Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан дэд хороог УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд ахалж буй. Тэрээр өнгөрсөн сард Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахдаа эрчим хүчний үнэ тарифт шинэчлэл хийнэ гэдгийг мэдэгдсэн.
Эрчим хүчний салбар 2022 оноос хойш алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний алдагдлыг бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг нэмэхээр болсон юм.
Цахилгаан, дулааны төлбөр хэдэн төгрөгөөр нэмэгдэх талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад, Засгийн газрын дэд хорооны ахлагч эрчим хүчний үнийг арваннэгдүээр сарын 1-нээс нэмэх талаар мэдээлсэн. Харин хэдэн төгрөгөөр нэмэх нь одоогоор тодорхой болоогүй байна. Ямартай ч арваннэгдүээр сарын 1-нээс тариф өөрчлөгдөнө гэлээ.
Эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг 2024 оны эхний хагас жилийн байдлаар 256 төгрөгт хүрээд байгаа юм. Цахилгаан, дулааны үнэ тарифыг бодит өртөгт хүргэж, цаашид салбар алдагдалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр цахилгаан, дулааны хэрэглээний үнэ тарифт өөрчлөлт оруулах бодит шаардлагатай тулгарсан талаар албаныхан хэлж буй.