг эмэгтэй цаначдын нэг олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэнгийн хүү юм. Спортын гэр бүлд өссөн болоод ч тэр үү дөнгөж мэдээ орсон цагаасаа л спорттой холбогдож, мэргэжлийн тамирчин болохоор 17 дахь жилдээ зүтгэж явна. Багаасаа л даруухан, дуу цөөтэй байсан А.Хүслэн “Би ер нь хэтэрхий даруухан зангаасаа болоод дотогшоо зантай болчихож. Хүмүүстэй ярилцаж суух нь цөөвтөр. Харин одоо эангаа хаяхаар хичээж байна. Аль болох нээлттэй байхыг эрмэлзэх болсон” хэмээн ярих нь түүнийг ясны хүмүүжилтэйг илтгэнэ. Хэтэрхий даруу хүн амжилт гаргахад сэтгэл хөдлөлөө хэрхэн гаргадаг бол гэх бодол өөрийн эрхгүй төрсөн. Тэр энэ асуултад хэрхэн хариулсныг ярилцлагаас сонирхоорой.
Монголд жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага гэсэн топ дөрвөн спортын төрөл бий. Бусдыгаа бодвол дээрх дөрвөн төрөл нь тив, дэлхий, олон улсын тэмцээнд амжилт гаргах нь элбэг. Тэр хэрээр төр, засгаас ч багагүй хишиг хүртэнэ. Харин бусад төрөл нь алданги, ононги. Тэгвэл дугуйт цана буюу роликийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олон улсын хэмжээний мастер А.Хүслэн алтан медаль хүртсэн учраас бид түүнийг онцолж ярилцахыг хүссэн юм. Түүний хувьд ч хүсэлтийг уриалгахан хүлээж авлаа. Ролик бол гүйлтийн цанын зуны хувилбар гэсэн үг. Энэ төрлөөр манай улсаас ДАШТ бүү хэл тивийн тэмцээнээс медаль авсан тохиолдол үгүй. Европчууд шоконд орж, тайлбарлагч нь “Монголын тамирчин энэ удаагийн ДАШТ-ий хамгийн том гэнэтийн бэлэг байлаа” хэмээн ярьсан байдаг. Тэр ч бүү хэл Монголын багийн далбааг огт бэлдээгүй байж. Учир нь, шагналын тавцанд зогсоно гэж тооцоолоогүй хэрэг. Харин А.Хүслэн өөрийгөө шөвгийн наймд шалгарч чадвал амжилттай оролцлоо гэж дүгнэхээр тооцолж байжээ. Тэгвэл тэр 200 метрийн спринт уралдаанд хамгийн хурдан хүн байж чадлаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргыг, өсөж яваа шилдэг залуу швед тамирчныг, дэлхийн чансааны тэргүүлэгчийг ардаа үлдээсэн гээд ярьвал сонин их. Ингээд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, “Алдар” спорт хороо, “Мон-Алтиус” дээд сургуулийн тамирчин А.Хүслэнгийн ярилцлагыг хүргэе.  
undefined
-Эх орондоо тавтай морил. Гэрээсээ гараад 45 хоногийн дараа ирлээ. Ингэхдээ ДАШТ-ий алтан медаль хүзүүндээ зүүгээд ирлээ шүү дээ. Баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Маш их баярлалаа. Гэртээ ирэх үнэхээр сайхан байна. Тамирчин хүн тэмцээн уралдаандаа оролцоод, зорилгоо сэтгэл дүүрэн биелүүлээд ирэх сайхан байдаг шүү дээ. Яг л тийм байлаа. Энэ удаа бүр онцгой байсан. Роликийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. “Чингис хаан” нисэх онгоцны буудалд буусан чинь маш олон хүн угтаж авлаа. Би 2024 оноос Батлах хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хороогоор овоглох болсон. Манайхан хорооны дэд дарга Гомбожав, цанын дасгалжуулагч Хаш-Эрдэнэ, үлээвэр хөгжимтэй тосож авахад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Олимп, дэлхийн медальтнуудын мэдэрдэг тэр гоё мэдрэмжийг биеэрээ мэдэрсэн шүү.
-Тэгж угтана гэдэг төсөөлж байв уу?
-Ёстой үгүй. Гэрийнхэн маань л ирэх болов уу гэсэн бодолтой явсан. Засмал замын дугуйн ДАШТ дууссаны дараа гэррүүгээ их яарсан. Гэтэл онгоцны буудал дээр “Алдар”-ын хамт олон, цанын шигшээ багийнхан, гэр бүлийнхэн минь, найзууд маань миний зурагтай самбар бариад зогсож байлаа. Тэр үед өөрийн эрхгүй нулимс гарсан. Мөн хоёр эмээ минь мөнгөн аягатай сүү, хадаг бариад зогсож байсныг хараад сэтгэл их хөдөлсөн. Хамгийн гоё мэдрэмж тэр л юм билээ.
-Тэмцээний сонин сайхнаас хуваалцах уу. Бидний мэдсэн, мэдээгүй олон зүйл байгаа биз?
-Роликийн ДАШТ Итали улсад 200 метрийн спринт, тэшилтийн 13 км, сонгодог 10 км гэсэн гурван төрлөөр болж өндөрлөлөө. Цаг агаарын хувьд цастай, бороотой, ширүүн салхитай хүнд нөхцөлд тэмцээн маань болсон. Спринтэд 17 орны 36 тамирчин өрсөлдөж, шилдэг 16 нь шигшээ уралдаанд шалгарсан. Миний хувьд шилдэг 16-д эхлээд Германтай, наймд өнгөрсөн жил дэлхийн аварга болсон Италийн тамирчинтай, дөрөвт цагийн үзүүлэлтээр бусдыгаа тэргүүлж, шигшээд шалгарсан итали залуутай, финалд Шведийг ялснаар алтан медалийн эзэн боллоо. Финалын уралдаан тун сонирхолтой болж, барианд бараг зэрэгцэж орсон. Ингээд удаашруулалт харахад би түрүүлсэн байлаа.
-Хагас шигшээд шалгарч, медалийн болзол хангасан тэр мөчид юу бодов. Хэр догдолсон бэ?
-Монголоос явахдаа л шөвгийн найм, үсрээд дөрөвт үлдэнэ гэсэн тооцоололтой байлаа. Хэрвээ энэ амжилтаа үзүүлж чадвал “Би сайн уралдлаа” гэдэг дүн өөртөө тавина гэж бодсон. 36 тамирчнаас шилдэг 16-г шалгаруулахад би дөрөвдүгээр байраар эрэмбэлэгдсэн. Эндээс л өөрийгөө медаль авах бүрэн боломжтой юм байна гэж бодсон. Гэтэл финалд шалгардаг юм байна. Яг үнэндээ өөртөө итгээгүй. Цээжнээс нэг юм дээшээ огшоод л явчихсан. Сэтгэл хөдлөлөө гаргая гэж бодсон ч тайвшрах ёстойг сануулсан. Манайхан ч гүйлдээд л бөөн баяр. Харин багш “Нэгэнт финалдсан юм чинь алтан медалийг нь авъя. Хөөрлөө дараад тайвшир” гэж хэлсэн. Яг л тэр үгээр нь өөрийгөө нэлээд дарсан. Финалын уралдаанд ямар ч сэтгэл хөдлөлгүй, маш тайван гарч ирсэн шүү. Тэр нь үр дүнгээ өгсөн.
-Тив, дэлхийн аварга, олимпын наадамд төрийнхөө далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх нь тамирчин хүн бүрийн мөрөөдөл шүү дээ. Тэр боломжийг та өөртөө бий болголоо. Шагналын тавцанд зогсож байх мөчид юу бодогдож байв. Үүнийг асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Маш их огшсон. Нулимс өөрийн эрхгүй гардаг юм билээ. Яг барианд орох мөчид юу ч анзаарах сөхөөгүй байсан. Манай хэд төрийн далбаагаа бариад л орилолдоод гүйгээд ирсэн. Тэр үед нулимс гарах шахсан. Итгэхэд бэрх байлаа шүү. Алт авна гэж бодоогүй учраас маш их баярласан.
-Маш ойрхон хугацаатайгаар хоёр том тэмцээнд оролцлоо шүү дээ. Дугуйн дээр санасан амжилтаа үзүүлж чадав уу. Их ядарсан болов уу?
-Хоёр тэмцээн 10 хоногийн зайтай байсан. Эхний тэмцээн есдүгээр сарын 15-нд дуусангуут би орой нь автобусаар дараагийн тэмцээн рүү гарсан. 14 цагийн турш автобусаар яваад хүрэх ёстой газраа очлоо. Эхний уралдаан есдүгээр сарын 23-нд болох хуваарьтай. Цуваа гараатай 25 км-ын зайд 53 дугаар байр эзэлсэн. Боломжийн үзүүлэлттэй гэж хувьдаа дүгнэж байна. Дараа нь бөөн гараатай 127 км зайд уралдсан. Бороотой, замын халтиргаа ихтэй үнэхээр хүнд уралдаан байлаа. Нэлээд өгсүүр, бас уруу ихтэй. Огцом эргэлтүүдтэй. Цаг агаар ч тийм таатай байгаагүй. Энэ уралдаанд би харамсалтай нь замаа дуусгаж чадаагүй.
-Цанын тамирчин дугуйн спорттой яаж яваад холбогдов. Сүүлийн хэдэн жил дугуйгаар нэлээд эрчимтэй хичээллэж, тэмцээнд оролцлоо шүү дээ?
-Яг тамирчны замнал бол дугуйгаар эхэлсэн юм. Есөн настай байхдаа Батсүх багшаар заалгаж, тэмцээнд оролцсон. Харин 10 настайгаасаа роликоор явж эхэллээ. Монголынхоо тэмцээнд уралддаг байж байгаад сүүлийн таван жилд ээжийнхээ заавраар эрчимтэй бэлтгэл хийж байна. Үүнээс сүүлийн гурван жилд нь Батцэнгэл багшийн удирдлагад бэлтгэлд хамрагдах болсон доо.
undefined
-Өөртөө хэр шаардлага тавьж, шахдаг вэ?
-Ер нь гайгүй шүү. Яг тамирчны хувиар өөртөө өндөр шаардлага тавьдаг. Энэ нь тамирчин ээжтэйгийн онцлог, давуу тал юм болов уу. Миний ээж цанын спортоор олон жил хичээллэж, өвлийн олимпын наадамд хоёр ч удаа эх орноо төлөөлж оролцсон хүн. Монголын шилдэг эмэгтэй цаначдын нэг. Өөрөө тамирчин байсан хүн, тамирчны зовлонг маш сайн ойлгодог учраас  бүх талаар дэм болдог. Сайн дасгалжуулагч, сайн зөвлөгч, сайн найз, сайн ээж байж чаддаг. Өнөөдрийн намайг бий болгосон ээждээ баярлалаа, хайртай шүү гэж хэлье дээ.
-Дараагийн тэмцээн уралдаан хэзээ эхлэх вэ?
-2024 оны хувьд төлөвлөсөн хуваарьт тэмцээнүүддээ оролцоод дууслаа. Одоо ирэх оны нэгдүгээр сараас эхлэн олон тэмцээн хүлээж байна. Удахгүй эрчимтэй бэлтгэлдээ орно доо. Оюутан, залуучуудын ДАШТ, гүйлтийн цанын ДАШТ, Азийн өвлийн наадам, Армийн ДАШТ гэх мэт тэмцээнд оролцохоор төлөвлөсөн.
-Гүйлтийн цанаар ч тэр, дугуйгаар ч тэр өсөх ирээдүйтэй, шилдэг тамирчины тоонд багтаж байна. Карьераа бодоод аль нэгийг нь сонго гэвэл яах вэ?
-Яг ийм сонголт хийхийг санал болгож байгаа ганц, хоёр хүн бий. Харин би нэгийг нь сонгохгүй. Хоёулангаар нь хичээллэж, амжилт үзүүлэхийн төлөө хичээх болно. Сонголт хийх шаардлагагүй гэж бодож байна. Өвөл цас ороход дугуйчид бэлтгэлээ завсарладаг. Харин тэр үед нь би гүйлтийн цанын бэлтгэлдээ гол анхаарлаа хандуулж байна. Зун болонгуут цанаа хурааж ролик, дугуйны бэлтгэлээ хийдэг. Тэгэхээр жилийн дөрвөн улирлын турш формтой байх боломжийг энэ спорт маань надад олгодог гэсэн үг.
-Ингэхэд танд энэ хоёр спортыг хэн санал болгосон юм бэ. Цанаар хичээллэхэд ээжийн нөлөө онцгой үүрэг гүйцэтгэсэн байх. Харин дугуй?
-Миний л сонголт. Багаасаа өөр спорт сонирхож байгаагүй. Дугуйнд би дуртай. Цанын спортод ээжийгээ харж, дагаж явсаар дуртай болсон. Ээжийнхээ гүйцээж чадаагүйг гүйцээх зорилготой. Хажуугаар нь кроссфитээр хичээллэж байна. Дуртай учраас больж чаддаггүй юм. Хэдийгээр ээж тамирчин ч намайг яг энэ төрлийг сонго гэж шахаагүй. Нэг л мэдэхэд энэ хоёр спорт миний амьдралын салшгүй хэсэг болсон байна. Одоо бол хаана хүрч чадахаа үзэхийн төлөө зорино. Ер нь манай дүү нар ч багаасаа цана углаад л явж ирсэн. Хамгийн бага дүү маань ой хүрээгүй байхдаа цана углаад хөлөө зөөгөөд явдаг байлаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхэнд ээжийн нөлөө яалт ч үгүй байгаа биз.
-Сүүлийн үед сэтгэл зүй, хоол зүйн асуудлаар тамирчид болон спортын зүтгэлтнүүд, мэргэжлийн хүмүүс их ярих болжээ. Та үүнийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Миний сэтгэлзүйч бол ээж шүү дээ. Ээжээс л зөвлөгөө авдаг. Тэгээд өөрийнхөө сэтгэл зүйг хянаад явчихдаг. Биеэ даагаад тэмцээн уралдаанд яваад эхлэхээр өөртэйгээ ажиллах шаардлага гарна. Эндээс л сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх ажил эхэлж байгаа юм. Харин хоол зүйн тал дээр Баярцэнгэл багш бүх талын зөвлөгөө өгч, хянадаг. Ер нь ганцаараа тэмцээн уралдаанд явах амар байдаг юм. Хэн нэгэнд найдахгүй. Бүх тал дээр өөрийгөө л авч явна. Сурчихсан учраас хэцүү зүйл огт байдаггүй.
-Тамирчин болоогүй бол... Нэг ийм бодол танд хааяа бодогдоно биз?
-Энэ талаар нэг их боддоггүй юм. Тийм зав ч ховор. Гэхдээ автын инженер болох сонирхолтой байсан. Магадгүй энэ сонирхлоо дагах байсан биз.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн хормыг танд үлдээе?
-Маш их баярлалаа. Энэ хугацаанд намайг үргэлж дэмжиж, миний найдвартай ар тал байж чаддаг аав, ээж хоёртоо маш баярлалаа. Миний хамгийн том ивээн тэтгэгч бол аав шүү дээ. Надад бүхнээ зориулдаг гэр бүлийнхэндээ хайртай шүү. Мөн Батлах хамгаалахын “Алдар” спорт хороо, Биеийн тамир, спортын улсын хороо, Үндэсний шигшээ багийн алба, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид улам их хичээж, амжилтаар та бүхнийхээ ачийг хариулах болно оо.
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн