Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалаас шахмал түлш агаарын чанарт хэрхэн нөлөөлж байгаа талаар тодрууллаа.
-Нийслэлийн агаарын бохирдол ер нь хэр байна вэ. Сайжирч байна уу?
-2018 онд Засгийн газрын 62 дугаар тогтоолыг баталсан. Тус тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлээд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд орсон айл өрх ААН-үүд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Ингээд 2019 оны намраас эхлээд гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан түлшийг ахуйн хэрэглээндээ хэрэглэж эхлээд, одоо тав дахь өвөлдөө хэрэглэх гэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 18 суурин станц агаарын чанарын үзүүлэлтийг 24 цагийн турш тасралтгүй хэмжиж байдаг. Энэхүү суурин станцуудын хэмжилтийн дүнд түүхий нүүрс хэрэглэж байсан үеийн агаарын чанарын дундаж үзүүлэлтийг шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойших үзүүлэлтэй харьцуулахад агаар бохирдуулагч бодис болох тоос, тоосонцрын агууламжууд түүхий нүүрс хэрэглэж байсан үетэй харьцуулахад 50 хүртэлх хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.
-Агаарын чанарын мэдээлэл зарим үед зөрөх, алдаатай гарч болох уу?
-Хэмжилтийн мэдээлэл буруу байх, зөрөх боломжгүй. Бүх суурин станцуудын датаг нэгдсэн системд хадгалаад, түүнийг нь зориулалтын программаар дундажлаад гаргадаг. Энэхүү мэдээ мэдээлэл УЦУОШГ-ын албан ёсны вэбсайтад байнга ордог. Үүнийг хүн болгон ороод үзэх боломжтой. Мөн дээрээс нь агаар.мн болон “агаар” аппликейшнээр өөрийнхөө ойр орчимд агаарын бохирдол хэр байгаа талаар мэдээллийг тухай бүрд нь авах бүрэн боломжтой.
-Улаанбаатар хотын агаарыг бохирдоход нөлөөлөөд байгаа гол зүйл нь юу юм бэ?
-Улаанбаатар хотын агаарыг угаарын хий, азотын давхар эсэл, хүхрийн давхар эсэл, PM10, PM2.5 хэмжээтэй тоосонцор гэсэн зургаан голлох бохирдуулдаг. Үүнээс хамгийн их бохирдуулж байгаа нь тоос тоосонцор. Ялангуяа PM10, PM2.5 хэмжээтэй тоосонцрууд Улаанбаатар хотын хэмжээнд бидний үзэгдэх орчныг хязгаарлаад байгаа голлох бохирдуулагч гэдэг судалгааг олон улсын болон монголын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага гаргасан. Яндангаас гарсан утаа тодорхой хугацааны дараа агаарын солилцоогоор, салхиар туугдаж сарниж алга болох байх ёстой. Гэтэл Улаанбаатар хот уулсаар хүрээлэгдсэн хотгор газар байдаг. Мөн дээрээс нь Дэлхийн хамгийн хүйтэн Нийслэл. Зарим өдрүүдэд утааны хийн сарнилтын хугацаа удаашрах байдал ажиглагддаг учир түүнийг агаарын бохирдол ихэссэн байна гэж ойлгож болохгүй. Жилийн 365 хоногийн 1 өдөр нь утаа ихтэй байсныг нь өнгөрсөн жилтэй харьцуулах, дүгнэх нь өрөөсгөл ойлголт.
-Шахмал түлшийг нөөцлөх ажил хэр явж байгаа вэ. Нэг өвөлд ямар хэмжээний түлш нөөцөлдөг вэ?
-Нийслэлээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, борлуулалт, нөөцлөлтийг үйл ажиллагааг хянадаг. Жил бүр 100000 орчим тонн сайжруулсан түлшийг Тавантолгой түлш ХХК үйлдвэрлэдэг. Өнгөрсөн зургаадугаар сараас Тавантолгой түлш компани үйл ажиллагаагаа зогсоож, урсгал засваруудаа хийж эхэлсэн. Сая наймдугаар сараас эхлээд зарим шугам нь ажиллаж эхэлсэн. Одоогоор 51000 орчим тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Цаашдаа үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлээд явахаар есдүгээр сарын 15 гэхэд нийт 100000 тонн түлш нөөцлөх болно.
Арванхоёр, нэг, хоёрдугаар сард айл өрхийн түлшний хэрэглээ нэмэгдэж, оргил ачаалалдаа хүрдэг. Тухайн саруудад Улаанбаатар хотын нийт айлын нэг өдөр хэрэглэсэн түлшний хэмжээ 3000 орчим тонн болдог. Тавантолгой түлш компанийн чанарын хэлтэс үйлдвэрээс гарч байгаа түлш чанар стандарт, үйлдвэрийн технологийн горимоо барьж байна уу, үгүй юү гэдгийг тогтоож хяналт тавьдаг. Манай байгууллагын хяналт, шалгалтын хэлтэс ч тодорхой давтамжаар Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлшний түүхий эд болох мидлинг, барьцалдуулагчаас тогтмол дээж авч дүгнэлт хийдэг.
-Шаталтын явцад хүхэрлэг хийн 70 орчим хувь нь агаарт дэгдэж байгаа талаар химийн технологийн салбарынхан ярьдаг. Энэ нь агаарын бохирдолд нөлөөлж байна уу?
-Агаарыг бохирдуулагч голлох бодис болох хүхэрлэг хий, азотын давхар исэл, угаарын хий зэрэг нь хүний нүдэнд харагддаггүй. Бидний өвлийн улиралд хардаг сааралтсан, үзэгдэх орчныг хязгааралдаг зүйл бол түлшний шаталт болон автомашины яндангаас гарч байгаа тортог, тоосонцрууд. Түлш болон түүхий нүүрсэнд тодорхой хэмжээний чийгийг агуулагддаг. Чийг нь шаталтын явцад уур болоод агаарт дэгдэхдээ тоос тоосонцортой нийлээд үзэгдэх орчныг хязгаарладаг гэсэн үг. Түлшинд агуулагдвал зохих хүхрийн агууламжийг стандартаар заагаад өгчихсөн байдаг. Тухайн түлшинд агуулагдаж байгаа хүхрийн агууламж нэг хувиас хэтрэхгүй байна гээд 2022 онд батлагдсан үндэсний стандартад тодорхой заасан байдаг. Хүхэрлэг ч дотроо олон янз байдаг. Зарим нь үнсэндээ үлддэг, зарим нь агаарт дэгддэг. 2019 баталсан түлшний технологийн стандартыг 2022 онд илүү нарийвчилж, дахин баталсан. Түрүүн хэлсэнчлэн Агаарын бохирдол өссөн, буурсан эсэхийг нэг өдрийнхөөр дүгнэж болохгүй. Жишээ нь цас орсон өдөр агаарын бохирдлын хэмжээ маш цэвэрхэн байдаг. Түүнийг нь агаарын бохирдолгүй болчихлоо гэж ярьдаггүй шүү дээ.
Байгаль, цаг уур, газар нутгийн онцлогоос хамаарсан агаарын бохирдол, агаарт гарсан утаа замхрах процесс нэлээд удааширч, тодорхой хэмжээний хуримтлал үүсэх нөхцөл байдал үүсдэг. Энд хүний хүчин зүйлээс огт хамааралгүй зүйл. Ямар нэгэн шаталтаас гарч байгаа халуун агаар арц, хүж, тамхины утаа ер нь бүгд л дээшээ хөөрөөд агаарч замхарч байдаг. Гэтэл Улаанбаатар хотод хүйтэн агаар тогтсоноороо агаарын сарнилтын хөдөлгөөнийг удаашруулах нөхцөл үүсдэг. Тэгэхээр ер нь гарсан утаа сарниж алга болох байтал өвлийн хүйтэн агаараас болоод удаашраад байна гэж ойлгож болно.
-Өнгөрсөн өвөл маш олон хүн угаартаж нас барсан. Тэд үнэхээр шахмал түлшнээс болж угаартаад байна уу?
-Угаарын хийг хараад, үнэрлээд мэдэх боломжгүй. Мод, цаас арц хүж гээд уугьж буюу дутуу шатаж байгаа бүх л зүйлээс угаарын хий ялгарч байдаг. Түүхий нүүрс, сайжруулсан түлш бүгд шаталтын процесс муу явагдах нөхцөлд агаарын хий ялгарна. Сайжруулсан түлшнээс илүү их угаар гараад байгаа юм шиг хүмүүс буруу ойлгоод байдаг. Галт түлж байгаа зуухны битүүмжлэл, ханан пийшингийн бүтэн байдал маш чухал. Битүүмжлэл сайтай, стандартын шаардлага хангасан зуухыг технологийн дагуу суурилуулсан тохиолдолд ямар нэгэн байдлаар угаарын хийгээс өөрийгөө хамгаалж байна гэсэн үг.
2012-2017 онд хугацаанд гадаадын болон дотоодын төсөл арга хэмжээний хүрээнд \мянганы сорилтын сан, цэвэр агаар сан\ Улаанбаатар хотод 175000 орчим стандартын шаардлага хангасан зуухыг нийлүүлсэн. Манай байгууллага дөрвөн удаа агаар бохирдуулах эх үүсвэрийн бүртгэл тооллогыг хийхэд Улаанбаатар хотод тараасан 1750000 зуухын 50 хүрэхгүй хувийг айл өрхүүд хэрэглэж байна гэх дүн мэдээ гарсан. Үлдсэн хувь нь стандартын шаардлага хангаагүй, технологийн бус зуух хэрэглэж байгаа. Ахуйн хэрэглээний зуухны стандартыг 2016 онд батлагдсан шүү дээ. Түүнд зуухны бүтэц, хийц, материал шаталтын горим, дулаан барилтын хугацаа гарч байгаа утаа гэх зэргийг бүгдийг заасан байдаг. Адил хэмжээтэй нүүрс хэрэглэж байхад ямар зууханд гал түлснээс шалтгаалж гарч байгаа утаа нь өөр байдаг учраас айл өрхүүд аль болох стандартын шаардлага хангасан зуух хэрэглэмээр байна.