Эдийн засаг | 2 мин уншина

Цахилгааны үнийг 30 хувиар, дулааны үнийг 50 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ

Цахилгааны үнийг 30 хувиар, дулааны үнийг 50 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 12
Эрчим хүчний үнэ тариф бодит өртөгтөө хүрээгүйгээс үүдэн эрчим хүчний салбар алдагдал хүлээж, эрсдэлтэй ажиллаж байгаа талаар албаныхан байнга мэдээлж байгаа. Тиймээс 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ээс эрчим хүчний үнийг нэмэхээр болсныг Засгийн газраас мэдээлсэн. Тэгвэл арваннэгдүгээр сарын 1-ээс айл өрхийн цахилгааны төлбөрийг 30 хувиар, дулааны төлбөрийг 50 хувиар нэмэхээр тооцоолж байгааг эх сурвалж мэдээллээ.
Айл өрхийн хэрэглээнд 1кВт.ц цахилгаан эрчим хүчийг 140 төгрөгөөр нийлүүлдэг. Тэгвэл энэ үнийг ойролцоогоор 30 хувиар нэмж, 180 төгрөг байхаар ярилцаж байгаа аж.
Эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг 2024 оны эхний хагас жилийн байдлаар 256 төгрөгт хүрээд байгаа юм. Өөрөөр хэлбэл эрчим хүчний салбар 256 төгрөгийн өртгөөр бүтсэн бүтээгдэхүүнээ иргэдэд 140 төгрөгөөр нийлүүлдэг гэсэн үг. Ингэж алдагдалтай ажилладаг учраас Эрчим хүчний салбарын алдагдал 357 тэрбумд хүрээд буй. Нөгөө талд цахилгааны үнийн өсөлт иргэдэд дарамт болох ч Эрчим хүчний салбарын алдагдал жил ирэх тусам нэмэгдэж, их наяд төгрөгөөр хэмжигдэх хэмжээнд хүрч байна.
Эрчим хүчний үнэ нэмэгдэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг. Аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан эрчим хүчний үнэ 28 хувь өсөхөд ерөнхий үнийн түвшин 0.7 хувиар өсөх тооцооллыг Монголбанкнаас гаргасан байдаг.
undefined
Цахилгааны үнийг нэмснээр эдийн засагт ямар өөрчлөлт гарах талаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очироос тодрууллаа.
Тэрээр “Айл өрхийн цахилгааны үнэ 30 хувиар, дулааны үнэ 50 хувиар өсөхөд инфляцад дор хаяж 0.8 нэгж хувийн дарамтыг бий болгоно. Гэвч том зургаар харвал эрчим хүчний үнийг нэмэх нь буруу биш. Эрчим хүчний хараат бус байдлын талаар яриад л байдаг. Энэ салбарын зах зээлийн механизм ажиллахгүй байгаагийн шалтгаан нь эрчим хүчний үнийг хүчээр бариад байгаатай холбоотой” гэв.
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн